Арилжааны банкнууд ДИЖИТАЛ шилжилтэд хэр бэлэн байна вэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28
Дижитал банкны тухай ойлголтыг зөвхөн интернет банк, онлайн банк, цахим банкаар сэтгэх нь өрөөсгөл явдал юм. Учир нь дижитал шилжилт нь банк болон санхүүгийн байгууллагуудаас уян хатан, хурдан шуурхай ажиллах чадвар, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн өнцгөөс харж шийдэх, харилцагчид шаардлагатай үйлчилгээнүүдийг хамарсан экосистемийг бүрдүүлэх, байгууллагын соёлын нэгж эс бүрт бүтээлч байдлыг шингээх, хиймэл оюун ухаан их өгөгдлийн шинжилгээг бүтээмжтэйгээр ашиглах гэсэн нэгдмэл хүчин зүйлсийг санхүүгийн байгууллагуудаас шаардах болж байна.

Дэлхийн хэмжээнд тэргүүлэгч банкууд дижитал шилжилтэд бэлтгэн бизнес загвараа шинэчлэн сайжруулж, олон жилийн төлөвлөгөөнөөс бүрдэх бизнес загварт шаардагдах бүхий л нөөцийг бүрдүүлж байна. Ийнхүү дижитал шилжилт хийх нь уламжлалт банкны загвараар явж буй банкнуудаас юугаараа давуу вэ гэвэл юун түрүүнд банкны гол шалгуур үзүүлэлт 50 хувиар нэмэгддэг. Зардал 25 хувиар буурдаг.Харин үйл ажиллагааны эрсдэлийн төвшин буурдаг.

Дэлхийд түүчээлж буй  дижитал банкнуудын  бизнес загварт уламжлалт бүтээгдэхүүн үйлчилгээг дижиталжуулахаас гадна нээлттэй банк болж гуравдагч системүүдтэй интеграц хийн харилцагчийн хүсэл сонирхолд нийцсэн цогц үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд маш их анхаарал хандуулж байна.

Энэ байдлаар банкнуудын дижитал шилжилтийн төвшинг гурван янзын байдлаар харах боломжтой. Нэгдүгээрт, Front-end хэсэгт буюу зөвхөн мобайл, интернет банкны хөгжүүлэлт хийх нь харилцагчид хүрч буй хэсгийн хөгжүүлэлт сайн хийгдсэн ч үйлчилгээний автоматжуулалт, хурдтай байдалд онц ахиц гардаггүй. Хоёрдугаарт, Front-end, back-end Цогцоор нь хөгжүүлж автоматжуулалт, хиймэл оюун ухаан, хурдан шуурхай /agile/ арга барилыг нэвтрүүлснээр үйлчилгээний хурд нэмэгдэн, зээлийн шийдвэр гаргалт хүнээс хамааралгүй болдог. Гуравдугаарт нь, API гаргах буюу банкны үндсэн системийг гуравдагч системтэй холбосноор харилцагч нэг газраас өөрт тохирсон цогц үйлчилгээг хурдан шуурхай авах боломж нээгддэг байна.

Дээрх жишгийн дагуу Монгол Улсын арилжааны банкнуудыг үнэлэхэд олон улсын банкнуудын тэргүүлэгчдийн үнэлгээнээс доогуур буюу дундаж үнэлгээтэй явж байна. Бид олон улсын тэргүүлэгч банк санхүүгийн байгууллагын үнэлгээнд мөр зэрэгцэхийн тулд банкнууд маань бизнес модель болон харилцагчид хүрч буй үйлчилгээг илүү сайжруулах шаардлагатай нь харагдаж байгаа юм.

Учир нь Монголын арилжааны банкнууд дижитал шилжилтэд бэлтгэхэд хамгийн эхэнд анхаарч ажиллах хэсэг болох арын үйл ажиллагаа буюу технологиудыг үйл ажиллагааны бүх түвшинд ашиглах, бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийхдээ хурдан шуурхай /agile/ байдлаар зохион байгуулж, хамгийн бага цар хүрээтэй бүтээгдэхүүн /MVP/ дээр хөгжүүлэлт хийн сайжруулах нь зохистой. Түүнчлэн уламжлалт, нэгэн хэвийн, тайлагналын болон шийдвэр гаргалтын шат дамжлага ихтэй, хариуцлагын тогтолцоогүй  цаг идсэн загварчлал, систем, бүтцээс аль болох эртхэн ангижирч өндөр бүтээмж, ажил хэрэгч уулзалт, харилцан итгэлцэл, үр дүнгийн төлөөх хамтын ажиллагааг дэмжсэн аливаа системийг сонгон хэрэгжүүлэхэд анхаарах учиртай юм. Гэтэл эсрэгээрээ аппликэйшны өнгө төрх, видео зөвлөгөө, хэтэвч, хувийн санхүүгийн туслах, салбарын бүтцийн өөрчлөлт гэх мэт харагдах байдалдаа түлхүү анхаарч ажиллаж байгаа учир дутагдал оршиж байна.

Арилжааны банкнууд дижитал шилжилтэд хэр бэлэн байна вэ

Шилжилтийн замд гарсан нь үнэн ч барианд хүрэхэд өдий байна

 СЭЗИС-ийн МАГИСТРАНТ З.УНДРАЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ewt(202.131.227.82) 2021 оны 10 сарын 27

meddeg yum shig yrih yumdaa. TDB bol japan korea usa russia bankuudtai law hamaagvi ilvv er ni adil tuwshind bgaa. meddeg yumaa olj hutsmaar bna

0  |  2
Top