НҮБ: Дэлхийн нийт үйлдвэрлэл 8.5 их наяд ам.доллароор буурна

2020 оны 05 сарын 20

 Коронавируснээс шалтгаалан дэлхийн нийт үйлдвэрлэл энэ онд 8.5 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээгээр буурна гэсэн төсөөллийг НҮБ хийж байна. Тодруулбал, дэлхийн эдийн засаг энэ онд 3.2 хувиар агшина гэж үзжээ. Харин  2021 онд 3.4 хувиар сэргэнэ гэсэн таамгийг танилцууллаа. 8.5 их наяд ам.долларын бууралт гэдэг нь дөрвөн жилийн эдийн засгийн өсөлтийг алдсантай тэнцэх хэмжээ аж.

Дэлхийн банкны төсөөллөөр коронавирусний улмаас 40-60 сая хүн ядуурлын шугамаас доош орно гэж буй. Тэгвэл  НҮБ-ын танилцуулсан мэдээллээр коронавирусний улмаас энэ онд 34.3 сая хүн хэт ядуурлын шугамаас доош унах төлөвтэй байна. Үүний 56 хувь нь Африкийн орнуудад ажиглагдана гэжээ.

Сануулахад, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хор хохирлын хэмжээ дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.7 хувь буюу 8.8 их наяд ам.долларт хүрч болзошгүй гэсэн шинэ төсөөллийг Азийн хөгжлийн банк хийсэн.  Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг гэхэд 1.7-2.5 их наяд ам.доллар буюу нийт бууралтын 30 орчим хувийг эзлэхээр байгааг мэдэгдсэн юм.

Хэрэв дэлхийн улс орнуудын  цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хурдтай, цагаа олсон байх юм бол коронавируснээс учирч болох хохирлыг 30-40 хувиар бууруулах боломжтой. Тэгж чадсан тохиолдолд дэлхийн эдийн засгийн алдагдал 4.1-4.5 их наяд ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж АХБ үзэж байна.

Цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор хэрэгжүүлж буй хөл хорио нь дэлхийн худалдааг 1.7 -2.6 их наяд ам.доллараар бууруулж болзошгүй гэж тайланд тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top