Коронавирусний халдвар долоогоор нэмэгдэж, 148 боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.27/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны тавдугаар сарын 26-нд нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241-д нь вирус илрээгүй. Долоон хүнд коронавирус илэрлээ. ОХУ-ын Москва хотоос ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан оюутнуудаас коронавирус илэрлээ. Цэргийн онгоцоор ирсэн оюутнаас авсан шинжилгээгээр 14 хоногийн дараа вирус илэрлээ. 

Сайн мэдээ гэвэл зургаан хүн эдгэрч, дараагийн шатлалын тусгаарлалтад шилжиж байна.

Ингээд Монгол Уулсад нийт батлагдсан тохиолдол 148 болж, эдгэрч гарсан 43 хүн байгаа бол эмчилгээнд 105 хүн байна.

Халдвар авсан иргэдийн олонх нь оюутнууд байгаагаас харахад манай эмч нар гаднаас ирж байгаа иргэдээс хэнийг сонгон авч, тусгаарлахаа маш сайн мэдэрч ажиллаж байгааг харуулж байгаа юм.

Өнөөдөр өглөө 06.30 цагт ОХУ-ын Улаан-Үд хотоос 136 хүн ирсэн. Эдгээр иргэдээс 40 хүнийг сонгон авч, ХӨСҮТ-д тусгаарлалаа. Хүний нөөц, орон байрны хангамжийн уялдаа зэргийг бүгдийг тооцож байж иргэдээ татан авч байгаа. Сэтгэл санаа бол эмчилгээнд маш чухал бөгөөд эмч, өвчтөн хоёр бие биендээ итгэлцэх нь эмчилгээний үр дүнг сайжруулж байна. Та бүхэндээ амжилт хүсье" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top