СЭДЭВ: НОСК-аар МИК-ыг орлуулах алхам эхэллээ  

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

Улс орны нийгэм, эдийн засагт далайцтай өөрчлөлт авчирч, иргэдийн амьдралын чанарыг бодит дээшлүүлсэн төсөл хөтөлбөрүүд нэрлэвэл, орон сууцны урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл  буюу моргейжийн хөтөлбөр нэгдүгээрт бичигдэх нь ойлгомжтой. Монгол Улсын насанд хүрсэн иргэд, тэр дундаа залуусын хамгийн тулгамдсан асуудлуудыг жагсаахад, орон сууцны асуудал нэгдүгээрт бичигдэж байгаа. Иймээс нийгмийн захиалга байсан ипотекийн хөтөлбөрөөр амжилттай  хэрэгжиж, олон хүнд хүрсэн. 

Гэвч сүүлийн жилүүдэд санхүүжилт нь тасалдсанаар ипотекийн зээлийн хөтөлбөр өнөөдөр үлгэн салган хэрэгжиж байгаа. Хэрэгжиж байгаа гэхэд ч хэцүүхэн уг хөтөлбөрийн санхүүжилт  эргэн төлөлтийнхөө хэм­жээнд эргэлдэх болсон. Цагтаа  их наядаар хэмжиг­дэж, зээлдэгчид 15 мянгаар тоологдож байсан ипотекийн зээл олголт өнөөдөр 10 хүрэх­гүй тэрбум болж огцом хумигдсан. Энэ нь Монголбанкныхан ОУВС-тай санхүүжилтээ зогсоох тохиролцоо хийсэнтэй холбоотой. Тэгвэл ирэх сараас Монголбанк ипотекийн санхүүжилтээ эрчимжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийг УИХ-аас Ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулахаар болсон.

Улмаар энэ оныг дуустал Монголбанк, арилжааны банкны хөрөнгөөр нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжилт гаргахаар тогтсон байна. Ингэхдээ Монголбанкнаас ипотекийн зээлийг бага, дунд орлоготой зорилтот бүлэгт чиглүүлнэ гэдгээ онцолж байгаа. 

Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх,  санхүүжилтийн 25 хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох зэрэг шаардлагуудыг шинэ журамд багтаажээ. Мөн Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох, үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж олгосон байна. Монголбанкнаас Сангийн яам, Нийслэлийн орон сууцны корпорац (НОСК)-тай хамтран Буянт-Ухаа хорооллын орон сууцыг төрийн албан хаагчдад түрээслүүлэн, өмчлүүлэхээр болсон. Дээр нь Засгийн газраас ирэх гурван жилд 150,000 айлын орон сууцын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан, байрны дийлэнхийг иргэдэд түрээслүүлээд, өмчлүүлэх хэлбэрээр санал болгох асуудал яригдаж байгаа. Ямартай ч төр засгаас орон сууцны асудулыг орхигдуулахгүй гэдгийг дээрх шийдвэрүүд бататгадаг.  Харин ипоеткийн зээл олголт дундаас ашиг хийдэг төрийн оролцоотой мөртлөө арилжааны банкны харьяанд байдаг Монголын ипотекийн корпорац (МИК холдинг) гэдэг нэг байгууллага бий. Тиймээс МИК-ыг НОСК-аар оруулах алхмыг энэ далимд хийх аж.

Уг нь Төрийн орон сууцны корпорац буюу ТОСК-ыг анх байгуулахад МИК-ын үүргийг гүйцэтгүүлэхээр тооцоолж байсан ч улстөрчид хутгалдсанаар зорилгоосоо хазайсан юм. Үр дүнд нь төрийн өмчит ТОСК олон зуун тэрбумын алдагдал хүлээж, нөгөө талд нь МИК олон арван тэрбум төгрөгийн ашиг хийх механизм бүрдсэн байдаг. Одоогоор “МИК Холдинг” ХК-ийн нийт хувьцааны 19.27 хувийг төрийн өмчит байгууллагууд, 80.67 хувийг банк болон хувийн хэвшил, аж ахуй нэгж байгууллагууд, 0.06 хувийг иргэд эзэмшиж байгаа. Гэхдээ яг хувьцаа эзэмшигчдийнх нь бүтцийг харвал, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкууд зонхилж байна.  Тэд төсвөөс санхүүжиж, түүнийгээ арилжааны банкуудаар эргэлдүүлэн халаасаа зузаатгадаг санхүүгийн систем нэвтрүүлсэн нь өнөөдөр дөрвөн их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын орон сууц санхүүжүүлэх бодлогыг нэр бүхий арилжааны банк төрийн дөрвөн их наяд төгрөгөөр түгжин атгачихсан. Харин бодлого тодорхойлон хэрэгжүүлэх учиртай төр өөрөө ахуйн ажилд оройлон оролцоод байгаа юм. Тиймээс энэ хоёрын байрыг солих асуудал удаан хугацаанд яригдсан. Ингэхийн тулд хувийн хэвшлийн корпорац болон төрийн мэдлийн корпорацын хоёрын үүрэг оролцоог зайлшгүй эргэн харах шаардлага тулгарна. Өнөөдөр биш юм бол маргааш ийм шаардлага ирнэ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан УИХ-ын нэгдсэн чуулган дээр хөндсөн удаа бий. Тэрбээр “Манай улс зах зээлийн харилцаанд шилжээд 30 жил боллоо. Энэ 30 жилд банкууд их баяжсан. Бүх иргэд зээлийн барьцаанд орсон. Малчдын мал хүртэл банкны барьцаанд байна. Ийм байдлаар бид 30 жил явж ирлээ. Үүнийг яах вэ. Банкууд баяжаад Дарханы төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хүртэл худалдаж авсан. Монголын ипотекийн корпорац гэж том байгууллага байна. Жилд 240 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 60 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг. Цаад эзэд нь банкууд. Удирдлагын зардал нь жилд 24 тэрбум төгрөг байна. Гэвч иргэд ипотекийн зээлийг бууруулахыг хүсэж байна” хэмээн мэдэгдсэн удаатай. Салбарын сайдын мэдэгдлээс Монголын ипотекийн корпорац гэж ямархуу нөлөө бүхий компани болох нь харагдана. МИК-ыг анх 2006 онд арилжааны арван банк, Монголбанкны оролцоотойгоор байгуулсан байдаг. Анх байгуулагдахдаа Анод, Голомт, Капитал, Капитрон, Монгол шуудан банк, ХААН, Хас, Зоос, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны оролцоотой байжээ. Өнөөдөр тэдгээрийн дөрвөн нь дампуурч, өөрчлөн байгуулагдсан. Ингэхдээ МИК дахь банкуудын эзэмшлийн хувь хэмжээ ч өөрчлөгдөж ирлээ. МИК-ын таваас дээш хувийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийг харвал, Худалдаа хөгжлийн банктай нэг эзэнтэй Улаанбаатар хотын банк 17.1 хувь,  төрийн мэдлийн Хөгжлийн банк 14.9 хувь, Худалдаа хөгжлийн банк өөрөө 9.9 хувь, “Азиа дайверсифайд рийл эстейт фанд нэг хувийн хос” гэх компани 9.1 хувь, Худалдаа хөгжлийн банкны өөр нэг охин компани болох "Ти Ди Би капитал" 7.5 хувийн эзэмшилтэй байгаа юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд байгуулагдсан “Азиа дайверсифайд рийл эстейт фанд нэг хувийн хос” компани МИК дахь Улаанбаатар хотын банкны эзэмшлийн хувьцааг хэсэгчлэн 31 тэрбум төгрөгөөр худалдаж авснаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн жагсаалтад орж ирсэн нь хөрөнгийн зах зээлд оролцогчдын анхаарлыг татаж байсан удаатай. Үүнээс өмнө МИК долоон том хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Улаанбаатар хотын банк нь хамгийн өндөр буюу 26.13 хувийг эзэмшиж байсан юм. Мөн “Азиа дайверсифайд рийл эстейт фанд нэг хувийн хос” компанийг “Улаанбаатар ассет менежмент” гэдэг үнэт цаасны компани эзэмшдэг болж таарсан. Хувь эзэмшлийн байдлаас нь харвал, Худалдаа хөгжлийн банк орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэр дээр голлох үүрэгтэй оролцдог гэсэн үг. Тиймээс төрийн орон сууцны бодлогын хэрэгжүүлэгчээр НОСК-ыг сонгосон нэг ёсны дэвшил болж мэднэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top