Амиа алдсан Хашоггийн гэр бүл алуурчдыг нь өршөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Хоёр жилийн өмнө Истанбул дахь Саудын Арабын ерөнхий консулын газрын байранд хөнөөгдсөн “Washington Post” сонины тоймч Жамал Хашоггийн хүү Салах Хашогги түүний гэр бүл эцгийг нь хөнөөсөн алуурчдыг өршөөж байна гэж мэдэгджээ.

“Ариун үхлээр амь үрэгдсэн Жамал Хашоггийн үр хүүхдүүд, бид бидний эцгийг хөнөөсөн этгээдийг өршөөж буйгаа зарлаж байна” гэж тэрбээр өөрийн твиттертээ бичжээ. Энэ шийдвэрийг исламын ариун Рамадан сарын сүүлчийн шөнө зарлаж байна гээд Коран судрын өршөөлийн тухай шүлгийн мөрүүдийг бичсэн байна.

Истанбулын прокурорын газар Хашоггийн аллагад холбоотой Саудын Арабын харьяат 20 этгээдэд ял тулгаад байгаа. Тэдгээрээс 18-д нь гэмт хэрэг гүйцэтгэсэн хэргээр насаар нь хорих ял төлөвлөөд байгаа бол Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн зөвлөхүүд болох үлдсэн хоёрыг аллагыг зохион байгуулсан хэргээр яллаж байгаа юм. Истанбулын ерөнхий прокурор Ирфан Фиданы гар үсэг бүхий хавтаст хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Саудын Арабын нэрт сэтгүүлч, “Washington Post” сонины тоймч Хашогги 2017 оноос хойш АНУ-д амьдарч байсан бөгөөд Истанбул дахь Саудын Арабын консулын газрын байранд 2018 оны аравдугаар сард түүний амийг хөнөөсөн. Аллага гарсны дараа Саудын эрх баригчид түүнийг консулын байрнаас гарч ирээгүй гэсэн мэдээллийг үгүйсгэж байсан ба дүрс бичлэг, дуу бичлэг гарсны дараа Хашогги консулын ажилтнуудтай маргалдсаны улмаас амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Туркийн хууль хүчнийхэн түүний цогцсыг өнөө хэр олоогүй.

Саудын Арабын прокурорын газар сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн хэрэгт таван этгээдэд цаазын ял оноож, гурван этгээдэд гэмт хэрэг нуун дарагдуулсны төлөө 24 жилийн хорих ял оноосон тухай мэдээлж байсан. Нийт 11 сэжигтэнд ял тулгаад байгаа бөгөөд гуравт нь нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр сануулах арга хэмжээ авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top