“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 18 дахь дугаарын тойм

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн


Мөн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай, Хуулийн төсөл буцаах тухай, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр  томилох, гишүүнээс чөлөөлөх тухай,  “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт  оруулах тухай  Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн. Тухайлбал, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт  оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 07 дугаар бүлэгт Саримс “30 хүртэл”, Улаан лооль “30 хүртэл”, Өргөст хэмх “30 хүртэл”, Тарвас “30 хүртэл” гэсэн барааны нэр төрөл нэмэхээр тусгасан. Мөн дээрх тогтоолын хавсралтын 07 дугаар бүлгийн Хүнсний ногоо, зарим ургамлын үндэс булцуу “20 хүртэл” гэснийг “30 хүртэл” гэж, мөн бүлгийн Төмс, Сонгино, Байцай, Шар лууван, Шар манжин тус бүр “20 хүртэл” байсныг тус бүр “30 хүртэл” гэж өөрчилж, Үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь, хэмжээг “0”  болгохоор тусгажээ.

Түүнчлэн “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх  ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” УИХ-ын тогтоолын дүгнэлт болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэлсэн. 

Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн хүрээнд байгуулах Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээрийг бүрэн эхээр нь нийтэллээ. Уг хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, чадавхжуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэх, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top