Үлэг гүрвэлүүдийн эринд амьдарч байсан хөхтөн амьтад

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Үлэг гүрвэлүүдийн аварга эринд хөхтөн амьтад тэдний яг парадокс мэт жижиг амьтад амьдарч тухайн цаг үеийнхээ экосистемийг хамгаалж байлаа. Бие жижиг учраас солирын бөмбөгдөлтийг тэсэж үлдэн дэлхийг эзэгнэх болсон билээ. Тухайн цаг үеийн амьтад одоогийн хөхтөн амьтдаас нэг их ялгарахгүй, зарим талаараа дэндүү гэмээр төстэй байжээ. Ганц ялгагдах зүйл нь биеийн хэмжээгээрээ л ялгагдана.

Уншигч танд тухайн цаг үед дэлхийд амьдарч байсан эрт цагийн хөхтөн амьтдыг танилцуулъя.


Касторокауда /Castorocauda/

Жин, урт: 500-800 грамм, 43-50 см урт

Амьдарч байсан эрин: Юрийн галавын эцэс

Олдвор илэрсэн газар: БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон

Нас: 166-157 сая жилийн өмнө

Товчхон:  Амьдралынхаа ихэнх үеийг усанд өнгөрөөх хэдий ч газар дээр үүр засдаг. Загасаар хооллодог. Сүүлнийх нь бүтцийг харвал одоогийн минжтэй тунчиг төстэй. Гэхдээ биеийн жингээрээ одоогийн минжнээс харьцангуй бага. Зүйрлэвэл одоогийн хүрэн хэрэмтэй дүйнэ. Гэвч Юрийн галавын үед амьдарч байсан хөхтөн амьтдаас хэмжээ, жингийн хувьд хамгийн том нь.


Каейнтатериум /Kayentatherium/

Жин, урт:  Орчин цагийн дундаж нохойтой дүйнэ.

Амьдарч байсан эрин: Юрийн галавын эхэн

Олдвор илэрсэн газар: АНУ-ын баруун өмнөд хэсэг

Нас: 200-183 сая жилийн өмнө

Товчхон: Одоогийн хөхтөн амьтдын хамгийн ойрын “хамаатны” нэг. Үс тачир, дөрвөн хөл дээрээ явдаг тухайн цаг үеийн амьтдыг бодвол бодисын солилцоо их явагддаг амьтан байжээ. Сэг зэмээр хооллодог. Тухайн цаг үеийнхээ бие жижиг амьтдыг барьж иддэг байсан аж.


Волатикотериум /Volaticotherium/

Жин, урт: 70 грамм, 12-14 см урт

Амьдарч байсан эрин: Юрийн галавын эцэс

Олдвор илэрсэн газар: БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон

Нас: 166-157 сая жилийн өмнө

Товчхон: Дөрвөн мөчний хооронд үүссэн жижиг уутанцар буюу арьсан мембран бүхий эдээр модноос модны хооронд дүүлдэг байжээ. Энэ нь нисдэг хөхтөн амьтдын хамгийн эртний төлөөлөл юм. Одоогийн нисдэг хэрэмтэй тун төстэй. Ийм амьтан байсан гэдгийг 2006 онд анх дэлхий дахин мэдэж байлаа. Ингэснээр шинжлэх ухаанд томоохон нээлт болсон олдвор болсон билээ.


Литовой /Litovoi/

Жин, урт: 160 грамм, 15-20 см урт

Амьдарч байсан эрин: Цэрдийн галавын сүүл

Олдвор илэрсэн газар: Румын

Нас: 66-69 сая жилийн өмнө

Товчхон: Хэмжээгээр одоогийн хархтай дүйнэ. Элдэв идэшт энэ амьтан солирын бөмбөгдөлтийг тэсэж үлдсэн цөөхөн амьтдын нэг бөгөөд идэш тэжээлийн хомсдол зэргээс шалтгаалан хожим нь устаж төстэй өөр амьтанд зайгаа тавьж өгчээ. Биеийн хэмжээтэй нь харьцуулбал маш жижиг тархитай амьтан байжээ. Дэлхий дээр амьдарч байсан хөхтөн амьтадын хамгийн жижиг тархитай нь Литовой юм.


Периптикус /Periptychus/

Жин, урт: 20 кг

Амьдарч байсан эрин: Палеоценийн галавын эхэн

Олдвор илэрсэн газар: АНУ-ын баруун өмнөд хэсэг

Нас: 63.3-61.7 сая жилийн өмнө

Товчхон: Биеийн хэмжээгээр одоогийн дундаж хэмжээний нохойноос арай том байжээ. Үлэг гүрвэлүүд мөхсөний дараа дэлхий даяар хурдан үржиж байсан хөхтөн амьтан. Туурайтны овогт багтана. Гэхдээ махан идэшт биш өвсөн тэжээлт амьтан байжээ. Шүд болон хэл нь өвс ороож идэхэд зориулагдан хөгжсөн. Шөнийн идэвхтэй амьтан байх өндөр магадлалтай.

Эх сурвалж: Science Focus

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top