Л.Мөнхтүшиг: Эхлээд ОХУ-аас оюутнуудаа авчирна

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1248 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс 790 нь Улаанбаатар хотын эмнэлэг, зочид буудал, амралтын газар тусгаарлагдаж байгаа. Үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдаж байна. Дархан хотод 135, Орхон хотод 117, Өмнөговьд 71, Сэлэнгэ, Төв аймагт тусгаарлагдаж байна. Өнөөдөр ОХУ-ын Москва хотоос 171 оюутан ирсэн. Тэдний 89 хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн мэдээллийг өглөө.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдөр, маргааш "Алтанбулаг" боомтоор 594 оюутан орж ирнэ гэсэн тооцоолол байна. Энэ оюутнуудаа татаж авсны дараа дараагийн татан авах ажиллагааг товлоно. Гаднаас иргэдээ авчрах давтамж хангалтгүй байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Нэгдүгээр сарын 28-наас хойш хилээр нэвтэрсэн иргэдийн тоо 60 мянга давсан. Үүний 8000 гаруй нь татан авсан иргэд бий. Иргэдийг бүртгэх ажлаас эхлээд тусгаарлах байранд нийт 900 гаруй албан хаагч ажиллаж байна. Өмнөд Солонгос дахь иргэдийн нөхцөл байдал хүндэрч байгаа талаар өдөр бүр мэдээлэл ирж байна. Зүүн өмнөд Азийн орнуудад байгаа иргэдээ татан авах боломжийг бид мөн судалж байгаа. 

Дараагийн татан авах ажиллагаа өнөөдөр, маргааш ирж буй оюутнуудаас ихээхэн хамаарна. Оюутнуудаас халдвар илэрч болзошгүй тул эмч ажилчдын хүрэлцээ хангамжийг тооцож үзнэ. Мөн тусгаарлах байрны хүрэлцээ зэрэг асуудлаас хамаарч дараагийн улсаас татан авах ажиллагааг зохион байгуулна" гэв.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(58.109.221.157) 2020 оны 05 сарын 26

Virus zaaval irne shuu

0  |  0
Top