Эдийн засагт ДЕФЛЯЦ үүсэх нь

2020 оны 05 сарын 22

Инфляц буюу үнийн өсөлт эрчимтэй буурах хандлагатай болжээ. Өнөөгийн нөхцөлд инфляц 4.7 хувиар өссөн нь эдийн засгийн хувьд хямралын дохио байж мэднэ. Энэ нь зах зээл дээр бараа бүтээгдэхүүн ханачихаад байгаагийн тоо илэрхийлэл биш. Харин  эрэлт хумигдаж буйн дохио. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд үүнийг тайлбарласан байгаа. Төв банк өнгөрсөн сард бодлогын хүүг нэг хувиар бууруулж, зах зээл дэх мөнгөн урсгалыг дэмжсэн. Эдийн засгийн өсөлт энэ онд саарч, эрэлтийн шалтгаантай үнийн өсөлт нэмэгдэхээргүй байгааг харгалзан үзсэн байдаг. Үүнд нэг зүйлийг тодотгосон нь импортын хүнсний бүтээгдэхүүний хангалт доголдохгүй тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляц  өсөхгүй гэж тооцсон явдал юм. Тиймээс инфляц буурсан нь иргэдийн худалдан авах чадвар муудсантай шууд холбоотой. Улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өртгөөсөө буурах буюу дефляц үүссэн цагт хямрал ороод иржээ гэж ойлгож болно


Гэхдээ эдийн засагт хямрал хараахан нүүрлэчихээгүй бөгөөд шинэ төрлийн коронавирус (Ковид-19)-ийн дэгдэлт хэрэглээгээр дамжин бизнесийн үйл ажиллагааг хумих хандлага давамгайлж байна. Эдийн засаг энэ оны эхний улиралд 10.7 хувиар агшсан нь үүнийг илтгэх тоон үзүүлэлт. Онолоороо тухайн эдийн засаг хоёр улирал дараалан буурсан тохиолдолд эдийн засаг хямарсан гэж үздэг боловч айсуй хямралыг сөрөх бодлогоо эрчимжүүлэхийг анхааруулсан улаан дохио аслаа. Судлаач, шинжээчдийн зүгээс ч эдийн засагт гэнэтийн шок газар авч, “Хар хун” нүүрлэлээ гэдгийг ам уралдацгаан анхааруулж байгаа. Төрөөс үүний эсрэг зургаа орчим их наяд төгрөгийн арга хэмжээ зохион байгуулахаар болсон. Эхний ээлжид ОУВС-гаас 99 сая ам.долларын зээл авах тохироонд хүрээд байна.  Гэвч манайх шиг жижиг, нэг салбараас хэт өндөр хамааралтай эдийн засагт интервенц хийх мөнгөн дүн онц чухал биш бодлогын зөв арга хэмжээ л байгаа онодог гэдгийг өнгөрсөн хугацааны түүх харуулна. Тиймээс МАН-ыг Засгийн эрх авахад нөхцөл байдал ямар байсныг эргэн нэг сануулах хэрэгтэй болов уу.

Манай улс хамгийн сүүлд дампууралд ойрхон тулсан хүндрэл одоогоос яг дөрвөн жилийн өмнө буюу 2016 онд тохиосон. Тухайн оны эхний гурван улиралд ДНБ 1.6 хувиар унаж, хасах 0.6 хувийн дефляцтай, ажилгүйдлийн түвшин 11.6 хувь болж өсөөд байв. Төсөв 1.7 их наяд төгрөгийн өндөр алдагдалтай, зээлийн өсөлт зогсонги байдалд орсон, банкны салбарын чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 15.4 хувьд хүрсэн, гадаад валютын цэвэр нөөц Монголбанкны тодорхойлолтоор хасах 402.5 сая ам.доллар, ОУВС-ийн тодорхойлолтоор хасах 2.75 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан үе. Тэр үеийн таагүй байдал одоогийнхоос харьцангуй алгуур буюу 2014 оноос эхтэй ч эдийн засаг үндсэндээ элгээрээ хэвтсэн. Ялангуяа улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болдог гадаад валютын албан нөөц тухайн үеийн эрх баригчид буруу бодлого хэрэгжүүлсний нөлөөгөөр хоосроод байлаа. 2016 оны долдугаар сард  валютын нөөц 1.2 тэрбум ам.доллар, Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг, юанийн своп хэлцлийн хүрээнд Монголбанк авч ашигласан дүн 1.6 тэрбум ам.доллар, харин дотоодын банкуудтай хийсэн своп хэлцлийн цэвэр дүн 1.4 тэрбум ам.доллар, нийтдээ валютын цэвэр нөөц талдаа хасах 2.75 тэрбум ам.долларын алдагдалд орсон  юм. Үүний шалтгаан нь  2016 оны зургаадугаар сард 400 орчим сая ам.долларын гадаад валют дотоод зах зээлээс гарсан. Төсвийн болон төлбөрийн тэнцлийн олон жилийн алдагдал гүнзгийрсэн явдал байсан. Нөгөө талдаа өндөр дүнтэй гадаад өр төлбөрүүд болох Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Хятадын Ардын банктай байгуулсан хэлцлээр авч ашигласан 12 тэрбум юань, Чингис бондын 500 сая ам.доллар, Димсам бондын нэг тэрбум юань хүлээгдэж байсан нь валютын захад оролцогчдын хүлээлтэд нөлөөлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2016 оны сүүлийн дөрвөн сард огцом сулрахад нөлөөлжээ. Үр дүнд нь Монгол Улсын зээлжих зэрэглэл маш хурдацтай буурч, олон улс дахь нэр хүнд унаад байлаа. Тухайлбал, Moody’s агентлаг зээлжих зэрэглэлийг хоёр шатлалаар бууруулж Caa1 ангилалд оруулсан. Зээлжих зэрэглэл буурснаар улсын эрсдэлийн зэргийг нэмэгдүүлж, гадаад зах зээл дээр гаргасан бондуудын үнэ хурдтай унаж, хүү нь өссөн байдаг. Өрийг өрөөр дарах хугацаанд өртөг нь улам нэмэгдэх болсон. Төсвийн өндөр алдагдалд өрийн хүүний төлбөр нэмэлт дарамт учруулж эхэлсэн. Ингэж Засгийн газрын өр өндөр түвшинд хүрч, хуулиар тогтоосон тусгай шаардлага, нөхцөлийг даваад байлаа. Гэтэл тухайн үеийн эрх баригчид хямралын эсрэг бодлого нэрээр Хөгжлийн банк, Монголбанкнаас тооцоо судалгаагүй хэт их мөнгө нийлүүлсэн. Сонгуулийн өмнөхөн хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг Төв банкнаас санхүүжүүлсэн нь хямрал сөрсөн бодлого бус үнэн хэрэгтээ улс төрийн оноо авах алхам байсныг гэрчилдэг. Энэ нь эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг сулруулах замаар иргэдийн худалдан авах чадварыг дордуулсан юм. Ийнхүү төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хөдөлгөөн 2013 болон 2016 онд хамгийн өндөр савлагааг үзүүлсэн. Энэ үзэгдэл нь 2008 оны хямралын үед ч ажиглагдаагүй өндөр хэлбэлзэл байсныг шинжээчид онцолсон байдаг. Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан 2012-2016 оны дөрвөн жилийн хугацаанд нийт долоон их наяд төгрөгийг банкуудад нийлүүлсэн явдал нь эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг алдагдуулах суурь шалтгаан байсан. Харамсалтай нь ийм замаар бий болгосон нөлөө нь одоо ч засагдаж амжаагүй байгаа явдал.

Шийдвэр гаргагчид тооцоо судалгаагүй, улс төрийн, харалган үйл ажиллагаа явуулсны уршиг иргэдийн нуруун дээр ямар их дарамт үүрүүлдгийг илтгэх гашуун сургамж энэ мэт бэлэн байна. Одоогийн эрх баригчдын хувьд АН-ын Засгийн газрын алдаанаас суралцах зүйл их боловч шийдвэр гаргах хугацаа харьцангуй бага оногдохоор байгаа гэж үзэж болно. Одоогийн нөхцөл байдалд бол Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 55 болж, 2016 оныхоос хамгийн доод түвшиндээ хүрсэн. Улс сан хөмрөг ч чамлахааргүй зузаарч, Монголбанкны валютын нөөц 4.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Иймд мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээс эхлэн  голлох экспортын орлогоо нэмэгдүүлэх арга л улсын эдийн засгийг эрчимтэй сэргээхээр харагдаж байгаа. Монгол Улсын хувьд валют оруулж ирдэг голлох салбар нь уул уурхай. Харин уул уурхайн бүтээгдэхүүний 90 гаруй хувийг БНХАУ худалдан авдаг. Бид хятадаас авдаг хэрэглээнийхээ зардлыг уул уурхайн бүтээгдэхүүний орло­гоороо нөхдөг. Орлого тасалдвал, хэрэглээ дагаад тасалдаж таарна. Улмаар иргэдийн гар дээрх мөнгө хомсдож, худалдан авах чадвар бууран бараа бvтээгдэхүүний гүйлгээ эрс багасах үзэгдэл манайд инфляц эрэлт талаасаа буурснаар илэрч байна. Энэ нь хамгийн түрүүнд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд илэрч байгаа бөгөөд цаашид даамжирвал дифляц нүүрлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top