Нийслэлд ГУРАВ ДАХИН их шатахуун түгээх станц байгаа нь АЮУЛ дагуулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Нийслэлийн өнцөг булан бүрт олон нэр төрлийн шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Борооны дараах мөөг шиг элбэг болсон эдгээр шатахуун түгээх станц иргэдийн хэрэглээнээс гурав дахин их гэсэн судалгаа гарсан байна. Үүнийгээ дагаад иргэдийн зүгээс санал, гомдол тасардаггүй. Нэгэнт хэрэглээнээсээ хэтэрсэн тул дахин шинээр станц барих шаардлаггүй гэж албаныхан мэдээлж байна. Хэрэв тухайн станц ямар нэгэн зөрчилтэй байгаа бол тэрийгээ шийдвэрлэж, үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон үедээ иргэдэд үйлчлэх журамтай юм. Гэтэл тухайн байгууллага зөрчил дутагдлаа арилгаагүй ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа талаар ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөр хөндөн дараах сурвалжилгыг бэлтгэснийг хүргэж байна. 

Нийслэлийн есөн дүүрэгт 240 орчим шатахуун түгээх станц байдаг

Шатахуун түгээх станцын нэг хошуу өдөрт 1200 машинд хүрэлцэнэ гэсэн тооцоо байдаг. Нэг шатахуун түгээх станц дунджаар зургаан хошуутай гэвэл өдөрт 7200 машинд үйлчлэх бүрэн боломжтой юм. Улаанбаатар хотод 250 шатахуун түгээх станц ажиллаж байгаа гэж үзэн дээрх тоонд үржүүлбэл 1.800.000 машинд үйлчлэх бүрэн боломжтой. Энэ нь яг одоо Улаанбаатарт байгаа хэрэгцээнээс гурав дахин илүү гарсан тооцоолол юм. 2019 онд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийт шатахуун түгээх станцын 10.9 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн аж. Энэ нь газар зүйн байрлал буюу аюултай нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг юм. Улаанбаатар хотын нэг дүүрэгт 20-30 шатахуун түгээх станц бий. Тэдгээрийн зарим нь айл болон аж ахуй нэгжтэй хэт ойр байрласан байдаг. Мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй, барилгын зураг төслөө батлуулаагүй ч шатахуун түгээх станцынхаа барилгыг барих зэрэг зөрчил гардаг.

Эко-ойл шатахуун түгээх станц хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байна

Тэдгээр газруудад зөрчилөө арилгах хугацаатай үүрэг өгч шийдвэрлээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээнд шилждэг хэмээн албаныхан ярьж байлаа. Үүнээс гадна Улаанбаатар хот дотор станц барих зай талбай дуусаж газар олгохгүй болсон тул айлын газар худалдан авч шинэ салбараа байгуулах явдал гарах болжээ. Улмаар аюулгүйн зай баримтлахаас эхлээд олон асуудлын эхлэл тавигддаг байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг видеоноос хүлээн авч үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top