Пакистанд онгоцны ослоос амьд үлдсэн зорчигч хэрхэн амьд гарсан тухай ярьжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 24

 

Пакистаны Карачи хотод өнгөрсөн баасан гарагт гарсан иргэний агаарын тээврийн “Airbus A320” онгоцны ослоос амьд үлдсэн хоёр зорчигчийн нэг болох Мухаммад Зубаир нислэгийн сүүлчийн минут болон хэрхэн амьд гарсан тухай хэвлэлд ярьжээ.

Тэрбээр Карачи хотод исламын Ил аль-Фитра баярыг тэмдэглэхээр нисэж байсан бөгөөд онгоц Лахор хотоос хөөрчээ. Карачи хот руу дөхөх үед онгоцны ахмад онгоц буухад бэлдэж буй тухай зарлажээ. Онгоц доошлох үед зорчигчид онгоц хоёр, гурван удаа чичирхийлэхийг мэдэрсэн байна. Гэнэт онгоц нэг зүйлийг хүчтэй мөргөх үед ухаан алдсан гэж Зубаир ярьжээ. Ухаан ороход нь эргэн тойронд гал дүрэлзэн, утаа бүрхсэн байжээ. Түүнд хүмүүс харагдахгүй байсан бөгөөд зөвхөн тэдний хашхирч буйг сонсогдсон гэнэ. Ухаан орсныхоо дараа Зубаир суудлын бүсээ тайлж, гэрлийн зүг явжээ. Түүний хэлснээр, аврагчид түүнийг олж, эмнэлэгт хүргэсэн гэнэ.

Пакистан улсын иргэний агаарын тээврийн сайд Гулам Сарвар Хан “Airbus A320” онгоцны ослын шалтгааныг гурван сарын дотор олж тогтооно гэж амлажээ. Ослын шалтгааныг тогтоох тусгай комисс ажилдаа ороод байгаа бөгөөд удахгүй Франц, Германаас “Airbus” компанийн шинжээчид ирж ажиллах гэнэ.

Пакистаны иргэний агаарын тээврийн компанийн “Airbus А320” онгоц Карачи хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо осолдсон. Онгоцонд онгоцны багийн долоон гишүүнийг оруулаад нийт 99 хүн явж байснаас 97 нь амь үрэгджээ. Амь үрэгдсэн зорчигчдын дунд есөн хүүхэд байжээ. Урьдчилсан дүгнэлтээр, онгоц шувуудтай мөргөлдсөний улмаас осолдсон гэж үзэж байна. Осол болохоос нэг минутын өмнө холбоо тасарсан байна. “Airbus А320” онгоц нисэх онгоцны буудлын ойролцоох орон сууцны хороололд унасан бөгөөд үүний улмаас хэд хэдэн барилга нуржээ. Нуранги доороос 20 хүнийг аварсан байна. Ослоос амьд үлдсэн хоёр зорчигчийн биеийн байдал тогтвортой байна.

Амь үрэгдсэн зорчигчдын ар гэр агаарын тээврийн компаниас нэг сая рупий, даатгалын компаниас 5.5 сая рупийн нөхөн төлбөр тус тус авах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top