Ө.Энхтүвшин: Ирэх сарын 15 гэхэд албан хаагчдадаа орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдварт цар тахлын үед галын шугаманд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр Монгол банкинд байгаа. Түүнийг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулж, барилгын компаниудаас худалдан авалт хийх эрхийг нээх вэ гэдэг талаар Сангийн яам, НОСК, Монгол банк, Төрийн банкны төлөөллүүд санал хэлж, дахин нэгтгэн танилцуулахаар болов.

Барилга хот байгуулалтын яамнаас өгч буй мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80–аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээл дээр байгаа аж. Хөтөлбөрт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай 1300-1500 албан хаагчийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнд нийлүүлэлт хангалттай байх боломжтой гэв.

Албан хаагчдад өөрийн чадамжид тулгуурлан сонголтоо хийх бүх боломжийг олгох нь зүйтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзлээ. Мөн сонгох орон сууцанд нь метр квадрат болон үнийн дээд доод босго/хэмжээ/ тогтоохгүй, урьдчилгаа төлбөр шаардахгүй, байршил заахгүй, зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнуудаас сонголт хийх нөхцлийг бүрдүүлэхээр судалж байна.

Монгол Улсын Шадар сайд, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин дараагийн ээлжит хурлыг ирэх долоо хоногийн лхагва гарагт зарлаж, 2020 оны зургаадугаар сарын 15-н гэхэд албан хаагчид эхнээсээ түлхүүрээ гардаж, орон сууцандаа орохоор тооцоолж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд хатуу анхааруулав. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, орон даяар цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх дэглэмд амьдарч, ажиллаж байгаа энэ үед хамгийн хүндийг үүрч байгаа хүмүүсээ бид дэмжих ёстой. Зөөвөрлөгдөн орж ирж байгаа цар тахлыг тогтоож барихад тэргүүн эгнээнд амралтгүй, нойр хоолгүй, ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор батлагдсан энэ хөтөлбөрийг авч байгаа хүндээ хүндрэл чирэгдэлгүй орон сууцандаа шууд орох байдлаар богино хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангах нь чухал гэв гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөнхөө(103.9.90.130) 2020 оны 05 сарын 29

бусад төрийн албан хаагчдад хэзээ ийм боломж олгох юм бол?

0  |  0
Top