Барүто: Эх орноо өөрчлөхийн тулд парламентын гишүүн болсон

2020 оны 05 сарын 21

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн цуцлагдсан билээ. Харин долоодугаар сард болдог Нагоя башёг Токио хотноо долоодугаар сарын 19-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа.

Японы спортын “Спортс Хочи” сонины газраас Зуны тэмцээн эхлэх ёстой байсан тавдугаар сарын 10-наас эхлэн 15 хоногийн турш сүмо бөхийн тухай нийтлэл, алдарт бөхчүүдтэй хийсэн ярилцлага гаргаж байгаа юм. Энэ удаагийн зочноор Эстонийн үлэмж биет озэки асан Барүто уригджээ.

Барүто одоо төрөлх эх орондоо парламентын гишүүнээр ажиллаж байна.  2013 онд зодог тайлан, Японы холимог тулаанд хүч үзэж байсан ч 2018 онд эх орондоо харьсан. Эстонийн “Estonian Centre Party” намын ХАА, спорт, Азийн орнуудтай хийх харилцааг хариуцан ажиллаж байгаад өнгөрсөн жил сонгуульд өрсөлдөж, уг нь ялагдсан. Гэвч түүний тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигч болох хотын дарга ажлаа өгөх бодолгүй байна хэмээн нэрээ татсан тул саналын тоогоор 2-т бичигдэж байсан Барүто парламентын гишүүн болсон түүхтэй.

Мэргэжлийн сүмочдоос “Оошима” дэвжээний Кёкүдозан 1996 онд, манай Кёкүшюүзан 2008 онд сонгуульд өрсөлдөн, парламентын гишүүн болж байлаа.

Ингээд “Спортс Хочи” сонины газраас түүнтэй утсаар ярилцсан байна.

Барүто “Мал аж ахуйн ферм, зочид буудал ажиллуулж байгаад улс төрд орохоор шийдсэн. Японд 15 жил байсан болохоор Эстонид өөрчлөх, шинэчлэх ёстой зүйл олон байгааг мэдэрч байлаа. Эх орноо өөрчлөхийн тулд би парламентын гишүүн болсон. 2020 оны хоёрдугаар сард Эстонийн Ерөнхий сайд  Юри Ратасын Японд хийсэн айлчлалд оролцсон. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Ерөнхий сайд асан Коизүмитэй тэр үед уулзсан. Одоо би парламентад орон нутгийн ХАА, Цагдаагийн албыг хариуцан ажиллаж байна. Зав зай багатай ч хааяа сүмо барилддаг. Гэрийн ойролцоо сүмо бөхийн клуб бий. Тэнд сард гурван удаа хичээл заадаг. Японы сүмо бөхийн тэмцээнийг интернэтээр үзнэ. Дээд зиндааны шинэ бөх Котоновакад их итгэл тавьж байна. Түүний барилдааныг хоёр жилийн өмнөөс хардаг, дэмждэг болсон. Аав нь намайг сүмод орж байхад барилдаж байлаа. Котоновака чадалтай, хурдтай ч толгойгоо сайн ашиглах хэрэгтэй байна. Тэгвэл улам дээшээ ахиж чадна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top