Төсөв 643.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 их наяд   төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 2.7 их наяд төгрөг болжээ. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.4 хувийг эзэлж байна.  Төсвийн  зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн  тэнцэл 643.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ  дөрөвдүгээр сард 642.4 тэрбум төгрөг болж өмнөх сараас 117.8 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 970.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 12.8 хувиар  өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 85.6 хувийг татварын орлого, 7.8 хувийг татварын бус орлого, 6.4 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.2 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус  эзэлж байна.

Татварын нийт орлого  оны эхний дөрвөн сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар буурахад хөрөнгийн албан татвар 1.7 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч бусад татвар, төлбөр хураамжийн орлого  33.2 хувь,  онцгой албан татвар 23.1 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь,  нийгмийн даатгалын орлого 6.9 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний дөрвөн  сард  3.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар өсжээ.  Зарлагын өсөлтөд урсгал зардал 18.7 хувь, хөрөнгийн зардал  21.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top