Б.Цээпилдорж: “ХҮ” хамтлагийнханы подвалкийг СЭЛЭНГИЙН ОЁДЛЫН үйлдвэрүүдээр оёулна

2020 оны 05 сарын 20

Сэлэнгийн Цээпилдорж. Тэр уг нь Увс нутгийн үндэс мөчир, Улаанбаатарын унаган хүү. “Гар хамхиж суудаггүй ганц хүнийг нэрлэ” гэвэл Сэлэнгийнхэн эргэлзэлгүй түүнийг хэлнэ. Б.Цээпилдорж Зүүнхараад ирж суурьшсан үеэсээ л цаг наргүй хөдөлмөрлөж, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Тэрбээр тариа тарьж, мал маллаж, байшин барилга сүндэрлүүлж, төр нийгмийн ажилд зүтгэн чөлөө завгүй ажиллажээ. Хийж бүтээнэ гэдэг түүний хувьд баяр баясгалан. Дор бүрнээ л довоо борлуулж, хийцгүйрсэн энэ цаг үед түүн шиг удирдан манлайлагч, хөдөлмөрч хүн төр түшилцэхэд буруудахгүй санагдана. Харин ч зөвдөнө. Өөрөө хөдөлмөрлөн үлгэрлэж, өрөөлийг ч ажил хийлгүүлж чаддаг гайхамшигт чанараар бахархахгүй байхын аргагүй ээ.

Насаараа зүтгэж, сэтгэлээ зориулсан Сэлэнгэ нутгийнхаа ирээдүйн хөгжлийг төсөөлөн, төлөвлөж, иргэн бүрт баялагийг атгуулах их үйлийнхээ төлөө бие даан нэр дэвшиж байгаа Б.Цээпилдоржтой ярилцлаа

Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг нь миний амжилтын үндэс

-Та Сэлэнгэ нутагтай ямар хувь төөргөөр холбогдсон бэ. Тэрхүү гэгээн дурсамжаар ярилцлагаа эхэлье.

-Төмөр зам гэдэг яг л вант улс юм. Гэр бүлээрээ үе уламжлан ажилласан төмөр замчин олон бий. Би ч мөн тэдний адил хоёр дахь үеийн төмөр замчин. 1983 онд цэргээс халагдаж ирэхэд манай гэрийнхэн Зүүнхараад ажиллахаар суурьшсан байлаа. Шинэ газар дасахгүй, нийслэл рүүгээ буцчихмаар санагдана. Гэвч бидний үеийнхэн аав, ээжийнхээ үгнээс гарахгүй шүү дээ. Удалгүй Улаанбаатар төмөр замд монтёроор ажилд орсон. Хамт олон маань халуун сэтгэлээр тосч авсан. Дараа нь Төмөр замын техникум төгсөөд механикч боллоо. Сэлэнгэ нутгийн сайхан бүсгүйтэй ханилж, гал голомтоо бадраан гурван хүүхдийн эцэг, эх болцгоосон.

-“Төмөр зам бол вант улс” гэж та сая хэллээ. Ажил тань хувийн сахилга бат, хүмүүжилд хэр нөлөөлсөн бэ?

-Залуу насанд буруу зам руу хазайвал хазайчихаар үе байдаг. Төмөр замд ажилласнаараа тэр бүхнээс холуур өнгөрсөн. Ер нь төмөр зам хүнийг хүмүүжүүлж чаддаг газар. Би өглөө бүр яг цагтаа ажилдаа очдог. Цагийг үр дүнтэй ашиглах, бүтээмжийг бий болгох ухааныг төмөр замаас л олж авсан. Цэргийн даргын командад явсан хүн дахиад хагас цэрэгжилтийн байдалд ажиллаад ирэхээр тэндээс олж авсан хүмүүжил нь амьдралын зарчим болчихож байгаа юм. Энэ бол миний амжилтын үндэс суурь гэж боддог.

-Зүүнхараагийн төмөр замаас төрийн түшээ хүртэлх урт замыг хэрхэн туулав. Саад бэрхшээлтэй нүүр тулж, бүдрэх үедээ бүдэрч, босох цагтаа босч л явсан биз ээ.

-Улстөрийн замд амаргүй зүйлтэй олон удаа нүүр тулсаан. Би өөрийгөө хэзээ ч зүгээр суулгадаггүй. Хийж, бүтээнэ гэдэг бол миний баяр баясгалан. Шүүмжлэл сонсох зэрэг бол байх л зүйл. “Би үүнийг бүтээчихсэн шүү” гэх мэдрэмж л хамгийн дээд сэтгэл ханамж юм шүү дээ. Би бизнесийн салбарт 14 жил, төрийн албанд 20 гаруй жил ажилласан байна. Би хүмүүсийн амарч зугаалдаг долоодугаар сард амралтаа авч огт үзээгүй. Өвлийн эхэн, арваннэгдүгээр сард ургацаа хурааж дуусаад, өвөлдөө бэлтгэчихээд нэг их тайван болсон үедээ л амралтаа авдаг. Миний хөдөлмөрийн түүх ерөөсөө л ийм. Үүнийгээ би “110 хоногийн зарчим” гэж тодорхойлдог юм.

-“110 хоногийн зарчим” гэдгээ тодруулна уу?

-Таваас есдүгээр сар хүртэлх 110 хоногийг ашиглаж чадсан хүн л хождог. Энэ чухал өдрүүдэд голын эрэг дээр майхан бариад тансаглаад хэвтдэг дарга нарыг би ойлгодоггүй. Үүний оронд нутагтаа зам харгуй барьж, барилга байшин, бүтээн босголтын ажлууд хийх хэрэгтэй. Учир нь, бид өвөл юу ч хийж чаддаггүй. Тиймээс дөрөвдүгээр сард бүх ажлаа эхлүүлээд, өвлийн бэлтгэлээ базаачхаад арваннэгдүгээр сард амарч баймаар санагддаг.

-Та бол суманд таван давхар барилга барихаар зориглосон анхны хүн. Орон нутгийн иргэдийн худалдан авах чадвар хэр вэ. Суманд барилга бариад, ашигтай ажиллаж чадав уу?

-Би гурван давхар барилга барихаар төлөвлөсөн. Сумдын Засаг дарга нар нь таван давхар байшин бариад өгөөч гэж гуйгаад байсан юм л даа. Суманд таван давхар барилга барьчихаар хонин дотор тэмээ явж байгаа юм шиг содон харагддаг юм билээ. Мөнгөө төлөөд орон сууцанд орох хүн орон нутагт ховор шүү дээ. Иргэдийн худалдан авах чадвар маш тааруу. Шаамар, Баруунхараа, Цагааннуур зэрэг мөнгөтэй газрыг нь сонгож барьсан боловч худалдан авалт муу байлаа. Шатсан даа, шатсан. Гэсэн хэдий боловч хөдөө, орон нутагт орон сууц барина л гэж боддог. ТОСК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа түрээсийн худалдан авалт болон бартерийн зарчмыг ойлгосон юм. Тиймээс малчид мал, мах, сүүгээрээ, тариаланчид төмс, хүнсний ногоогоороо бартер хийх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Монгол ардын нам “Та нийгмийн даатгал төлдөг бол байртай болж чадна” гэсэн шалгуур тавьж байна. Энэ бол хөдөө, орон нутагт хэрэгжих боломжгүй шалгуур. Тэгэхээр орон нутгийн онцлогийг харгалзан үзэж, иргэдийг орлоготой болгох асуудал нэн түрүүнд яригдана. Тухайлбал, Сэлэнгэ аймаг тэр аяараа газар тариалангийн бүс нутаг шүү дээ. Нийгмийн даатгалын орлогогүй газар тариалангаараа явдаг тэр хүмүүс яах юм бэ. Тиймээс нэн тэргүүнд иргэдээ хөрөнгөжүүлэх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.      

-Иргэдийг яаж хөрөнгөжүүлэх вэ. Мөн ч олон хүн энэ тухай ярьж, УИХ-д гарсан даа. Бодит ажил хэрэг болгож чадсан нь үгүй.

–Өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрүүдийг бий болгож, дэмжих хэрэгтэй. Жишээ нь, Зүүнхараа болон Сэлэнгийн оёдлын үйлдвэрүүдийг олон улстай холбох гүүрийг би тавьсан. Дэлхийд нэртэй “Хү” хамтлаг сошиалд 360 сая дагагчтай, 320 мянган гишүүн бүхий фэн клубтэй. Тэр клубийн подвалкийг Сэлэнгийн оёдлын үйлдвэрүүдээр оёулах гэж байна. Тэд нэг сая подвалк захиалбал манай аймагт хоёр тэрбум төгрөгийн орлого орж ирнэ. Иймэрхүү  маягаар жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлсэн хэлбэрээр байгуулж, үрийн санг бий болгох хэрэгтэй. Жишээ нь, ганц тахиа гэлтгүй нугас, галуу үржүүлэх, сүү, ногоо, мах, зөгийн балаа боловсруулах жижиг үйлдвэрүүд бий болгох замаар өрх бүрийг хөдөлгөж болно. Дамжлагаар шийдвэрлэж өгвөл олон хүн ажилтай болно. Нэг нь малаа маллаж, нөгөө нь боловсруулж, гурав дахь нь зардаг байх жишээтэй. Том үйлдвэр барья гэхэд улс хоёрхон үйлдвэр дээрээ махийж байна шүү дээ. Дэлхийг хамарсан энэ цар тахлын үед эдийн засаг уруудах нь тодорхой. Ийм үед иргэд идэж, уух юмтай л байвал хямралд өртөхгүй. Сэлэнгэ аймаг хүнсний чиглэлээрээ л хөгжинө. Манайд бүх зүйл бий. Би мөрийн хөтөлбөртөө зөгийн аж ахуйн талаар оруулсан. Учир нь, зөгийн аж ахуй аль ч талаараа маш ашигтай. Зөгийн нэг инкубаторд 150 бүл зөгий орно. Гаднаас зөгийн бал орж ирэхгүй л болгочих хэрэгтэй. Тэгээд л сыр буюу бяслаг боловсруулах үйлдвэр, арьс ширний үйлдвэр, сүү, цагаан идээний гэх мэтчилэн байгуулах л хэрэгтэй. Үүнд их мөнгө орохгүй. Зөв зохион байгуулалт л чухал.

-Малын тэжээлийн үйлдвэр барих гэж байгааг тань дуулсан. Тэр талаараа сонирхуулаач.

-Би Сэлэнгэд малын тэжээлийн дөрвөн үйлдвэр оросуудтай хамтарч барих гэж байна. Зургаадугаар сард ашиглалтад орно. Ширхэг будааг тав дахин үржүүлдэг. Попкорн гээд хүүхдүүд идээд байдаг даа. Түүнийг малд өгвөл сүүний гарц 30-40 хувь, мах 35-45 хувь өсдөг. Хөтөл, Баруунхараа, Мандал сумд болон аймгийн төвд энэ ажлыг хийнэ. Хөтөл тэргүүтэй баруун таван сумыг, Зүүнхараа Улаанбаатарын сүүний 50 хувийг, Баруунхараа нь төв аймаг болон дарханы фермерүүдийг, аймгийн төв нь тэр орчмоо тус тус хангах юм. Ингээд малын тэжээлийн үйлдвэр байгуулагдаад мах, сүүний гарц нэмэгдэхээр малчдын орлого нэмэгдэнэ. Сүү ихэдвэл сыр гэж нэрлэдэг бяслаг хийж эхлэх хэрэгтэй. Махыг мах өөх, мах өөх гэж ангилдаг болно.            

-Сэлэнгийнхэн хөдөлмөрч улс. Газрын шим нь ч байна. Менежментийг нь зөв хийгээд зохион байгуулалт, эрх зүйн орчныг нь бүрдүүлчихвэл таны яриад байгаа зүйлс бодит ажил хэрэг болох боломжтой санагдаж байна.

-Эрх зүйн орчин, хууль энэ тэр батлах шаардлага байхгүй. Би заримдаа хулгайч шиг айлын хашаа руу өнгийж явдаг юм. Ногоо тариагүй айл руу яваад орно. Хашаан дотроо том талбайтай, хоёр залуу гэртээ хэвтэж байдаг. Юу хийж байна гэхээр “Модондоо яваад л” гэдэг. Би багийн даргад нь “Трактораар газрыг нь хагалаад өг. Тэгээд үрийн зээл өг, намар хураасан ногооноос мөнгийг нь аваарай” гэсэн даалгавар өгдөг. Хэд хоногийн дараа яваад очиход өнөө хоёр ногоогоо услаад зогсож байх жишээтэй. Гэхдээ бас “Ногоогоороо олигтой мөнгө олохгүй бол битгий тарь. Тарьж байгаа бол үр дүнтэй тарь. Үрийн шинэчлэлээ сайн хийх ёстой” гэх мэтчилэн сургана. Бид үрийн шинэчлэл сайн хийсэн. “Цээпил даргын үр хаана байна” гээд сураглаад орж ирсэн түүх ч бий. Мөн малын ашиг шимийг сайжруулах олон ажил зохион байгуулж, Германаас хоёр сайхан бух авч ирсэн. Хоёр жил ашиглаад бухаа солихгүй бол цус ойртчихдог. Тиймээс хоёр жил тутамд бухаа шинэчилж байна. Сайн чанарын мах, сүүтэй үхрүүд бий болж байгаа юм.

Тариаланчдын хувьд техникээс өөр зүйлгүй эхэлж байлаа. Атрын хоёрдугаар аян явагдаад шахааны муу үрийг устгаж, сайн чанарын үр нийлүүлэн, үрийн шинэчлэл хийсэн. Га-гаас авах центрүүд нэмэгдсэн. Ийм ажлуудыг тогтмол хийдэг. Сүүлийн жилүүдэд цаг агаар сайхан байна. Үүл буудаж байгаа нь үр дүнгээ их өгсөн. Тавдугаар сард ганц нэг буудсанаар түймэр болон ногооны гарцад их сайн нөлөөллөө.

-Таныг ажилчин шоргоолж шиг хөдөлмөрлөдгийг Сэлэнгэчүүд андахгүй. Тиймдээ ч УИХ-д нэр дэвшихэд тань талархан хүлээж авсан байх. Дэмжигчдэдээ хандаж юу хэлэх вэ?

-Миний ажлын нэг зарчим бий. Эхлээд мөнгөгүйгээр юу хийж болох, дараа нь сумын мөнгөөр юу хийж болох, аймгаас ямар дэмжлэг авах, цаашлаад улсаас хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ гэдгийг бодлогоор төлөвлөдөг юм. Ингэж байж л сум, орон нутаг маань хөгжинө. Сэлэнгийн хувьд газар тариалан байгаа цагт мөнгө олж, босгож болно гэж би ам бардам хэлье.

Хөгжлийн гол хүчин зүйл бол иргэн. Иргэдээ хөгжүүлэх асуудал чухал. Мөн хуримтлал үүсгэж байгаарай гэж ард иргэддээ захимаар байна. Та ашгийнхаа 20-30 хувийг далд хийгээд байхад л болно. Өвчин зовлон тохиолдох бэрхшээлийг алийг тэр гэх вэ. Эрүүл саруул байхад бүх зүйл боломжтой. Тиймээс хуримтлал үүсгээрэй.

Би өөрийнхөө насаараа ажилласан амьдралын туршлага, ажил хөдөлмөр эрхэлсэн түүх, ур чадвар, мэдлэг боловсролдоо түшиглэн Улсын их хуралд нэр дэвшиж байна. Би өнгөрсөн жилүүдэд Сэлэнгэ нутгийнхаа төлөө хийж чадах бүхнээ хийсэн. Бодлогын түвшинд очвол хийж бүтээх зүйл мөн ч их байна.  Нутгийн түмэн минь намайг дэмжиж, саналаа өгөөрэй. Сэлэнгэ нутгаа хамтдаа хөгжүүлье. Сэлэнгийн хөгжил сэтгэлд минь багтаад байгаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(223.24.168.157) 2020 оны 05 сарын 21

Энэ хүн бол хүний төлөө, хөгжлийн төлөө төрсөн хүн. Цээпилдоржийг дэмжиж байна

0  |  0
Зочин(98.234.112.193) 2020 оны 05 сарын 21

Подвалк бишээ футболка гэж бичдэг юмаа эрхэм сэтгүүлч минь ээ. Мэдээний чинь гарчигийг уншаад ойлгохгүй гайхшрав. Юун подвал вэ гэж. Хү хамтлагийг подвалд анх үүссэн юм болов уу гэж. Хүн юу гэж хэлэх нь хамаагүй та нар нэр томьёог зөв бичиж баймаарсандаа. Бичлэгийн ур чадвараа дээшлүүлж өөрийгөө хөгжүүлээчээ!

0  |  0
Зочин(98.234.112.193) 2020 оны 05 сарын 21

Подвалк бишээ футболка гэж бичдэг юмаа эрхэм сэтгүүлч минь ээ. Мэдээний чинь гарчигийг уншаад ойлгохгүй гайхшрав. Юун подвал вэ гэж. Хү хамтлагийг подвалд анх үүссэн юм болов уу гэж. Хүн юу гэж хэлэх нь хамаагүй та нар нэр томьёог зөв бичиж баймаарсандаа. Бичлэгийн ур чадвараа дээшлүүлж өөрийгөө хөгжүүлээчээ!

0  |  0
Зочин(98.234.112.193) 2020 оны 05 сарын 21

Подвалк бишээ футболка гэж бичдэг юмаа эрхэм сэтгүүлч минь ээ. Мэдээний чинь гарчигийг уншаад ойлгохгүй гайхшрав. Юун подвал вэ гэж. Хү хамтлагийг подвалд анх үүссэн юм болов уу гэж. Хүн юу гэж хэлэх нь хамаагүй та нар нэр томьёог зөв бичиж баймаарсандаа. Бичлэгийн ур чадвараа дээшлүүлж өөрийгөө хөгжүүлээчээ!

1  |  0
Cainaa(66.181.181.198) 2020 оны 05 сарын 20

selengechuud podvolkiig hiij chadahgui gej bolgoomjloh shaardlagagui, ted chadna\n

0  |  0
Зочин(202.9.46.220) 2020 оны 05 сарын 21

Хү гийн ”падваалкийг” ээдээ мэдэхгүй. Материал ур хийц тааруу юм хийлгэж монголчуудыг нэр нүүрийг түлэх вйи дээ ах минь

2  |  0
Kkk(14.146.94.192) 2020 оны 05 сарын 21

Podvaalk kkkkk alnaa manaihan. Futbolka gedeg oros ugiig yadaj podvoolk ch gedeg yumu dohuuleech de. Pudvaalk... kkk mangar hujaa ays oruuldag shaaaatsn

2  |  0
Top