Мэргэжлийн сүмо 50 настай сүмочтой боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Мэргэжлийн сүмогийн хамгийн ахмад бөх Ханаказэ энэ сарын 28-нд 50 нас хүрлээ. 50 настай бөх зодог тайлалгүй барилдаж байгаа нь Шёова үеэс хойш анх удаагаа тохиож байгаа юм.

Ханаказэ 1970 онд Токиод төрсөн. Тацүнами дэвжээнд элсэн, Шёовагийн 61 он буюу 1986 оны Хаврын тэмцээнээс барилдаж эхэлжээ. Дэвжээнийхээ одоогийн багш комүсүби асан Асахиютакагаас хоёр нас дүү ч нэг жилийн өмнө сүмод орсон. Одоогийн сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү оякатаг барилдаж байхыг нүдээрээ харсан цөөхөн бөхчүүдийн нэг юм.

Шёова, Хэйсэй, Рэйва гэсэн гурван эрин үед барилдсан анхны сүмоч.

Тацүнами ояката “50 нас хүртлээ барилдана гэдэг хэн болгоны чадах зүйл биш. Бие, сэтгэлийн хүчтэй хүн л чадна. Ханаказэ бол манай дэвжээний хамгийн чухал хүн. Ханаказэ дэвжээнийхээ чянко хоолыг хариуцдаг. Түүний амттай хоолыг идээд манай бөхчүүд сайн барилдаж байна. Бэлтгэл ч сайн хийдэг, залуу бөхчүүдийн үлгэр дууриалал” гэж шавийнхаа талаар ярьжээ.

Ханаказэ энэ жилийн Хаврын тэмцээнд 4 давж, 3 унан, 50 хувийн амжилтаа үзүүлсэн. Шинэ банцүкэгээр жониданы баруун жигүүрийн 68-д бичигдэж байна. 34 жил барилдахдаа хамгийн дээд тал нь санданмэгийн 18-д эрэмбэлэгдэж байжээ. Нийт 658 ялж, 743 унан, 13-хан удаа өнжиж байсан байна.

2011 оноос хойш хамгийн ахмад сүмоч болсон. Шёова тооллын үед барилдаж байсан цорын ганц бөх.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сүмо сонирхогч(59.153.115.107) 2020 оны 05 сарын 31

2 өвдөг бол нэмэргүй болж, гэхдээ өдий хүртэл барилдана гэдэг мундаг бөх байна аа

0  |  0
Top