КОВИД-19 эсрэг вакциныг яаран нэвтрүүлэх аюултай болохыг сэрэмжлүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Дэлхий даяар олон арван судалгааны лабораторийн боловсруулж буй КОВИД-19-ийн эсрэг вакциныг яаран нэвтрүүлэх шаардлагагүй гэж Израилийн дархлаа судлаач, Хадасс Ар а-Цофим эмнэлгийн тасгийн эрхлэгч Яков Беркун үзэж байна. Учир нь сөрөг үр нөлөө өндөр байдаг аж.

Түүний хэлснээр, орчин үеийн технологи судалгааны болон вакцин, тарилгын үр дүн, аюулгүй байдлыг шалгах хугацааг асар их хэмжээгээр богиносгож байна. Өмнө нь вакцин, тарилгыг гаргаж авах, туршихад олон арван жил шаардагддаг байсан бол өдгөө энэ хугацаа сараар хэмжигдэх болжээ. 2000 оны эхээр гарсан амьсгалын цочмог хам шинжийн эсрэг тарилгыг маш богино хугацаанд гаргаж авсан ч туршилт нь тав орчим жил үргэлжилсэн. Харин орчин цагийн технологи энэ хугацааг богиносгох боломж олгож байгаа ч хэр үр дүнтэйг нь шалгахын тулд цаг хугацаа шаардагдана гэж Яков Беркун үзэж байна. Израилд арван жилийн өмнө ротавирусний эсрэг вакциныг яаран нэвтрүүлсэн түүхийг тэрбээр жишээ болгожээ. Хүнд хэлбэрийн гастроэнтерит буюу ходоод, нарийн гэдэсний цочмог үрэвсэл үүсгэдэг эл вирусний эсрэг вакциныг олон хүнд хийсний дараа Израилийн эмч нар аюултай үр дагавартай тулгарчээ. Эмнэлзүйн туршилтын хоёр үеийг амжилттай давсан эхний вакциныг Израилд олон мянган хүнд хийсний дараа тухайн хүмүүст гэдэсний түгжрэл үүссэн байна. Тиймээс өдгөө КОВИД-19-ийн эсрэг вакциныг гаргаж авсны дараа яаран нэвтрүүлэхгүй байхыг анхааруулжээ.

Профессор Беркуны хэлснээр, өдгөө дэлхий дахинд 10 лаборатори вакциныг хүн дээр туршиж эхлээд байгаа бөгөөд нэр хүндтэй анагаах ухааны “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн Хятадын эрдэмтдийн судалгаа түүний анхаарлын ихээр татжээ. Эхний үе шатанд вакциныг цөөн тооны хүмүүс дээр туршдаг бөгөөд энэ шатанд хэдийгээр туршилтад оролцсон хүмүүст бага зэргийн сөрөг үр нөлөө илэрсэн ч Хятадын судлаачид эерэг үр дүнд хүрч чадсан байна. Хамгийн гол нь ноцтой сөрөг үр нөлөө гараагүйн дээр туршилтад оролцсон хүмүүсийн 90 хувьд нь сөрөг биет үүсэж, эсийн хариу үйлдэл ажиглагджээ. Вакцин хийснээс хойш хоёр долоо хоногийн дараа эсийн хариу үйлдэл ажиглагдаж, дөрвөн долоо хоногийн дараа сөрөг биет хангалттай түвшинд бий болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.182.149) 2020 оны 05 сарын 28

Галт тэргийг огцом хөдөлгөж болохгүйтэй ижил

0  |  0
Top