Хуйвалдааны онолыг хэрхэн таних вэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

КОВИД-19 цар тахлын үед хуйвалдааны онол хүчтэй бөгөөд хурдацтай түгж байна. Зарим нэг нь бүр үнэмшилтэй сонсогдоно. Хуйвалдааны онол хэрхэн гардаг вэ? Юуны учир хуйвалдааны онол ийм их түгээмэл вэ?

Бид хямралын ид үед хүрээд байна. Энэ нь зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн бус сэтгэл зүйн хямрал юм. КОВИД-19 гэж нэрлэгдээд буй амьсгалын замын өвчин үүсгэгч коронавирус болон цар тахлыг хазаарлах зорилгоор авч буй арга хэмжээнүүд олон сая хүний амьдралын хэв маягийг орвонгоор нь эргүүлэв. Энэ бүхний үр дагавар бид бүгдэд өөр өөр нөлөө үзүүлж байгаа ч бид бүгдийг нэгтгэж буй нэг зүйл бий. Энэ нь тодорхойгүй байдал. Хүмүүс тодорхойгүй байдалд дургүй. Тэд дараа нь юу болох, яагаад гэдгийг мөн бүх зүйл өөрөөр эргэсэн бол яах байсныг мэдэхийг хүсдэг. Тийм ч учраас хямралын үед хуйвалдааны онолууд амьдралд орж ирдэг. Учир нь эдгээр нь аливаа хямрал, эмх замбараагүй байдал, ёроолгүй мэт санагдах тодорхойгүй байдлыг хялбараар тайлбарладаг. Бидний өдөр тутмын хэвийн амьдрал биднээс алслан холдож буй мэт санагдах мөчид ихэнх хүмүүс тэр муу зүйлийг зүхэн, ярианы гол сэдэв болгох дуртай байдаг.

Онол хуйвалдааны онол болох нь

Бодит байдал дээр энгийн асуултад хариулахад тийм хялбар бус байх нь элбэг. Хуйвалдааны онолыг юу өдөөдгийг шинжлэх ухаанаар тодорхойлсон ойлголт байдаггүй гэж Германы Иоханнес Гутенбергийн их сургуулийн нийгэм, хуулийн сэтгэл судлаач, хуйвалдааны онол судлаач Роланд Имхофф онцолжээ. Зарим хүмүүс хуйвалдааны онолыг бодит байдлыг илэрхийлээгүй, тодорхой бус таамаг хэмээн ойлгодог. Харин энэ ойлголт судалгаанд ч тэр, нийгмийн харилцаа холбоонд ч тэр тусгүй гэдэгт Имхофф итгэлтэй байна. Ингэхдээ тайлбар нь буруу ч бай, зөв ч бай энэ тодорхойлолтоос шүүн тунгаах гэсэн үгийг авч хаяхыг санал болгожээ. Түүнийхээр хуйвалдааны онол нь тодорхой хүрээг хамарсан үйл явдал учир шалтгааны улмаас нийгмийн тусламжтай ашиг хонжоо хайсан хэдхэн хүний нууц төлөвлөгөөтэй холбоотой гэх таамаг. Заримдаа хуйвалдааны онол нь болсон үйл явдлыг тайлбарлах хамгийн үнэмшилтэй хувилбар болох нь бий. Тухайлбал, ХХ зууны эхээр Оросын хааны нууц албаны бичсэн гэгдэх сайтар баримтжуулсан “Сионы мэргэдийн нууц протокол”-д дэлхийд ноёрхлоо тогтоох гэсэн еврейчүүдийн нууц төлөвлөгөөний тухай дурддаг. Хожим нь антисемитийн энэ хуйвалдааныг Адолф Гитлер Холокостын аллагыг зөвтгөхөд ашигласан байдаг.

Баримтаа нягтал

Хуйвалдааны онолын үнэн зөв байдлыг ялгаж салгахын тулд бид шинжлэх ухааны стандартуудыг хэрэглэх ёстой. Шинжлэх ухаанд туйлын үнэн гэж байдаггүй. Харин зөвхөн үнэмшилтэй, туршлага дээр үндэслэсэн янз бүрийн хэмжээний нотолгоо гэж бий. Харин ихэнх хуйвалдааны онолууд хэт үнэмшилгүй байдаг гэж Имхофф тайлбарлажээ. Таамгийг баталгаажуулах хамгийн эхний алхам бол эх сурвалжийг нягтлах явдал. Хэн, хэзээ, хаана юу гэж хэлэв? Мэдээллийн CNN агентлаг уу, эсвэл “The Guardian” уу, “Deutsche Welle” суваг уу? Эсвэл магадгүй докторын зэрэгтэй ч ямар нэг жинтэй шинжлэх ухааны бүтээлгүй нэгэн YouTube сувгийг ашигласан уу?

Олон жилийн ажлын туршлагатай редакторуудтай өдөр тутмын сонин шиг YouTube-ийн дүрс бичлэг бүр найдвартай бол нийгмийн хувьд бодит байдлыг өгүүлэх харилцаа холбооны эдгээр хэрэгсэлд бид баяртай гэж хэлэх болж байна гэж Имхофф өгүүлжээ.

Хуйвалдагчдад тохиолдол гэж байдаггүй

Хуйвалдааны онолыг таних чадвартай байхын тулд үүний зорилгыг ойлгодог байх нь чухал гэж Имхооф үзэж байна. Түүний хэлснээр, хуйвалдааны онолын зорилго тохиолдлыг давж гарах явдал юм. Ерөнхийдөө хүмүүс тохиолдолд итгэхийг тэр бүр хүсдэггүй тул хуйвалдааны онол тэдэнд таалагддаг. Учир нь тохиолдол бидний хяналт, төсөөллийг булаан авдаг. Харин хуйвалдааны онолд тохиолдол гэж байдаггүй. Эсрэгээр бүх зүйл өөр бусад зүйлтэй ямар нэгэн сэжмээр холбогддог. Хуйвалдааны онолчид өөрсдийн баримт нотолгоонд автах нь элбэг. Жишээ нь Йенс Спан /Германы эрүүл мэндийн холбооны сайд/ Билл Гейтсийн компанид ажилладаг эмэгтэйн авга ахынх нь үеэл ажилладаг банкны санхүүжилттэй Манлайллын Хөтөлбөрт хамрагдсан гэх мэт.

Логик байна уу? Шаардлагагүй

Энэ тохиолдолд учир шалтгаан нь батлагдсан гэж хэлэхэд хүнд. Гэхдээ энэ чухал биш. Хуйвалдааны онолыг дагагчдын хувьд логик учир шалтгааны зөрчилдөөн асуудал биш гэдгийг судалгаа илтгэдэг. Британийн нууц алба хатагтай Диг /Диана гүнж/ хөнөөсөн гэдэгт итгэдэг хүмүүс хатагтай Ди шуугиан, дуулианаас залхан цөлд амьдарч байгаа гэвэл мөн л итгэнэ гэж сэтгэл судлаач онцолжээ. Хууч яриа өөрөө тийм ч чухал биш. Хатагтай Дид юу тохиосон нь ч тийм чухал биш. Харин эрх баригчид бидэнд худал хэлдэг гэх итгэл үнэмшил чухал.

Хэнд ашигтай вэ

Үүнийг Имхофф хуйвалдааны онолын зүгээр нэг хоосон, гоё үгийн мэх гэж нэрлэж байна. Түүний хэлснээр, нөхцөл байдал хэнд ашигтай болохыг нь нэрлэх төдийд нэгэн зэрэг тэр хүн учир шалтгааны хувьд тухайн нөхцөл байдал үүссэнд холбоотой гэх нотолгоо болно. Мэдээж хэрэг танин мэдэхүйн онолын хувьд энэ нь сайн аргумент биш. Бороо орох нь газар тариаланчид ашигтай ч тэр бороог бүтээсэн гэсэн үг биш. Хуйвалдааны онолууд тухайн нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээллээс ч илүүг хүргэдэг. Илүү олон тайлбар, илүү олон нотлох баримт. Эдгээр нь маш олон байдаг тул тохиолдол гэж үзэх боломжгүй, харин илүү үнэн гэж итгүүлнэ.

Би хуйвалдааны онолд автаж байна уу

Судалгаанаас үзвэл хүмүүс хяналтаа алдаж буй мэт санагдах үедээ хуйвалдааны онолыг дэвшүүлж эхэлдэг нь түгээмэл аж. Энэ ээдрээтэй ертөнцөд хяналтаа алдаж байгаа мэт сэтгэгдэл зөвхөн энгийн төдийгүй, баян чинээлэг, илүү боловсролтой хүмүүст ч төрдөг. Энэ үед аюулгүй байдалд тэмүүлэх хүсэл биднийг нэгтгэдэг. Энэ нь өөрийгөө эргэлзээнд оруулах чадваргүй байдлаар илэрч байгаа бөгөөд эцсийн дүндээ аюулгүй байдал алдагдахад хүргэдэг. Хүмүүс үргэлж баталгаа хайхад зориулагдсан байдаг. 

Хуйвалдааны онолыг дэмжих үү

Логик гаргалгаа ач холбогдолгүй болж, учир шалтгаан харилцан хамаарлаас ялгагдахгүй болж, хэвлэл зөвхөн худал зүйл мэдээлэх тэр үед ярих зүйл үлдэх үү? Хуйвалдааны онолын зорилго амьдралаа хяналтад авах, аюулгүй байдал, урьдчилан таамаглах хэрэгцээг хангахад оршдог. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуучлахад эдгээр хэрэгцээ чухал. Учир нь бидний хэлэх тайлбар үүн дээр үндэслэдэг. Туйлын аюулгүй байдал, хяналт бидний мөрөөдлийн тэр ертөнцөд л байдаг. Үүнийг хамгийн шилдэг хуйвалдааны онол ч өөрчилж чадахгүй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top