ТОЙМ: Газрын тосны эрэлт сэргэж буйн ШАЛТГААН

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Олон улсын эрчим хүний агентлагийн шинэчилсэн мэдээллээр, газрын тосны дэлхийн нийт эрэлт өмнө нь таамаглаж байсанчлан 9.3 сая бус 8.6 сая баррелиар буурах урьдчилсан төлөвтэй байна. Дэлхийн улс орнууд хорио цээрийн арга хэмжээг сулруулж, цуцлахын хэрээр дэлхийн за зээл дээрх эрчим хүчний түүхий эдийн хэрэглээ аажим сэргэж эхэлсэн. Энэ нөхцөлд сүүлийн хэдэн сард анх удаа дэлхийн агуулах дахь газрын тосны нөөц буурч эхэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, ОПЕК+ хэлэлцээр хэрэгжихтэй зэрэгцэн нүүрс устөрөгчийн эрэлт аажим өсөж байгаа нь газрын тосны үнэ нэмэгдэхэд хүргэх учиртай.

Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ 2020 оны газрын тосны эрэлтийн тухай урьдчилсан төлөвийг шинэчлэн гаргажээ. Тус байгууллагын тооцоолсноор, газрын тосны хэрэглээ энэ оны эцсийн дүнгээр хоногт 8.6 сая баррелиар буурна. Үүнээс өмнө тус агентлаг 9.3 сая баррелиар буурах таамаг дэвшүүлж байв. Дэлхийн улс орнууд хорио цээрийн дэглэмийг сулруулж эхэлсэнтэй холбогдуулан ОУЭХА-ийн мэргэжилтнүүд үзүүлэлтүүдийг сайжруулсан бөгөөд олон улсын шинжээчид үүнийг нааштай хүлээн авчээ. Тус агентлагийн тооцоолсноор, дөрөвдүгээр сард хөл хорионд дөрвөн тэрбум хүн байсан бол тавдугаар сарын сүүлээр энэ тоо 2.8 тэрбум болж буурна. Үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж, хүмүүс ажилдаа буцаж орохын хэрээр түлшний эрэлт сэргэхэд хүргэнэ. Үүний сацуу улс хооронд хил нээгдсэнээр оны сүүлч гэхэд дэлхийн эрчим хүчний зах зээлд нэмэлт дэмжлэг болно гэж шинжээчид таамаглаж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Brent маркийн газрын тосны үнэ баррель тутамд 6.5 хувиар буюу 31.3 ам.доллар болж  нэмэгдсэн бол WTI төрлийн түүхий эдийн үнэ баррель тутамд 8.6 хувиар буюу 27.8 ам.долларт хүртэл өсөөд байна.

Эрэлт сэргэхтэй зэрэгцэн нүүрс устөрөгчийн нийлүүлэлтийг бууруулах чиглэлээр  улс орнуудын авч буй арга хэмжээг дэлхийн эрчим хүчний зах зээлийн тоглогчид нааштай үнэлжээ. Энэ сарын 1-нээс эхлэх газрын тосны илүүдэлтэй тэмцэхийн тулд ОПЕК+ хэлэлцээрт оролцогч улсууд газрын тосны үйлдвэрлэлээ хоногт 9.7 сая баррелиар бууруулж эхэлсэн билээ. Үүнтэй зэрэгцэн АНУ, Норвеги, Аргентин, Канад зэрэг газрын тос экспортлогч орнууд олборлолтоо мөн багасгаад байгаа юм. Тухайлбал он гарснаас хойш АНУ, Канад тэргүүтэй ОПЕК+ гэрээний бус улс орнууд газрын тосны олборлолтоо хоногт гурван сая баррелиар буруулсан бол ирэх зургаадугаар сард олборлолтын хэмжээгээ хоногт дөрвөн сая баррелиар бууруулах хүлээлттэй байна.

ОУЭХА-ийн тооцоолсноор, тавдугаар сард дэлхий зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт хоногт 12 сая баррелиар буурч, сүүлийн арван жилд хамгийн доод хэмжээ буюу хоногт 88 сая баррельд хүрэх төлөвтэй байна. Ирэх саруудад нүүрс устөрөгч үйлдвэрлэгчдийн олборлолт хоногт 15-20 сая баррельд хүрч буурах боломжтой.

Үүнээс гадна энэ сарын 11-нд Саудын Араб олборлолтоо хоногт дахин нэг сая баррелиар бууруулах тухай мэдэгдсэн бол АНУ-д газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээ ихээхэн багасна гэж шинжээчид үзэж байна. АНУ-д олборлолт таамагласнаас түргэн буурч байгаа нь өрөмдлөгийн ажил зогссонтой холбоотой. Газрын тосны үнэ буурсан нь өрөмдлөгийн үйл ажиллагаа алдагдалд орж, хаахад хүргээд байна. Дөрөвдүгээр сарын сүүл гэхэд Нэгдсэн Улсад газрын тосны олборлолт хоногт 650 мянган баррелиар унасан бол ойрын үед 1.2-1.3 сая баррелиар нэмж буурах төлөвтэй байна.

Нөөц анхаарал татсаар

АНУ-ын газрын тосны нөөц буурах төлөв ажиглагдаж буй нь эрчим хүчний зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Тус улсад түүхий эдийн нөөц 745 мянган баррелиар гэнэт буурсан нь энэ оны нэгдүгээр сарын 23-наас хойш ажиглагдаж буй анхны тохиолдол гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газар мэдээлжээ. Тус улсад ажиллаж буй газрын тос, хий болон өрөмдлөгийн бусад төхөөрөмжийн  энэ он гарснаар хоёр дахин буурч, 339-д хүрснийг “Baker Hughes” компанийн мэдээлэл илтгэж байна. Газрын тосны үнэ огцом унасан нь давхар АНУ-ын занарын компаниудыг алдагдалд оруулжээ. Үүний дүнд ихэнх компаниуд нь үйл ажиллагаагаа зогсооход хүрэв. Шатдаг занарын өөрийн өртөг 35 ам.доллар байдаг тул нэг баррелийн үнэ 35 ам.доллароос доош унасан нь үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргээд байна. “Haynes & Boone” компанийн илтгэлээс үзвэл, 2015 оны эхээс 2020 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд Хойд Америкт эрчим хүчний нийт 215 компани дампуурлаа зарлажээ. Эдгээр компанийн нийт өрийн хэмжээ 129.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Одоогийн байдлаар ирэх улирлуудад үнийн түвшин ямар байх нь тодорхойгүй ч газрын тос олборлогч компаниуд газрын тосны зах зээлийн доод үзүүлэлтүүд урт хугацаанд үргэлжилнэ гэх таамагтай эвлэрэх ёстой гэж “Haynes & Boone” компанийн мэргэжилтнүүд сэрэмжлүүлжээ.

Харин АНУ-ын занарын зах зээл дээрх өөдрөг бус нөхцөл байдал дэлхийн эрчим хүчний салбарт урт  хугацаанд эерэг нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Газрын тосны зарим компани энэ салбараас явж байгаа нь эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлтийг тодорхой хэмжээнд бууруулж, газрын тосны үнийг барихад дөхөм болно. Түүнчлэн, цар тахлаас үүдэн дэлхийн эрэлт өнгөрсөн дөрөвдүгээр сард унасан нь АНУ-ын газрын тосны агуулахыг бүрэн хүчин чадлаар нь ашиглахад хүргэсэн. Үүний үр дүнд газрын тос дахин нийлүүлэх боломжгүй болж, газрын тосны гэрээний үнэ түүхэнд анх удаа сөрөг үзүүлэлттэй гарсан билээ. Харин тус улс хорио цээрийн дэглэмээ сулруулсантай холбогдуулан газрын тосны агуулах дахь нөөцийн хэмжээ багасаж эхэлжээ. Тус улс хилээ хааснаас үүдэн ард иргэд дотооддоо аялах нь нэмэгдэж, энэ нь бензиний эрэлтийг бий болгож, түүхий эдийн боловсруулалт эрчимжихэд хүргээд байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийг цуцалснаар 2020 оны сүүл эсвэл 2021 оны дунд үе гэхэд газрын тосны үнэ нэг баррель тутамд 40 ам.долларт хүрч, өсөх хандлагатай. Гэхдээ нөхцөл байдал коронавирусний цар тахлаас ихээхэн шалтгаална. Хорио цээрийн дэглэмийг цаашид цуцалж, дэлхийн эдийн засаг аажмаар сэргэснээр Brent маркийн газрын тосны үнэ дунд хугацаанд нэг баррель нь 35 ам.долларт хүрэх бол оны эцэс гэхэд нэг баррель 40-42 ам.доллар орчимд тогтох боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top