Гаж донтнуудын хийрхэл

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Хөх төмөр хөндлөн үүрэхээсээ өмнө олзонд нүд аньж сурсан буюу хэзээ гох мултлахаа мэддэг болсон хүнд анчин гөрөөчин нэр хайрладаг байсан юм, монголчууд. Харин одоо төмөр хүлэг, дурантай буугаар зэвсэглэсэн залуус өөрийгөө анчин хэмээн өргөмжилж, цээжээ дэлдэн хөөрцөглөх болов. Эцэж цуцтал нь машинаар хөөж, уугаа бараг л толгойд нь тулгаад намнадаг хүмүүсийг анчин хэмээн нэрлэж болно гэж үү. “Унагах” амьтныхаа хаана нь онилохоо мэдэхгүй, гөрөөчин хүний ёс жудаг, баримталдаг дүрмийн наад захын ойлголтгүй, мөсөн зүрхтэй “жаал”-ууд сүрийг үзүүлэн давхих нь шинэ цагийн монголчуудын нэг эмгэнэл болоод байна.

Алж л байвал сэтгэл нь ханадаг, буудаж л байвал хорхой нь дарагддаг гаж донтнууд чинээлэг залуусаар бүл нэмэн хүчирхэгжсээр. Зарим нь зүгээр л халуун цус уух гэж аллага үйлдэж байна. Тэрчлэн цус уудаг, эрхтнийг нь залгидаг хэлбэр сонирхлыг нь татахаа больж эхэлжээ. Илүү гаж, илүү догшин хэлбэрт хувирч байна. “Энэ бол ердөө л гаж дон. Алж таашаал авдаг, цус ууж баясдаг сэтгэцийн өвчин” хэмээн “Амьтан хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Ц.Дамдинсүрэн тодорхойлов. Анч удамтай монголчуудын өнгө зүс ийнхүү алуурчин төрхийг олсноор зэгсэг агссан ангуучид хэдэн мянгаар тоологдож, араасаа цусанд шунасан араатнуудыг төрүүлж эхэлсэн нь энэ.

Тэгвэл жинхэнэ анчин гэж хэнийг хэлэх вэ. Ном сударт өгүүлснээр мэргэжлийн анчин нь тухайн ан амьтныхаа талаар мэдлэг мэдээлэлтэй, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй, байгалиа давхар хамгаалах талаар тодорхой хүлээсэн үүрэгтэй, хүнлэг хүмүүс байх учиртай. Иймдээ ч монголчууд анчин гөрөөчин хүнийг БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ-ийн хэмжээнд ойлгон, хүндэтгэдэг заншилтай. Тэд наад зах нь хэзээ, хаана, ямар амьтан агнахаа, яаж буудахаа, нас бие гүйцсэн эсэх, үржлийн буюу ороо нь орсон, ороогүй үеийг мэднэ. Ерөнхийдөө уужуу тайван сэтгэл, алсын хараа, эр хүний ур ухаан шаарддаг онцгой мэргэжил хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэгээд ч хуучин цагт эр хүнийг амьдрахын тулд ан хийж болно. Харин шунаж, сэтгэлээ баясгах гэж аллага үйлдэж болохгүй хэмээн хатуу анхааруулдаг байжээ.

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монголын 10 хүн тутмын нэг нь анчин хэмээн тодорхойлжээ. Гэхдээ энэ харьцуулалт одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2006 онд гаргасан үзүүлэлт. Түүнчлэн байнга анд явдаг буюу өөрсдийгөө “жинхэнэ анчин” хэмээн үздэг хүн 245.000 байна гэсэн судалгаа гарсан нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарч үзэх асуудал. Энэ тоо өнөөдөр өссөн үү гэхээс буураагүй.

Эртнээс монголчууд сонин содон хийгээд нүүдэллэж яваа, хээлтэй, эсвэл үр төлөө дагуулсан амьтан руу онилох нь бүү хэл, үргээж цочоохыг цээрлэдэг. Харин энэ ёсыг даган мөрдөж, хангай дэлхий, байгаль эхдээ хүндэтгэлтэй ханддаг жинхэнэ гөрөөчин Монголд ер нь хэд байгаа бол. “Маш цөөхөн, хэдхэн арваар л тоологдоно” хэмээн өөрийгөө анчин гэж өргөмжилсөн нэг танил өгүүлэв. Хустайн нуруунд хэдэн жилийн өмнө хулгайн анчид 13 буга алсан хэрэг гарсан. Анчин ч гэж дээ, мөнөөх эрлэгүүдийн буудсан буган сүргийн гурав нь согоо бөгөөд хэзээ мөдгүй янзагалах байжээ. Гэтэл согоог буудаад, хээлийг нь гаргаж хаячихаад, савыг нь аваад явсан аймшигтай хэрэг үйлдсэн. Ийм хүйтэн сэтгэлтнүүд шийтгэл амсаагүй өдий хүртэл явааг мартаж болохгүй.

Сүүлийн үед Монголын анчдын холбоо, нийгэмлэг, ан сонирхогчдын бүлэг гээд хэдэн зуун гишүүнтэй сайн дурын байгууллага цахим сүлжээгээр холбогдон олноор төрж байна. Ан сонирхогчдын нэг бүлэг гэхэд 200-гаад гишүүнтэй байх жишээтэй, мэдээлэл нь хаалттай. Тэд голдуу хаана, хэн ямар амьтан алснаа гишүүддээ тайлагнаж, анд аль бүлэг, хэдүүлээ ямар унаа тэрэгтэй явах, хэдэн төгрөгөөр нийлэх вэ гээд бүх мэдээллээ солилцдог. Амьтан алж зугаацдаг гаж донтнуудын бүлэгт залуу үе хүч нэмэн өргөжиж байгаа гэх мэдээлэл ч байна. Зарим архаг анчин өсвөр насны хүүхдээ дагуулан сургадаг болжээ. Ингэхэд, цусандаа хутгалдаж үхсэн амьтан хараад цэрвэж эмээдэггүй нийгмийг төлөвшүүлж байгаагаа “архагууд” яагаад ухаарахгүй байна вэ. Монголчууд мал гаргахдаа хүртэл нялхас, эмэгтэйчүүдийнхээ нүдийг хааж, холдуулж хориглодог биш бил үү.

Гаж донтнуудын хийрхэл үүгээр зогсохгүй. Гөрөөсний халуун цусанд дуртай, байнга ууж таашаал авдаг хүн араатнууд олширсоор байна. Ой гутам энэ үйлдлээ тэд эртнээс уламжилж ирсэн эмчилгээний онцгой арга гэх. Түүх сөхье. Монголын эзэнт гүрний цэргүүд зөвхөн жанжныхаа зөвшөөрлөөр, зарим онцгой тохиолдолд маш нарийн тогтоосон тунгаар мориныхоо цусыг уудаг байжээ. Сүүлдээ голдуу тамиргүй эрчүүд яргуй идсэн гөрөөсний, хулангийн, чонын цусыг жилд нэг удаа маш бага хэмжээтэй уудаг болсон байна. Нэг зүйлийг сануулахад, тэр үед экосистем цэвэр ариун байсан. Тэрчлэн туулайн зүрхийг халуунаар нь, “амьдаар” нь залгих, цөсийг нь архинд хадгалж хэрэглэх, тарваганы хүн мах, булчирхай, чонын хэл, цаашлаад төмсгийг нь хүртэл түүхийгээр нь иддэг гээд онцгой эмчилгээнүүдийг тоочвол барагдахгүй. XXI зууны монгол эр хүний сэтгэхүй ингэтлээ доройтож ч гэж.

Тэгвэл орчин үеийн шинжлэх ухаан юу гэх бол. Үнэндээ энэ нь ямар ч уламжлалт анагаах ухаантай хамаагүй бөгөөд зөвхөн дом, мухар сүсэг, нэгэн төрлийн зарим хүний дотор нуугдах араатан шинж хэмээн үзэж байна. Бор гөрөөс гэхэд ой, хөндий хоёрын заагийн шимтэй хэсгийн мараагаар үхэр, хоньтой нийлж бэлчдэгээс шүлхий, бруцеллёз зэрэг янз бүрийн өвчнөөр өвчлөх, вирус тээх нь элбэг. Ийм амьтны түүхий цусыг ууснаар тээж яваа өвчнийг нь шууд авна гэсэн үг. Цус бол аливаа амьтны биеийн бүх эд эрхтэн рүү тэжээл зөөдөг. Үүнтэй холбоотойгоор тэрхүү тэжээллэг орчинд нян хамгийн түрүүнд үрждэг гэжээ. Хээрийн амьтан эрүүл гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг нь харамсалтай хэмээн эрдэмтэд ярилаа. Угтаа цус уудаг, зүрх залгидаг үзэгдэл бол эртний бөөгийн, их ан ав хийсний, дайнд ялсан, эсвэл тулалдахаас өмнө үйлддэг заншил болохоос эмчилгээ биш хэмээн сануулж байна.

Ингэхэд манай залуус анчин, анчдын бүлгийн гишүүн хэмээн хөөрцөглөж байхаар хамгаалах, үржүүлэх талаар нэгдэн нийлж, бусдыгаа уриалж яагаад болохгүй гэж. Зэвсэг агссан эрлэг бус, цэцэг барьсан элч болж яагаад болохгүй гэж. Хэзээ мөдгүй устаж болзошгүй мазаалайд, шагайн чинээ заарнаасаа болж хядуулсаар дуусаж буй баданга хүдэрт, мал, малчин, хүн, уул уурхайн үйлдвэрлэлд газар нутгаа, хоол тэжээлээ дээрэмдүүлж, хотонд нь орохоос өөр гарцгүй үлдсэн саарал чоныг, эврээсээ, сүүлнээсээ болж алуулдаг бөхөнг, буга согоог хамгаалахад ганц удаагийн ан авдаа зориулдаг зардлаа хандив болгон цуглуулж яагаад болохгүй гэж. Хожим танд буян нь ирнэ. Гэхдээ энд нэг л зүйл үгүйлэгдэж байна. Хамгийн гол нь экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах талаар санал санаачилга гаргах байгальд хайртай монгол чанар дутагдаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.140) 2020 оны 05 сарын 24

Амьтан алж таашаал авдаг гаж донтон улс төрчдийн дотор ч цөөнгүй. Тухайлбал Номтойбаяр агнахыг хориглосон баавгай агнасан байх жишээтэй.

0  |  0
zochin(66.181.161.75) 2020 оны 05 сарын 23

odoonii zaluus iim bolood baina deer n shiliin bogd uulan deer garchihwal mundag er bolchihood baigaa yum bishuu..

0  |  0
Su ah(202.179.24.193) 2020 оны 05 сарын 23

Тархины тураал өвчин хүнийг ийм болгодог гэж сонссон юм байна. Ийм хүмүүс ихэвчлэн зуурдаар нас барж богино насладаг.

0  |  0
ь(103.57.94.17) 2020 оны 05 сарын 23

Үр хүүхдүүд нь үйлийн үрийнэ үүрдэг гэдэг тиймээс дэмий зүйл дээ амий хамгаалах буутай араатан дайрхад хутгатай амьдралынхаа сайхан мөчийг үлдээх зургын аппрадтай аялж сурах хэрэгтэй

0  |  0
Top