Нэр дэвшигч, сонгуулийн штабууд мөрдөх ТҮР ЖУРАМ боловсруулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

 

Улсын онцгой комиссын ээлжит 22 дугаар хурлыг өнөөдөр (2020.05.25) өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Өргөтгөсөн хурлын хоёрдугаар хэсэгт Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх түр журмын төсөл мөн сонгуулийг зохион байгуулахад болзошгүй халдвараас хамгаалахад шаардагдах зардал, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт шаардагдах хөрөнгийн асуудлын талаар хэлэлцэн, зарим шийдвэрийг гаргажээ. 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үед анх удаа УИХ-ын сонгуулийг зохион явуулах гэж байгаатай холбогдуулан СЕХ-той хамтран Улсын онцгой комиссоос ажлын хэсэг томилж, "Түр журам"-ын төсөл боловсруулаад байна.

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус Түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулжээ.

Уг журамд нэр дэвшигчид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа мөрдөх халдвар хамгааллын дэглэм,  хугацаа зэрэг зүйлсийг тусгаж өгсөн байна. Комиссын гишүүд журмын төсөлтэй танилцаад, зарим өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэж үзсэн тул хараахан олон нийтэд танилцуулаагүй байна. 

Найм дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдсон хэвээр байгаа.  

Тиймээс цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын тархалт, дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг  2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасныг гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлуулахаар тогтсон юм. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top