КОВИД-19 | Тамхийг дамжуулж татах нь хамгийн эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Коронавирусний халдварын тархалт хамгийн өндөр байгаа АНУ-д нас баралт өмнөх өдрийнхөөс ялимгүй буурчээ. Халдварын голомт болоод байсан Нью-Йоркт анх удаагаа хоногт хамгийн бага буюу 72 тохиолдол илэрч, АНУ-д нийт 1.7 сая хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.

ОХУ-д халдварын тоо 362 мянгад хүрсэн ч нас баралт өмнөх өдрүүдийнхээс хамгийн цөөн бүртгэгджээ. Тэгвэл Бразилд халдварын тоо өссөөр байна. Нийт халдварын тоогоороо АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа тус улсад 392 мянга гаруй хүн коронавирусээр өвчилжээ.

Өмнөд Солонгост хоногт 40 тохиолдол илэрсний 37 нь дотоодын халдвар, гурав нь гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол аж. Хятадад зөөвөрлөгдсөн нэг, шинж тэмдэггүй 28 тохиолдол илэрч, нийт 404 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдээд байна.

Дэлхийн 20 гаруй улсад сүүлийн нэг сар коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй, тархалтыг хяналтдаа авсан гэж үзэж байгаа аж.

Гэхдээ бид анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй. ЭМЯ-наас иргэдэд хандан гадуур дэмий сэлгүүцэхгүй байхыг амьдралынхаа дадал хэвшил болгох ёстойг анхаарууллаа. Мөн тамхийг дамжуулж татах нь асар их эрсдэл дагуулж байгааг сануулсаар байна.

Бие биеэсээ зай барьж явах, зайнаас харилцах, олон хүнтэй газраар явахгүй байх нь маш үр дүнтэй дэглэм гэдгийг Герман улсын жишээ харуулжээ. Европын орнуудаас хамгийн бага хохирол амссан улс нь Герман юм. Тус улсад хүн хоорондын зайг ягштал барьж, гэр бүл, ажил, худалдааны газруудад зай барих, хүний бөөгнөрлийг үүсгэхгүй байх тал дээр баримталсан дэглэм хамгийн бага хохирол амсахад нөлөөлжээ.

Top