Монгол Улсын нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад оржээ

2020 оны 05 сарын 22

Монгол Улсын нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал WWW.OPENDATA.GOV.MN ашиглалтад оржээ.

Энэхүү порталд төрийн байгууллагууд өгөгдлөө “Ашиглаж, хэрэглэж, дахин түгээж болдог” лицензтэйгээр нийтэлж, төр өгөгдлөө хадгалах биш иргэддээ ашиглуулж эхэллээ гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Өгөгдлийг судалгаа шинжилгээ хийх, боловсруулалт хийх, машин уншигдах хэлбэрээр нийтэлж байгаа аж.

Ингэснээр төрийн өгөгдлийг эдийн засгийн эргэлт оруулж, судалгаа хийж, шинжилж БАЯЛАГ бүтээх БОЛОМЖ иргэд, бизнесийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудад нээгдэж буй юм байна.

Эхний ээлжид порталд Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам нэгдээд байгаа бөгөөд цаашид төрийн бүх байгууллагуудын өгөгдлийг нийтэлж, тогтмол шинэчилж ажиллана.

Порталыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны санхүүжилттэй Ухаалаг засаг төслийн хүрээнд хөгжүүлж, ашиглалтад оруулсан аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top