СУРВАЛЖИЛГА: Хүүхдийн баярын бэлэгт ӨВЧИН үүсгэгч бүтээгдэхүүнүүд их байна

2020 оны 05 сарын 28

Жилд бүрийн зургаадугаар сарын 1-н бол хүүхэд бүхний хүсэн хүлээдэг баярын өдөр. Өнгө алагласан тоглоомд умбаж, амттан шимттэнд бялуурдаг өдөр болохоор аргагүй. Баярын өдөр ойртох тусам дэлгүүрүүд хүүхдэд зориулан хүнсний бараа бүтээгдэхүүнээ боож савлан худалдаанд гаргахад бэлддэг. Энэ жил цар тахлын улмаас Хүүхдийн парк ажиллахгүй, олон нийтийн арга хэмжээ зохиохгүй болохоор хүүхдүүд маань гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх болно. Эцэг эхчүүдийг хүүхдүүдээ баярлуулахаар дэлгүүр рүү харайхаас нь өмнө хүүхдийн бэлэг хэр оновчтой байна вэ гэдэг асуудлыг хөндөв


 

БООСОН БЭЛГҮҮД 4000-25000 ТӨГРӨГИЙН ХООРОНД ХЭЛБЭЛЗЭЖ БАЙВ

Хүүхдийн баяртай холбогдуулж худалдааны байгууллагуудаар хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалах зөрчил багагүй илэрдэг. Эцэг эхчүүд хүүхдээ нэг удаа чихрээр “хуурахаас” илүүтэй эрүүл мэндийг нь дэмжсэн, дархлааг сэргээх  хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийнхээ оюун мэдлэгт хэрэг болохуйц бэлэг сонгоорой гэдгийг ч Эрүүл мэндийн яамнаас уриалж байгаа. Томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдээр хүүхдийн бэлгийн үнэ, дотор нь юу юу багтсан байгааг болон өөр ямар бэлэг сонгож болох талаар зөвлөгөө, сэрэмж болгохыг зорилоо. Бөмбөгөр худалдааны төвөөр урьдын л адил улиг болсон эрээн цаастай чихэр шоколадыг гялгар уутанд төрөл бүрээр нь багцалж, боожээ. Гаа, жүүс, шоколад, модтой чихэр, вафли, бохь, алины нухаш, чокопай, чипс, резинэн чихэр, шагшуурга, компот зэрэг үнээсээ хамаараад тоо ширхэг, хэлбэр хэмжээ нь өөр, өөр бүтээгдэхүүн орсон бэлгүүд 4500 төгрөгөөс 20 мянган төгрөгт савласан байв. Худалдагч эмэгтэй боосон бэлэгт үнэ нэмээгүй шүү гэж их л шамдангуй тайлбарлаж байлаа. Тэгвэл “Номин” их дэлгүүрт хараа булаам зураг хуар болсон цаасан хайрцагтай бэлэг 14 мянган төгрөгөөс  25 мянган төгрөг ажээ. Мөн л үрэл, жигнэмэг, шоколад, гаа, шагшуурга, жүүс, компот, бохь зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байв. Баярын уур амьсгал орж эхэлжээ. Бэлэг сонгохоор ирсэн хүмүүс ч мэр сэр харагдана. Зарим нь дуртай зүйлсийг цөмж аваад нийлүүлж бооё гэхэд зарим нь бэлэн боосон бэлэг авахыг илүүд үзэж байв. Залуухан ээж “Би ганц охинтой. Чихэр жимс гэхээсээ илүүтэй, тоглоом авч өгнө гэж бодож байна. Ах дүү нарын 10-аад хүүхэд бий. Тэдэндээ бэлэг бэлдэж явна. Гэхдээ айлын хүүхдүүд чихэр жимс идээд байхаар манай хүүхэд барьцах болохоор авч өгөхгүй гээд яах билээ” гээд инээмсэглэв.

 

ХҮҮХДҮҮДИЙН ИДЭХ ДУРТАЙ ЧИХРҮҮДЭД ШОШГЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өчигдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлсэн. Мэргэжлийн хяналтаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг томоохон сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүдээр хийжээ. “Бэлэг” арга хэмжээний хүрээнд хийсэн шалгалтаар 309 аж ахуй нэгж байгууллага, 140 иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийв. Шалгалтын явцад 559 зөрчил илрүүлж, 394 зөрчлийг газар дээрээс арилгуулах арга хэмжээ авсан. Худалдаалж буй 91 нэр төрлийн 164 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төв лабораторид шинжлүүлжээ. Сорилтын дүнгээр хадгалалтын горим зөрчигдсөн хүнсний бүтээгдэхүүнийг есөн төрлийн 34 кг 71600 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулах үүрэг өгсөн. 65 аж ахуйн нэгж, иргэнд 37 сая 550 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ. Мөн хаяг шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг буюу нэг сая, нэг зуун мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг татан авахуулжээ. Тухайлбал, “Алтан жолоо” импекс компанийн “Сансар   супермаркетын хүүхдийн бэлгийн багцад орсон “Харибо” чихэр, “Home plaza” компанийн бэлэгт боосон “Silk road trade” компанийн таван төрлийн чихэр хаяг шошгын зөрчилтэй байжээ. Дээрх худалдааны лангуун дээр өрөөстэй гоёмсог бэлэгт ч тус бүтээгдэхүүнүүд байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Эцэг эхчүүд ихэнхдээ сүлжээ дэлгүүр юм уу, худалдааны төвөөс л бэлгээ сонгодог. Тэд авч буй бүтээгдэхүүнийхээ өнгө үзэмжид анхаарна уу гэхээс хугацаа, хадгалалтыг шалгадаг эсэхийг үйлчлүүлж буй иргэдээс тодруулав. Ихэнх нь хувь нь боолттой бэлгийг шалгалгүй шууд авдаг гэдгээ хэлж байлаа.

ХҮҮХДИЙН БЭЛЭГТ ХАРШИЛ, ХОРДЛОГО, ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ИХЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Төрөл бүрийн чихэр, хийжүүлсэн ундаа, янз бүрийн жимсний шүүс, бялуу, өөр маш олон хүнсний бүтэгдэхүүн сахарын агууламжтай. Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин ч илчлэг ихтэй тул /100 гр сахар 409,2 ккал илчлэгтэй/ илүүдэл жинг үүсгэж чихрийн шижин, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг. Сахар хүүхдийн шүдэнд маш муу гэдгийг бүгд мэднэ. Байнга идэх биш дээ, яав л гэж гэх боловч баярын үеэр нэг хүүхэд дор хаяж хоёроос гурван бэлэг авах ч тохиолдол бий. Эцэг, эхийн ажлын газраас, ах эгч нараас нь, эмээ, өвөө нараас нь гээд л бэлгийн цуваа үргэлжилнэ шүү дээ. Хүүхэд гэлтгүй томчуудын идэх дуртай резинэн чихэрт байгалийн бус өнгө, амт оруулагчаас гадна маш их хэмжээний элсэн чихэр агуулагддаг. Мөн өнгө өнгийн жижиг шоколадыг байгалийн бус аргаар гарган авсан өнгө оруулагчаар бүрдэг бөгөөд генийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүнүүд ихээр агуулагддаг ажээ. Бэлгийн багцад хамгийн их зай эзэлдэг бүтээгдэхүүн бол чипс юм. Чипс нь тос  болон нүүрстөрөгч их, давстай, амт оруулагч болон өнгө оруулагч ихтэй. Мөн чипсийг ориг төмсөөр биш, төмсний гурилаар ихэвчлэн хийдэг. Тиймээс энэ бүтээгдэхүүн амин дэм багатай. Мөн уураг, тос ихтэй учраас хүний өдөрт авах ёстой уургийн хэмжээг ихэсгэж, ихээр таргалуулдаг. Чипсийг чанаргүй муу тосонд шардаг ба хамгийн сайндаа маргаринд шардаг. Чипсэнд байгаа давс хүүхдийн биед орж харшил үүсгэх, ясны өсөлтийг удаашруулах, зүрхийг муутгах, бөөр өвтгөх гээд олон сөрөг нөлөөтэй нь батлагдсан. Миний танилын хүүхэд уутандаа 30 ширхэгтэй цэлцэгнүүр ганцаараа идсэний улмаас толгой нь хагарах гэж байгаа юм шиг өвдөж эмнэлэгт хүргэгдэж байсан. Цэлцэгнүүрт арит­розин гэх бодис агуулагддаг. Энэ нь нефтээс гаргаж авсан бодис. Харин энэ бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахыг хорьсон байдаг. Учир нь хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэх эх үүсвэр нь ажээ. Таны арьсанд хортой юм чинь хүүхдийн ходоодонд ямар байх нь ойлгомжтой биз ээ.

 

ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРТӨГ ӨНДӨР УЧРААС ХЯМДХАН ХЯТАД ЧИХРЭЭР БИД ХҮҮХДЭЭ “ХУУРДАГ”

Дээрх бүтээгдэхүүний орц найрлагыг уншсан хүн хүүхдийнхээ бэлгийн сонголтыг өөрчилсөн болов уу гэж найдаж байна. Хүүхдүүд амттай зүйлд дуртай болохоор үндэсний бүтээгдэхүүний тасаг руу очицгооё. Цагаан идээг төрөл бүрийн жимс, амттантай хольж хийсэн хөөрхөн савлагаатай бүтээгдэхүүнүүд хөргөгчөөр дүүрэн байлаа. Жишээ нь,  “Мон сүү” 1699, Ээдэм 2569, тараг 2499, “Активиа” тараг 2079, Био тараг 3099, 500 граммтай хорхой ааруул 8979, школадтай, гаатай, жимстэй, үзэмтэй ааруул 2849, 500 граммтай “Баян таян” компанийн бүтээгдэхүүн чипсэн ааруул 11199  төгрөгийн үнэтэй байлаа. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн тэр тусмаа цагаан идээ тэнгэрт хадсан үнэтэй байдаг. Үүнээс үзэхэд эцэг эхчүүд 500 грамм хорхой ааруул 11 мянган төгрөгөөр авснаас гурван бэлэг аваад гурван хүүхдэдээ өгөхөө бодно шүү дээ. Тэгэхээр эцэг, эхчүүдийг буруутгах аргагүй юм. Хөл хорионы энэ үед үр хүүхдээ эрүүл агаарт гаргаж, тоглож наадаж хамтдаа цагийг нь өнгөрөөх нь юу юунаас илүү бэлэг болж байна. сэтгэхүйг нь хөгжүүлэх тоглоом, бие бялдрыг нь хөгжүүлэх монгол наадгай, сонирхолтой адал явдалтай ном, сэтгүүл, магадгүй хүүхдээ ирээдүйд ямар хүн болохыг нь  төлөвлөх мөрөөдлийн дэвтэр, бүтээх чадварыг нь нэмэгдүүлэх гарын авлага гээд тоо томшгүй олон сонголт бий. Эцэст Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй, хоолны газар орохгүй байх, хоёр метрийн зайг баримтлах, хамгийн гол нь бэлэг бэлдэхдээ хүүхдийнхээ дархлааг дэмжих бэлэг сонгоорой гэж зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gansyh(202.9.46.108) 2020 оны 05 сарын 28

\n6.2 duusah baihad 6.1 zarj bolno shuu dee ene mergejliin hyn monyy sahar. ziher hezee ch idej bolohgyi hor gej yi yariad b.aa eh eceg n zob zohistoi idyylehiig hariucna hugacaa duusaagyi bhad ingej daramtlah n zobyy

0  |  0
зарим(66.181.169.70) 2020 оны 05 сарын 28

Төрөл бүрийн чихэр, хийжүүлсэн ундаа, янз бүрийн жимсний шүүс, бялуу, өөр маш олон хүнсний бүтэгдэхүүн сахарын агууламжтай. Энэ буруу дүгнэлт бна. Зөв тохируулж идэх нь болохоос сахар хүний биед муу амсаж болохгүй эд бишдээ хүнсний байцаагч нар мэдмээр юм даа

0  |  0
Top