Б.Бямбатулга: Эх орон руугаа ИРЖ ЯВАА ХҮНД юм бүхэн сайхан

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2020.05.06-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийх үеэр шинэ төрлийн коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын цэргийн их, дээд сургуулиудад сурч байгаа монгол оюутнуудыг эх оронд нь авчрах асуудлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дэмжлэг хүссэн билээ. Энэ дагуу ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяаны цэргийн сургуулиудад суралцдаг 340 монгол оюутан болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Оросын Агаар, сансрын хүчний ИЛ-76М цэргийн тээврийн гурван онгоцоор 2020.05.13-нд эх орондоо ирсэн юм. Тэдний нэг болох ОХУ-ын М.В.Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академийн сонсогч, хошууч Б.Бямбатулга бидний хүсэлтийг хүлээн авч, ОХУ-ын нөхцөл байдал, монгол оюутнууд тэнд ямар байдалд байсан, одоо сонсогчдын сэтгэл зүй, биеийн байдал ямар байгаа талаар ярилцлаа.


-Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу. ОХУ-д аль сургуульд сурч байсан бэ?

-Намайг Батмөнхийн Бямбатулга гэдэг. Би Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. Эхнэр, охины хамт амьдардаг. ОХУ-ын Москва хот дахь М.В.Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академид суралцдаг.

-Орост хэд дэх жилдээ сурч, ажиллаж байгаа вэ?

-Эхний жилдээ сурч байна.

-Гэр бүлээрээ байсан уу? Ганцаараа юу?

-Ганцаараа амьдарч байсан. Гэр бүлээрээ амьдрах урилгын материалаа бүрдүүлж өгсөн боловч коронавирус гарсантай холбоотойгоор хойшилсон.
 


-Орост нөхцөл байдал сайнгүй байна. Та бүхэн яг хэзээнээс тэнд байхдаа хүнд байдалд орж эхэлсэн бэ?

-Гуравдугаар сарын 28-ны өдрөөс манай сургуулд хорио тогтоосон. Гадагшаа гарч болохгүй. Сургуулийнхаа байрлалд бүрэн тусгаарлагдсан гэсэн үг. Долоо хоногт зөвхөн нэг удаа хоол, хүнсээ авах зорилгоор гарах зөвшөөрөлтэй байсан. Хөл хорионы дэглэмийг хатуу чанд мөрдөж байсан. Тухайн үед яг бидний амьдарч байсан байранд коронавирусний халдварын тохиолдол илэрсэн. Оюутнууд, сонсогчид өөрсдийн хувийн ариун цэврээ сайтар сахиж, гараа тогтмол ариутган, амны хаалт зүүж, тус тусын өрөөнөөс гарахгүй байх дэглэмийг сайн сахиж чадсанаар энэ аюулт өвчнөөс бид өөрсдийгөө аварч гарч ирж чадсан. Сэтгэл зүйн хувьд бол эхлээд хүндээр тусгаж авдаг юм билээ. Гэхдээ цэргийн сургуулийн сонсогчдын төрөлхийн сахилга бат, хүмүүжил, тэвчээр ийм үед ч хэрэг болж, саад бэрхшээлийг давж гарах боломж, бололцоо руу илүү анхаарал хандуулахыг хичээж байсан. Хүний өөрийн хандлага, тэвчээр, тууштай байдлаас халдварт өртөх эсэх нь нэлээд шалтгаалах учир хувийн болон орчны ариун цэвэр байдалд их сайн анхаарсан. 

-Хөл хорионы үеэр хоол хүнснээс авахуулаад бэрхшээл хэр тулгарч байв?

-Ер нь бол хоол хүнсээ нэг гарахдаа л боломжит хэмжээгээр базааж авахгүй бол дахиж гарч орох асуудал байгаагүй. Хамгийн гол нь Орост ихэнх хүмүүс маск зүүхгүй байгаа нь аюултай санагдаж байсан.

-Танай сургууль, байрны хүмүүсийн сэтгэл зүй ямар байв?

-Гадаад оюутнуудын хувьд илүү болгоомжтой хандаж байсан. Бид өдөр болгон интернетээс мэдээлэл авч байлаа. Сүүлийн саруудад Москвад халдварын тохиолдол нэмэгдсэн нь хүн бүрийг л түгшээсэн байх.

-Таны ойр эрсдэлтэй хүмүүс байсан уу?

-Сургууль болон бидний байрлаж байсан байранд халдвар, хамгааллын дэглэмийг маш сайн сахисан. Эрсдэлтэй хүмүүс яг бидний ойр бол байгаагүй.

-Өөрсдийгөө хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Амны хаалтнаасаа ерөөсөө салаагүй. Дархлаагаа дэмжихийн тулд лимонтой цай ууж, сармис ихтэй хоол хийж иддэг байсан. Мөн өглөө болгон биеийн тамирын дасгал хийж байсан.

-Таньтай хамт хэчнээн монгол оюутан байсан бэ?

-Нийт 20 оюутан суралцаж байсан.

-Монголын Батлан хамгаалахын сайд Оросын Батлан хамгаалахын сайдтай ярилцаж, та бүхнийг Монгол руу авч явах болсныг анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Үнэхээр их баярласан. Бушуухан л гэр бүлийнхэндээ хэлэх гэж яарсан. Биднээс илүү энд байгаа гэр бүл, ах дүүс маань их санаа зовж байсан юм билээ. Бид жирийн биш цэргийн сургуулийн сонсогчид шүү дээ. Батлан хамгаалах, цэрэг, армийн салбарын сонсогч, офицеруудын хэн нь ч байсан өөрсдөө дур мэдэж явахгүй, явмаар байна гэж хэлэх тийм сэтгэхүй ч байхгүй дээ. Эх орон, батлан хамгаалах салбарын удирдлага ямар чиглэл өгнө, түүнийг бид дагах үүрэгтэй. Тэр утгаараа нөхцөл байдал хүнд байсан ч цэргийн сургуулийн сонсогчид маань боломжийг тэвчээртэй хүлээж байсан. Энэ дашрамд, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний удирдлагууддаа маш их баярласан талархсанаа илэрхийлье. Бид эх орныхоо итгэлийг алдахгүй, маш сайн суралцаж, эх орныхоо төлөө зүтгэх болно.
 


-Хэрвээ хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар ойлголцолд хүрч чадаагүй бол та бүхэнд өөрөөр эх орондоо ирэх боломж хэр ойрхон байсан бэ. Жишээ нь, Орост сурдаг энгийн оюутнууд “Алтанбулаг” боомтоор дамжин ирж байгаа. Энэ талаар та бүхэн удирдлагуудаасаа асууж байгаагүй юу?

-Үгүй. Цэргийн алба хаагч тушаалаа, дээд байгууллагынхаа шийдвэрийг л хүлээнэ.

-Халдвар өндөр байгаа бүс нутгаас ирэх нь сэтгэл зүйн хувьд ямар мэдрэмж төрүүлж байсан бэ. Хүмүүсийн хандлага, шүүмжлэлээс болгоомжлох ч юм уу...

-Монголчууд маань харин ч сайхан угтан авч, урам өгсөн шүү дээ. Бодит байдал нь угаас тодорхой, эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа болохоор хэн ч байсан болгоомжилж, хэлж сануулах л байх. Эх орон руугаа ирж яваа хүнд юу ч муухай харагддаггүй. Юм бүхэн сайхан санагддаг.

-Монгол руу нислэг хийх явцыг яаж зохион байгуулав. Та бүхэнд ямар үүрэг, чиглэл өгч байсан бэ?

-ОХУ-ын улс дахь Монголын Элчин сайдын яам, цэргийн атташе, сургуулийн зүгээс автобус гаргаж, сонсогчдыг тал бүрээс онгоцны буудал руу хүргэж ирсэн. Маш сайн нарийн зохион байгуулсан. ОХУ-ын зэвсэгт хүчин миний хувьд дэлхийд нэгдүгээрт тооцогдох том хүчин. ОХУ-ын Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академи буюу дэлхийд нэртэй сургуульд суралцаж байгаа маань нэр төрийн хэрэг юм. Сургуулийн зүгээс дархлаагаа дэмжиж, эрүүл мэндээ сайн хамгаалаарай гэж байнга сэтгэлийн дэм өгч байлаа. Энэ том арми Монголын сонсогчдод халуун сэтгэлээр тусалсанд талархаж байгаа.

-Онгоцонд та бүхнийг ямар хуваарилалтаар суулгасан бэ?

-ОХУ-ын Москва хотоос хоёр маршрутаар хуваарилан суулгасан. Байлдааны онгоц тул бид өөрсдөө дор бүрнээ хөнгөн хүнс зэргээ хангаж авч орсон.

-Олон хүн хамт ирлээ. Халдвартай хүн ойр байж магадгүй гэсэн болгоомжлол та бүхэнд байсан л байх. Сонсогчид хоорондын харилцаа ямар байсан бэ?

-Цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа, ёс зүй, биеэ авч явах байдал маш сайн байсан.

-ОХУ-аас сонсогчдоо авчирснаар короновирусний халдварын тоо эрс нэмэгдэж, 50 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэн.  Үүнээс үүдэж та бүхнийг буруутгасан хандлага байсныг үгүйсгэхгүй?

-Өвчин, зовлон хэлж ирдэггүй гэдэг. Бас хэнийг ч ялгахгүй. Сая ирсэн зуу зуун сонсогчид бол эх орноо хамгаалах үүрэгтэй зэвсэгт хүчний ирээдүйн боловсон хүчин. Биднийг гэсэн эх орон, ард түмнийхээ чин сэтгэл, хүнд цаг үед бүх боломжоо дэлгэн хүлээн авсан Онцгой албаны бүх алба хаагчдынхаа төлөө бид улам хичээн суралцаж, өөр нэгэн онцгой цаг үе ирэхэд ямар ч үүрэг хүлээн, ачийг нь хариулах болно. Тиймээс бид дэлхийн ямар ч хүчирхэг улс сөгдөн сөхөрч байгаа цар тахлын өмнө эв нэгдэлтэй, нэгнээ гэсэн чин сэтгэлтэй байх нь чухал. Тийм байгаасай гэж монголчуудаасаа хүсэж байна.
 

-Одоо хаана тусгаарлалтад байгаа вэ?

-Янз бүрийн газруудад байгаа. Миний хувьд зочид буудалд хуваарилагдсан. Өрөөндөө ганцаараа. 

-Тусгаарлалтын орчин нөхцөл ямар байна?

-Маш сайн байна. Үнэхээр олон хүн халдварыг дотооддоо тараахгүйн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгааг хараад бахархаж байна.

-Хятад, Орос гэсэн хоёр хөршид халдварын тохиолдол өндөр байгаа ч Монгол Улс маань дотооддоо халдвар алдаагүй байна. Энэ талаар орост, таны ойр байсан хүмүүс ярьж байсан уу? Магадгүй, танай сургуулийнхан ч юм уу?

-Манай сургуулийн гадаад оюутнууд, офицерууд бүр яг энэ талаар ярьж, Монголыг маань магтаж байлаа. Халдварт өвчинтэй хамгийн сайн тэмцэж байгаа улсын нэг, энэ нь монгол хүмүүс сахилга бат, тэвчээртэй зан чанартай холбоотой байх гэж сэтгэгдлээ хэлж байсан.  

-Гэрийнхэнтэйгээ утсаар холбогдож байгаа юу?

-Тийм ээ. Одоо эх орондоо ирсэн болохоор сэтгэл зовох зүйл алга. Халдвар авсан оюутнууд маань залуу хүмүүс, эрүүл мэндийн хувьд цэргийн сургуульд өндөр ачаалал дааж суралцаж байсан залуус болохоор өвчнийг ялан дийлээд, бүгд бүрэн эдгэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Сэтгэл шингээгүй ажил амь сүнсгүй гэж үг байдаг. Энэ өвчний эсрэг ажиллаж байгаа бүх хүнээс бид чин сэтгэл мэдэрч байна. Онцгой комисс, Шуурхай штаб, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, эгэл жирийн бүх эмч, сувилагч, онцгой нөхцөл байдалд эх орондоо дуудагддаг төрийн болон цэргийн алба хаагчид гээд олон хүмүүст баярласнаа илэрхийлье. Монгол Улсынхаа төлөө зүтгэе!

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top