Залуус, бие даагчид НИЙГМИЙН ЭРЭЛХИЙЛЛИЙН орон зайд ирлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Цаг цагийн сонгуулиар цөөн бус бие даагчид хүч үзэж, 99 хувь нь тоосонд дунд харааж зүхээд үлддэг. Хамгийн олон бие даагч тодорч байсан сонгууль бол 2000, 2012 онд тус тус гурван бие даагч тодорч байжээ. Түүнээс бусад сонгуульд дандаа нэг бие даагч л торойж байв. Тэр ч бүү хэл 1996 оны сонгуулиар 35 бие даагч өрсөлдөөд нэг ч суудал аваагүй тохиолдол ч байна. Харин энэ жилийн сонгуулиар хамгийн олон буюу 208 бие даагч нэрээ дэвшүүлэхээр албан ёсоор бүртгүүлээд байгаа.

Томсгосон тойрог дээр бие даагчдын хувьд нөхцөл байдал хүнд явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд иргэд олон нийт ээлжлэн сонгож ирсэн хоёр намаасаа уйдах хандлага илт. Нам гэхээсээ илүүтэй улс төрийн хуучин кадруудаас залхжээ. Мөнхүү гуравдагчдын орон зайд тодорч буй МАХН, ШИНЭН гэх мэт бүлэглэлүүд үүсэн гарч байгаа ч өнгө зүс ижил учраас тэднийг ойшоож байгаа нь ч үгүй. Учир нь тэднийг үүсгэн байгуулагчид нь аанай л МАН, АН-аас гал тасалсан тэдний угшил нэгтнүүд. Энэ нь зөвхөн манай улсад ч бус ерөөсөө дэлхий нийтийн чиг хандлага шинийн эрэлхийлэлд мордсон ч гэж болно.

Тэгэхээр энэ жилийн сонгуульд бие даагчид чамгүй хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орно. Нөгөө талаас МАН, АН-аас нэрээ дэвшүүлсэн шинэ залуу кадруудад иргэд санал өгөх хандлага ч давамгайлж байна. Арга ч үгүй УИХ-д 4-6 удаа сонгогдсон нөхдөөс залхах нь өөрөө  нийгмийн үзэгдэл хийгээд өнөөдрийн нийгмийн бодит байдал, иргэдийн амьдрал ахуй гээд жиших юм бол тэднээс уйдах нь бүү хэл чулуугаар шидээд хөөхөд ч бэлэн байна. Айсуй сонгуулийн цуваа харж байхад улс төрийн хүчнүүдээс шинэ залуу нэр дэвшигчид олон байгаа нь нийгмийн захиалга, хандлагыг мэдэрсэн гэж болохоор. Тиймээс айсуй сонгуулиар МАН, АН-аас нэрээ дэвшүүлж байгаа залуус болон бие даан хүч үзэж байгаа залуусын эгнээнд иргэдийн санал давлагаалах хандлага бий. Нийгмийн үзэл санаа, судлаачдын байр суурь зэргээс харахад ч илт байна.

Монгол Улсын сонгуулийн түүхэнд 1992 онд 18 бие даагч нэр дэвшиж, нэг хүн сонгогдсон, 1996 онд 35 бие даагч нэр дэвшсэн ч ялалт байгуулаагүй. Түүнчлэн 2000 онд 15 бие даагч нэр дэвшиж, гурван хүн, 2004 онд 27 бие даагч нэр дэвшиж, нэг хүн, 2008 онд 45 бие даагч нэр дэвшиж, нэг хүн, 2012 он 26 бие даагч нэр дэвшиж, гурван хүн, 2016 онд 69 бие даагч нэр дэвшиж, нэг хүн тус тус сонгогдож байв. Дээрх статистикаас харсан ч 2020 оны сонгуульд энэ давлагаа бүр эрчээ авч байгааг анзаарч болно.

Өнгөрөгч 2019 онд Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Э.Бямбажав, Гадаад явдлын сайд асан Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, Хамба лам Д.Чойжамц, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нийтлэлч Баабар нарын үүсгэн байгуулсан “Электорат” хөдөлгөөн ч огт санамсаргүй хэрэг биш. Улс төрийн хуучин кадрууд, учир мэдэх нөхөд нийгмийн салхины ерөнхий чиг хандлагад тохируулан энэ хөдөлгөөнийг байгуулсан байж таарна. 

Энэ үеэр 2020 оны сонгуульд улс орныг зөв чиглүүлж чадах улстөрчдийн судалгааг явуулж, судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 30 хувь нь аль нэг намаас дэвшиж байгаа залуу улстөрчийг сонгоно гэсэн бол 50 орчим хувь нь нам бус бие даагчдад санал өгнө гэж хариулсан байдаг. Харин 15 хувь нь МАН болон АН-ын туршлагатай улстөрчийг, дөрвөн хувь нь бусад жижиг намаас нэр дэвшигчийг сонгоно гэсэн байгаагаас харахад яах аргагүй шинийн эрэлхийлэлд морджээ. Өнөөдөр улс төрийн намуудын тойргуудад хийсэн судалгааны дүнг ч намаас хөөстэй мэдээлж байгаа болохоос бус бодит байдал дээр хуучин кадрууд ахихгүй байгааг эх сурвалж хэлсэн. Тийм ч учраас намууд энэ удаад хуучин кадруудаа шахсан байх. Нөгөө талаар нэр дэвшигчээ тодруулсан даруйд олон нийт шинэ тутам залуус руу ханарч байгааг мэдээллийн давлагаа, бодит байдлаас ч харж болно.

Улс төрийн ууган хүчин суудлаа хамгаалаад ирэх учиртай Д.Хаянхярваа, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, АН-аас Н.Алтанхуяг, Г.Баярсайхан, М.Батчимэг нарын гишүүддээ мандат өгсөнгүй. Гэтэл нийгэм Н.Алтанхуяг нарт бус Н.Номтойбаяр, М.Батчимэг нарыг “Чухам яагаад мандат авч чадсангүй вэ” гэх зэргээр үгүйлж байх жишээтэй.

Намууд ийнхүү нэг кнопоо дархан хадгалаад үлдэх кадруудаа шахаж байгаа нь ч нийгмийн салхийг дагаж байна гэж харахаас өөр аргагүй. Мэдээжийн хэрэг улс төрийн хоёр том хүчин тэр чигээр нь цус сэлбэх аргагүй учраас алаг цоог залуусаа дэмжсэн нь цуваанаас харагдана. Бид 1992 оноос хойш найм дахь удаагаа сонгууль өгөх гэж байна. Энэ жил найм дахь удаагаа, долоо, зургаа, тав дахь удаагаа нэрээ дэвшүүлэхээр горилж байгаа хүмүүс байгаа учраас олон нийт залхаж эхэлсэн байна. Улс төрийн хоёр том хүчнээс залуусаа алаг цоог ч гэсэн нэрийг нь дэвшүүлсэн учраас тэднийг иргэд дэмжиж таарна, бие даагчдын чамгүй хэсгийг бүрдүүлж байгаа залуусын дуу хоолойг ч өргөж таарна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 20

medeej ene ynen irged medej baigaa bie daagchid ih garna ene udaad

0  |  0
Top