Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Бүгд Найрамдах Унгар Улсын  Засгийн газрын урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Биокомбинат УТҮГ-ыг өргөтгөж, вакцин үйлдвэрлэх  шинэ үйлдвэр баригдах гэж байна. Энэхүү өргөтгөлийн ажлыг гүйцэтгэснээр малын халдварт өвчнөөс сэргийлэх зарим төрлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах аж.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэхдээ  “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийг Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Биокомбинат УТҮГ нь жил бүр мал,  амьтны  халдварт, гоц халдварт  өвчнийг  оношлох,  сэргийлэх, эмчлэх зориулалт  бүхий  40  орчим нэр төрлийн  120-130 мянган литр шингэн,  18 сая  орчим тун  хатаасан  биобэлдмэл  үйлдвэрлэж, Монгол Улсын мал, амьтныг  гоц халдварт, халдварт өвчнөөс  сэргийлэх,  эрүүлжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Улсын онц чухал обьект юм. 1923 онд байгуулагдсан, Бүгд Найрамдах Унгар Улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар 1973 онд  бүрэн шинэчлэлт хийгдэж малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин биобэлдмэл болон оношлогооны бэлдмэл үйлдвэрлэж байна” гэв.

Гадаад харилцааны  сайд Д.Цогтбаатар “Үйлдвэрлэлийн технологийн хоцрогдлыг арилгах, био аюулгүй байдлыг хангах зорилгоор БНУУ-ын Засгийн газрын урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Биокомбинат УТҮГ-ын технологийн шинэчлэлийг хийхээр анх 2009 онд Засгийн газар хооронд харилцан тохиролцож, улмаар зээлийн гэрээг УИХ-р соёрхон баталсан ч Монгол улсын мал эмнэлгийн салбарын байгууллагын  хууль, эрх зүйн орчин оновчтой биш, бүтэц тогтолцоо тогтворгүй, ойлгомжгүй зэрэг байдлаас шалтгаалан уг төсөл хэрэгжихгүй байсаар 11 жилийн нүүр үзсэн юм. Энэ асуудлыг Засгийн газар шийдвэрлэн  Биокомбинат ТӨААТҮГ-ыг татан буулгаж Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяанд улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулснаар мал эмнэлгийн салбарын байгууллагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, үүний үр дүнд дээрх зогсонги байдалд байсан Засгийн газар хоорондын хэлэлцээр шийдвэрлэгдэж гэрээг шинэчлэн тохиролцож, улмаар зээлийн гэрээг 2019 онд УИХ-р дахин соёрхон баталж, БНУУ-ын Мегаложистик компанитай “Биокомбинат үйлдвэрийн өргөтгөлийн барилга, байгууламжийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ”-г байгуулаад байна гэлээ.

 Энэ гэрээ хэрэгжсэнээр олон улсын GMP-ийн шаардлага хангасан, шүлхий, мялзан өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэх 4000м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга,  425м.кв талбай бүхий био аюулгүйн 3-р зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилга тус тус шинээр баригдаж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулах юм байна.

Мөн үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил хийгдэж шинэ үйлдвэр, технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах 40 орчим боловсон хүчний сургалт, дадлагажуулалтын ажлыг хэрэгжүүлэх аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top