Эрдэмтэд коронавируснээс үүдэлтэй нас баралтыг бууруулах арга олжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралтыг цус шингэлэх эм, бэлдмэлийн тусламжтай бууруулах боломжтой гэж Британийн эрдэмтэд үзэж байна.

The Telegraph сонинд мэдээлснээр, Бромптон хатан хааны эмнэлгийн мэргэжилтнүүд цусны бүлэгнэлт, КОВИД-19 халдварын хоорондын холбоог олж тогтоожээ. Ингэхдээ эмч нар хүнд хэлбэрээр халдварласан өвчтөнүүдийн уушгийг судлах явцад уушгинд цусны эргэлт зогссоныг олж тогтоосон байна. Энэ нь нарийн судсанд цус өтгөрсөн болохыг илтгэж байгаа гэнэ. Түүнчлэн, коронавирусний халдвар авсан хүмүүсийн бие организмд хүчил төрөгчийн дутагдал үүссэний улмаас нас барах нь элбэг тохиолдож байна. Цусны нөж харвалт өгөхөд хүргэсэн тохиолдлууд ч бүртгэгдэж байсан тухай судлаачид дурджээ.

Их Британийн үндэсний эрүүл мэндийн алба ойрын үед цус шингэлэх эм, бэлдмэлийг хүнд өвчтөнүүдэд хэрэглэхээр зэхэж байна. Ингэснээр эмч нар олон хүний амийг аварна гэж найдаж байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад 243 мянга гаруй халдвар авснаас 35 мянга орчим хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top