Радио, телевизээр хэрхэн СУРТАЛЧИЛГАА нэвтрүүлэх вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

#СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД - ЦУВРАЛ №4


ТҮГЭЭМЭЛ АСУУЛТЫН ХАРИУЛТ: Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх талаар
 

1. ЯМАР РАДИО, ТЕЛЕВИЗ СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ ВЭ? АЛИВАА ХЯЗГААРЛАЛТ БАЙГАА ЮУ?
 

  • Радио, телевизийн зөвхөн үндсэн суваг сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх эрхтэй.
     
  • Зохицуулах хорооноос сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх радио, телевизийн жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46.11 дэх заалт, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын 3.7-д нийцүүлэн гаргаж, эзэмшлийн мэдээллийн хамт 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөрт багтаан өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

2. КАБЕЛИЙН СУВГААР СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЖ БОЛОХ УУ?
 

  • Төлбөрт болон теле худалдааны сувгаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй. Бусад сувгийн хувьд хэд хэдэн сувагтай биш бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хязгаарлаагүй.
     
  • Өөрийн радио, телевизийг Зохицуулах хорооноос гаргасан үндсэн сувгийн жагсаалтад орсон эсэхийг шалгах хэрэгтэй.

3. РАДИО, ТЕЛЕВИЗ ХЭЗЭЭНЭЭС СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ МЭДЭГДЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ХҮРГҮҮЛЭХ ВЭ?
 

  • Зохицуулах хорооноос гаргасан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтад орсон радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлээ 2020 оны 5-р сарын 25-ны өдрөөс өмнө Зохицуулах хороонд ирүүлнэ.

4. ӨМНӨХ СОНГУУЛИУР СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ МЭДЭГДЛИЙГ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД ХҮРГҮҮЛЖ БАЙСАН. ОДОО СЕХ-НД МЭДЭГДЛИЙН ХУВИЙГ ХҮРГҮҮЛЭХ ҮҮ?
 

  • Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх шаардлагагүй.

5. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ МЭДЭГДЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ХЭРХЭН ИРҮҮЛЭХ ВЭ ? ЯМАР БАРИМТ БИЧИГ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
 

  • Зохицуулах хорооноос радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт гаргаж, цахим хуудсаар мэдээлнэ.
     
  • Мэдэгдлийн маягтыг бөглөж, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9.1-46.9.3-т заасан дараах баримтыг бүрдүүлэн (өмнөх сонгуулиар өгч байсан материалтай адил) хуульд заасан хугацаа дуусахаас өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэхээр ирүүлнэ.
     
    • Сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь
    • Сонгуулийн жлийн 1-р сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаад хийж байсан 3-с доошгүй зар сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ
    • Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээлэл
       

Радио, телевиз нь мэдэгдэл ирүүлэхээс өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хуваарь, цаг, үнэ тарифын саналыг баталсан байх шаардлагатай.


Улаанбаатар хот болон орон нутагт  үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчидтэй 2020 оны дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 10-ны өдрүүдэд хийсэн уулзалт, танилцуулгын үеэр гарсан асуулт, хариултууд
 

1. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ӨДРҮҮД ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ОДООНООС ЭХЭЛЖ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЛЭХ ХҮРТЭЛ НАМ, УЛС ТӨРИЙН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, НИЙТЛЭЛҮҮД ЯВУУЛЖ БОЛОХ УУ?
 

  • Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиар радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх редакцид бэлтгэсэн мэдээ сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй, сурталчилгааны хугацаанд тооцохгүй гэж заасан тул хязгаарлаагүй гэж ойлгож болно.
     
  • Гэвч редакцид бэлтгэгдээгүй нам, улс төрийн захиалгат, төлбөртэй мэдээ, мэдээллийг сурталчилгааны нэвтрүүлэгт хамааруулна гэж, мөн хуулийн 48.5.2-т зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглосон тул захиалгат, төлбөртэй, сурталчилгааны мэдээ, мэдээллийг нэвтрүүлэхгүй байх шаардлагатай.

2. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЛЭХЭЭС ӨМНӨ НЭВТРҮҮЛЭХ НАМУУДЫН НЭВТРҮҮЛГҮҮДЭД ЗОХИЦУУЛАЛТ БАЙГАА ЮУ? МӨН НЭР ДЭВШИГЧИД ТОДРООГҮЙ БАЙХАД ТЭР ХҮНИЙГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ БИШ НЭВТРҮҮЛЭГТ ОРУУЛАХ, ЭСХҮЛ ЗҮГЭЭР ЯРИЛЦЛАГА ӨГЬЕ ГЭЖ ХАНДВАЛ ЯАХ ВЭ?
 

  • Намуудын нэвтрүүлэг гэдэг нь сурталчилгаа гэж ойлгогдож байна. МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48.5.2-т зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглосон гэдгийг анхаарах хэрэгтэй.
     
  • Харин  нэр дэвшигч тодроогүй байхад тухайн хүнийг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө сурталчилгааны бус нэвтрүүлэгт оролцохыг хязгаарлаагүй гэж ойлгож болно. Учир нь МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48.9-д нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан хөтөлбөр, нэвтрүүлэг, ярилцлагад орохыг хориглосон.

3. НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧДИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ШТОРКЫГ НАРИЙВЧИЛСАН ЦАГИЙН ХУВААРЬТ ОРУУЛАХ УУ? 1 ХОНОГИЙН 60 МИНУТАД ОРУУЛЖ ТООЦОХ УУ?
 

  • Хэрэв танай радио, телевиз нь сурталчилгааны хугацаанд хэд хэдэн цагуудад, ямар нэвтрүүлгийн үеэр сурталчилгааны шторк нэвтрүүлэх нь тодорхой, төлөвлөсөн байгаа бол Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлэх сурталчилгааны цагийн хуваарь буюу төлөвлөлтөнд  тусгаж болно. Гэхдээ нам, эвсэл, нэр дэвшигчидтэй гэрээ байгуулах ажил эцэслэгдээгүй учир ямар нам, эвсэл, нэр дэвшигчийн шторк гэдгийг нарийвчлан тусгах шаардлагагүй.
     
  • Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46.6-д “радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг (60 мин)-аас илүүгүй байна.” гэж заасан тул нам, эвсэл, нэр дэвшигчдийн сурталчилгааны шторк нь сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр тул сонгуулийн сурталчилгааны 1 хоногийн 60 минутад оруулж тооцно гэдгийг анхаарах хэрэгтэй.

4. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕЭР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД УИХ-ЫН ГИШҮҮН ҮГ ХЭЛЖ БАЙГАА ДҮРСИЙГ ЮУ ГЭЖ ҮЗЭХ ВЭ?
 

  • Өмнөх сонгуулиудын туршлагаас харахад сонгуулийн сурталчилгааны хугацаанд чуулган хуралдахгүй, түр завсарлаж байсан. Энэ сонгуулиар мөн завсарлах  байх гэж таамаглаж байна.
     
  • Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48.9 дэх хэсгийг баримтлан УИХ-ынгишүүний дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэхгүй байх зарчмыг баримтлах нь зүйтэй.

5. ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЦАГ, МИНУТАД УЯН ХАТАН ХАНДАЖ СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОХ, ХӨНГӨВЧЛӨХ ЗОХИЦУУЛАЛТ БАЙХ УУ?
 

  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавьж ажиллахад МУИХ-ын Сонгуулийн тухай хууль, хуульд заасан журмыг баримтлана. Хуулиар сурталчилгааны цаг, минутыг тогтоосон тул уян хатан хандах, цагийг сунгах зэрэг зохицуулалт хийх боломжгүй.

6. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЯВЦАД ЦАГ, МИНУТАД САНААТАЙ, САНААГҮЙ АЛДАА ГАРГАЧИХВАЛ АРГА ХЭМЖЭЭГ ЯАЖ АВАХ ВЭ? НЭГ УДАА САНУУЛАХ УУ? БУРУУТАЙ ГЭДГИЙГ ЯАЖ ТОГТООХ ВЭ?
 

  • Өмнөх Сонгуулийн тухай хуулиар радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны зөрчилд нэг удаа сануулах арга хэмжээ авах заалт байсан бол МУИХ-ын Сонгуулийн тухай хуулиар сануулах арга хэмжээ байхгүй, Зөрчлийн тухай хуулиар хариуцлагын арга хэмжээ авахаар заасан байгаа.
     
  • Тухайлбал, энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр 1 хоногийн 60 мин, нэг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хуваарилах 15 минут, мэдээний 5 минут гэх зэрэг радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбоотой хуулиар тогтоосон журам зөрчсөн бол бүгд Зөрчлийн хуулиар өндөр торгууль ногдуулах хариуцлагын арга хэмжээтэй. Зарим заалтуудад Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, ОСДҮЭ-ийн сүлжээгээр дамжих эрхийг 3 сар хүртэлх хугацаанд хязгаарлах, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх хасах зэрэг арга хэмжээ авах заалтууд мөн давхар туссан байгааг анхаарах хэрэгтэй.
     
  • 46.22-т заасны дагуу Зохицуулах хороо хяналт тавьж ажиллах бөгөөд хуульд заасан цаг, минуттай холбоотой, хэмжигдэхүйц үзүүлэлт бүхий хуулийн заалтуудад мониторингийн аргаар хяналт тавьж, зөрчлийг хяналтын дүнгээр зөрчлийг тогтооно.
  • Зохицуулах хорооны зүгээс радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчидээ санаатай, санамсаргүй алдаа гаргаж Зөрчлийн тухай хуулийн хариуцлага хүлээлгэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тусгай зөвшөөрөлтэй бүх радио, телевизүүдэд цар тахлы хорио цээрийн дэглэмийн дагуу 10-с дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй хэд хэдэн удаагийн уулзалтуудыг Улаанбаатар хот болон орон нутгуудад хийж, хууль, журмыг танилцуулж, заавар зөвлөмжийг өгч байна.

7. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕЭР НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИД СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛАА ЦАГ ТУЛГАЖ ӨГДӨГ. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЗҮГЭЭС ҮЗЭЖ АМЖИХГҮЙГЭЭР НЭВТРҮҮЛЭХ ТОХИОЛДЛУУД ГАРДАГ. ИЛҮҮ ХАР МЭДЭЭ, ХАР ПИАР, ЭСХҮЛ ХЭН НЭГНИЙГ ГҮТГЭСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАХ БОЛОМЖГҮЙ БАЙДАГ. ХЭРЭВ ТУХАЙН СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛААР ХЭН НЭГНИЙГ ГҮТГЭСЭН БАЙВАЛ БУРУУТАЙ ЭТГЭЭД НЬ СУРТАЛЧИЛГАА ӨГСӨН ЭТГЭЭД БОЛОХ УУ?  ТУХАЙН НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧТЭЙ ГЭРЭЭ ХИЙХДЭЭ СУРТАЛЧИЛГААНЫ АГУУЛГЫГ ЗАХИАЛАГЧ ТАЛ ХАРИУЦНА ГЭЭД, ДЭЛГЭЦ ДЭЭРЭЭ ТӨЛБӨРТ МЭДЭЭ ГЭСЭН ТОДОТГОЛТОЙ ГАРГАХАД АСУУДАЛГҮЙ БАЙЖ ЧАДАХ УУ?
 

  • ХХЗХ гүтгэсэн эсэхийг тогтоохгүй. Гүтгэсэн эсэхийг хуульд заасан эрх бүхий байгууллага тогтооно.

ЦЕГ:  Зөрчлийн тухай хуулийн 17.1.7-д зааснаар “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. “ гэж заасан. Гүтгэх асуудал эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх учраас тухайн нөхцөл байдлыг тогтоож байж шийдвэрлэх бөгөөд шалгалтын явцад буруутай этгээдийг тогтооно.

  • Төлбөрт, захиалгат нэвтрүүлэг байсан ч эх сурвалжийг заавал дурдах шаардлагатай. Эх сурвалж дурдаагүй бол Сонгуулийн тухай хуулийн 39.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ. Эх сурвалжийг дурдаагүй аливаа сонгуулийн төлбөрт захиалгат нэвтрүүлгийг сонгуулийн суралчилгааны хугацаанд оруулж тооцно.
     
  • Төлбөрт, захиалгат гэсэн тодотголтой, эх сурвалжийг дурдсан ч гүтгэсэн асуудлаар гомдол маргаан үүсэхэд эх сурвалж дурьдсан, төлбөрт гэж тодотгосноос үл хамааран дээрх тайлбартай адил эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх бөгөөд түгээсэн тал мөн хариуцлага хүлээх эрсдэлтэй болохыг анхаарах хэрэгтэй.

8. ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЦАГ АВСНЫ ДАРАА ТӨЛБӨР, ХУГАЦААНДАА МАТЕРИАЛАА ӨГӨХГҮЙ ЦАГ ТУЛГАЖ ИРСНИЙ УЛМААС ХУВААРЬ ЦАГТ БАГА ЗЭРЭГ ӨӨРЧЛӨЛТ ОРОХ БОЛ ЯАХ ВЭ ? ХУВААРЬ ЗӨРЧСӨН АСУУДАЛ ҮҮСЭХ ҮҮ?
 

  • Хуваарь, цаг өөрчлөгдах асуудлын тухайд: энэ талаар гэрээн дээрээ тодорхой тусгах хэрэгтэй. Мөн телевизүүд өөрсдөө хуваарь, зарчмаа сайн танилцуулж, баримтлах нь зүйтэй. Зохицуулах хорооны зүгээс цагийн хуваарийн дагуу байгаа эсэхийг нарийн хянаж үзэхгүй. Гэвч МУИХ-ын Сонгуулйн тухай хуулийн 46.18-т “Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэхийг хориглоно” гэж заасан тул гэрээ байгуулж цагаа олгосны дараа тухайн цагийг өөр нэр дэвшигчид олгохыг хуулиар хориглосон байгааг мөн анхаарах хэрэгтэй. 

9. НАМ ЭВСЭЛД СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ, ЗӨВЛӨМЖ ӨГЧ БАЙНА УУ? ХЭДИЙГЭЭР ГЭРЭЭНД ТУСГАДАГ Ч ГЭСЭН НЭВТРҮҮЛСЭН ЗҮЙЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ТВ Л ХҮЛЭЭХ БОЛНО. НЭР ДЭВШИГЧИД ХЭЦҮҮ, ДУРААРАА АВИРЛАХ ТОХИОЛДЛУУД ИХ. ИЙМД НАМ, НЭР ДЭВШИГЧИД САЙН ХЭЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
 

  • Нэр дэвшүүлэх ажиллагаа дуусч, нэр дэвшигчид тодорхой болохоор зөвлөмжийг мөн хүргүүлнэ.

10. РЕДАКЦИДАА БЭЛТГЭСЭН СУРТАЛЧИЛГААНЫ МЭДЭЭГ СУРТАЛЧИЛГААНД ОРУУЛАХ УУ?
 

  • Сонгуулийн сурталчилгааны мэдээ гэдэг нь төлбөрт, захиалгатай тухайн редакци бэлтгээгүй мэдээ гэж ойлгогдож байна. Иймд сурталчилгаа гэж үзэж нэг хоногийн 60 минутын сурталчилгааны хугацаанд хамааруулж тооцно. Харин тухайн радио, телевизийн редакцад бэлтгэсэн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээг сурталчилгаанд хамааруулахгүй бөгөөд 1 хоногт нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны 60 минутад оруулж тооцохгүй. Гэвч хуулиар нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээг хоногт 5 мин-с хэтрүүлэхгүй зарчмыг баримтлан нэвтрүүлэх шаардлагатай.

11. МЭТГЭЛЦЭЭНИЙГ ОДОО ЯВУУЛЖ БОЛОХ УУ? ХЭДЭН ХҮН ОРУУЛСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
 

  • МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 46.17-д улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгаан нэвтрүүлэгт хамаарахгүй гэж заасан. Иймд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө хязгаарласан зүйл заалт байхгүй. Оролцох хүний тооны хувьд өмнөх Сонгуулийн тухай хуулиар 4-с доошгүй төлөөлөл оролцсон байх шаардлага тавьж байсан бол шинэ хуулиар”.. нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцох байх..” гэж заасан байгаа.

12. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ӨМНӨ НАМЫН ДАРГА НАРААС ЯРИЛЦЛАГА АВЧ БОЛОХ УУ?
 

  • МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48.9-д нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан хөтөлбөр, нэвтрүүлэг, ярилцлагад орохыг хориглосон.

13. РЕДАКЦИД БЭЛТГЭСЭН ӨӨРИЙН МЭДЭЭ, ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ ГЭЖ 2 ТУСДАА МЭДЭЭ ЯРИГДААД БАЙНА. ЭНЭ ТАЛААР ТОДРУУЛАХГҮЙ ЮУ ? ХЭРЭВ УВС АЙМГИЙН ЗУРАГЛААЧААС ЯРИАГАА АВААД РЕДАКЦИД БЭЛТГЭВЭЛ СУРТАЛЧИЛГААНД ОРОХ УУ?
 

  • Өмнөх сонгуулиар радио, телевизүүд өөрийн тогтмол мэдээ, мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс бэлтгэсэн төлбөрт мэдээг их гаргаж байсан. Тухайн төлбөрт мэдээг нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаарх мэдээ гэж үзэн 5 минутад оруулж тооцон, сурталчилгаа гэж үзэхгүй байсан. Тэгвэл шинэ хуулиар радио, телевизийн редакцид бэлтгээгүй нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс бэлтгэсэн төлбөрт мэдээг сонгуулийн суралчилгаа гэж үзэж, сонгуулийн сурталчилгааны хугацаанд оруулж тооцохоор заасан. Харин радио, телевизийн өөрийн редакцид бэлтгэсэн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг сонгуулийн сурталчилгаанд тооцохгүй, гэхдээ нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээг 5 минутаас хэтрүүлэхийг хориглосон. Төлбөрт мэдээг мэдээллийн хөтөлбөрөөс тусад нь ялгаж, эх сурвалжийг дурдаж гаргах үүргийг журмаар мөн зохицуулсан байгаа. Хэрэв өөр аймгаас зураглаач яриа аваад өөрийн редакцид бэлтгэж гаргасан бол сурталчилгаанд орохгүй. Мэдээ нэвтрүүлэхдээ бас анхаарах зүйл нь МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 46.13-т заасны дагуу бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтлах хэрэгтэй.

14. МЭДЭЭНИЙ 5 МИНУТЫГ ЯАЖ ТООЦОХ ВЭ?
 

  • Нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээг хоногт 5 минутаас хэтрүүлэхийг хориглосон. Иймд А намын сонгуулийн үйл явцын мэдээ, А намаас нэр дэвшигч Дорж, Дулмаа нарын мэдээ тус бүр 5 минут хүртэл бэлтгэж болох хэдий ч хуулийн 46.13-т заасны дагуу тэнцвэртэй, нэг талыг барихгүй мэдээлэх үүргээ хэрэгжүүлэхийн тулдзөвхөн нэг нам, тухайн намаас нэр дэвшигчдийн мэдээг гаргахгүй байх, бусад нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мэдээг мөн тэнцвэртэй гаргах шаардлагатай. Мэдээний 5 минутыг тооцоход мэдээний нэвтрүүлэгч уншиж эхлэснээс хугацаа тоологдох бөгөөд давталт мөн хамаарна гэдгийг анхаарах хэрэгтэй.

15. “А” ГЭДЭГ НАМТАЙ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ 15 МИНУТЫН ГЭРЭЭ ХИЙСЭН БАЙХАД ТУХАЙН “А” ГЭДЭГ НАМААС НЭР ДЭВШИГЧТЭЙ НЭГ ӨДӨР ДАХИН 15 МИНУТЫН ГЭРЭЭГ ТУСАД НЬ  ХИЙЖ БОЛОХ УУ?
 

  • Болохгүй. Өмнөх сонгуулиар болж байсан бол энэ удаагийн сонгуулиар нэг намтай 15 минутын гэрээ хийсэн бол тэр намаас нэр дэвшигчдэд тусад нь дахин 15 мин олгохгүй. Учир нь МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 46.17-д 15 минут нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдоно гэж заасан байгааг анхаарах хэрэгтэй. А намтай гэрээ хийсэн бол тэр намаас нэр дэвшигч хэдэн хүн тухайн өдөр хандсан байна, намд олгосон 15 минутаа хуваан ашиглах шаардлагатай.
Top