Хүнд гэмтсэн ИБРА зодог тайлах уу?

2020 оны 05 сарын 26

Италийн хөлбөмбөгийн Сери А лиг зургаадугаар сарын 13-нд эхэлж магадгүй болоод байгаа. Тус улсын Спортын сайд Винченцо Спадафора “Ирэх сарын 13-нд 26 дугаар тойргийн үлдсэн дөрвөн тоглолтыг явуулаад 20-ний өдрөөс 27 дугаар тойргийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Ирэх пүрэв гарагт эцсийн шийдвэр гарна” гэж мэдэгдсэн юм.

Лиг эхлэх болсонтой холбоотойгоор багууд ч бэлтгэл хийж эхэлсэн. Харин “Милан” багийн анхны бэлтгэл тун харамсалтай үр дүнтэй өндөрлөлөө. Шведийн довтлогч Златан Ибрагимович ахиллийн шөрмөсний гэмтэл авсан байна. Шөрмөс тасарсан эсэхийг дараагийн шинжилгээгээр тогтоох ч Ибра энэ гэмтлээр зодог тайлах магадлал өндөр болжээ. Хэрэв тасарсан бол мэс засал хийлгэнэ. Мэс ажилбарын дараа доод тал нь хагас жил бэлтгэл хийж чадахгүй.
 


38 настай Ибра “Милан” багтай 2020 оны зургаадугаар сарын 30 хүртэл гэрээтэй. Гэрээнд нэг жилээр сунгах боломжтой гэж заасан ч магадлал тун бага байна.

Златан Шведийн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би хөлбөмбөг тогломоор байна. Гэхдээ би багт ашиг авчирч байгаа цагтаа л талбайд гардаг хүн. Эрт урьдын гавьяагаар тоглодог хүн биш” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top