Хүүхдийн аминд хүрсэн этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оноолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож, амь насыг нь хөнөөсөн), мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад (Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн) заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Л-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаараа хянан хэлэлцэж шүүгдэгч Г.Л-д бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Л нь урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялаа биечлэн эдэлж байх хугацаандаа засарч хүмүүжсэн гэх үндэслэлээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 45 дугаартай захирамжаар 1 жил 3 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж цагдаагийн байгууллагын хяналтанд байсан байна.

Улмаар шүүгдэгч Г.Л нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан хугацаанд, гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох бага насны буюу 3 настай Г.Г-н эсрэг байнга буюу “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх шалтгаанаар Төв аймгийн Зуунмод суманд байх гэртээ 2019 оны 11 сарын 15-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, гар болон хөлөөрөө түүний гар, хөл, бие рүү нь цохиж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан бөгөөд уг гэр бүлийн хүчирхийлэл бусдаас нуугдмал байдалтай даамжирч үйлдэгдсээр 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой Төв аймгийн Зуунмод суманд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох 3 нас 11 сар 21 хоногтой Г.Г-ийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь гараараа зодож “тархины аалзан хальсан доорхи цус харвалт, цусан бүлэн, хуйханд цус хуралт, духанд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцралт, хүзүүнд зулгаралт, баруун ташаан толгой, баруун дунд чөмөгний толгойд цус хуралт, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, баруун хөлөнд цус хуралт, баруун өвдгөнд цус хуралт, нурууны зүүн талд цус хуралт, зүүн ташаан толгойд цус хуралт, зүүн өгзгөнд цус хуралт, зүүн гуянд зүүн шилбэний гадна хэсэгт цус хуралт” бүхий олон тооны гэмтэл учруулж алсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзэж түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан болно.

Түүнчлэн талийгаач нь бага насны, хэл ярианы хөгжил муутай, биеэ хамгаалах чадваргүй, талийгаачийн ээж Р.Г нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, сэтгэцийн хүндэвтэр зэргийн хомсдолтой учраас хүүхдийнхээ эрхийг хамгаалах, хүүхдээ асран хамгаалах боломжгүй, өөрөө эх н.Р, хойд эцэг Ж.Г нарын асран хамгаалалтад байдаг, шүүгдэгч Г.Л-ын хамтран амьдрагч н.М нь 8 сартай өөрийн хүүхэд мөн талийгаачтай хамт амьдардаг боловч шүүгдэгчийн хатуу ширүүн, догшин зан авираас айж эмээн, цагдаагийн байгууллагад талийгаачийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар тухай бүрт нь мэдэгдээгүйгээс дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tse(66.181.161.114) 2020 оны 05 сарын 21

ee hoorhiidoo ter joohon amitan yaasan ch ih zowson um bedee hoorhii gej.m

0  |  0
Zochin(192.82.76.252) 2020 оны 05 сарын 21

Цагдаагын байгууллагад мэдэгдвэл бүх насаараа шоронд суух ял авахгүй. Дүгнэлтийг шударгаар гаргах байсан ч юм билүү.

0  |  1
иргэд олон түмэн(192.82.76.183) 2020 оны 05 сарын 21

Ийм яргачинг нэг өдрийн өмнө ч гэсэн буудан алж булшлах байтал Элбэгдорж гэгч новшын хар гайгаар цаазын ялгүй болж,УИХ-д цугларсан гэмт хэрэгтэнүүд голдуу этгээдүүдийн олхиогүй байдлаас уг зүйл ангийг одоо болтол хуулинд нөхөн суулгаагүй нь танхай этгээдүүд хүний амь насыг зольбин нохойноос дор үзэхэд хүргэж байгаа нь үнэн,энэ яргачин мөд үхэж далд орохгүй олон жил татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлгэнэ гэдэг харамсалтайяа

2  |  0
Top