Л.Батжав: Төрийн хүний хийсэн үйлдэл, хэлсэн үг нь зөрөхгүй байх ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

Хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавтай ярилцлаа


-Таны өсөж төрсөн нутаг усны тань тухай асуултаар яриагаа эхэлье.

-Би Хэнтий нутгийн унаган хүү. Хэдэн үеэрээ өгөөж баян Хэрлэн голынхоо хөвөөгөөр өгсөж уруудан амьдарч ирсэн түүх байна. Би ч ялгаагүй Хэрлэн голынхоо эргээр дээш доош гүйж, энэ л голынхоо усанд умбан шумбаж, чулуугаар нь тоглож өссөн дөө. Миний өвөө Батын Чойжинжав Хан хэнтий уулын аймгийн унаган хүү. 1886 онд Уулбаян, Баяндэлгэр, Түвшинширээ сумын зааг болох Бухын нуруу гэдэг газар төрсөн. Түүхийн баримтаас үзэхэд аймгийн яамны захиран тушаах хэлтсийн 37-177 тоот бичгийн дагуу Монгол Улсын олноо өргөгдсөн 16 (1926) оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянмөнх уулын хошуу хуралдаж сумдыг нутгийн ойр аймагт хавсруулан захирагдах асуудал хэлэлцэж, уг хурлын тогтоолын 3-р зүйлд ойрыг үзэн Түвшинширээ уулын сумын олон ард нар болбоос Түвшинширээ уулын зэргэлдээ газар нутаглан идээшлэлийг олсон.

Мөн Дарьганга нутгийн хойт захад орон хийд байгуулан Орлой гурван зээрдийн зэргэлдээ газар нутаглаж байгаа Өгөөмөр сумын 306 өрх, Түвшинширээ сумын 181 өрхийг бүтэн сумаар нь Хан хэнтий уулын аймагт, мөн Цогтбаян-Өндөр сумаас 120 өрхийг Хан хэнтий уулын аймгийн Мөнххаан уулын хошуунд, Түдэгтэй хан уул сумаас 148 өрхийг Хан хэнтий уулын аймгийн Галшар уулын хошуунд захирагдуулсугай хэмээсний дагуу тус тус шилжүүлсүгэй гэсэн заалт түүхэн баримтуудад дурдагдсан байдаг юм аа. Сумын Тамгын газарт урьд нь бичээчээр ажиллаж байсан Батын Чойжинжавынх Түвшинширээ уулаас баруун урагш “Завгийн чулуу” гэдэг газар нутаглаж байхад анх сумын даргаар томилж, сумын уугуул тамгыг, бичиг хэрэг хадгалах хуучин модон шүүгээний хамт хүлээлгэн өгч байжээ. Батын Чойжинжав нь сумын даргаар 1928 оны сүүлч хүртэл ажиллаж байгаад мориноос унаж бэртсэн учир чөлөө авч оронд нь Жамцын Зоригт гэдэг хүн сумын даргаар ажиллаж байсан ба 1929 оны 12-р сараас анхны дарга Батын Чойжинжав сумынхаа даргын ажлыг дахин үргэлжлүүлэн хийсэн түүхтэй. Харин миний аав Лхамжав 1928 онд Хан хэнтий уулын аймгийн Түвшинширээ сумын Түвшинширээ уулнаа Чойжинжавын хүү болон мэндэлсэн. Дорнод, Хэнтий аймгуудын захиргаанд алба хашиж, амьдралынхаа ихэнх жилүүдийг өнгөрөөсөн байдаг. Аавыг Хэнтий аймгийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхад би төрсөн юм гэнэ лээ.

-Үнэхээр мундаг судалсан байдаг юм байна?

-Ямар ч хүнийг уг түүх, угсаа гарвалаа мэдэж байх ёстой гэж боддог. Тийм ч учраас дээд сургуульд багшилж байхдаа “Төрөлх сургуулийнхаа өнөө цагийн түүхийг бүтээгчид” номоо, 2004 онд өөрийнхөө удам судрын тухай “Өвөг дээдсийнхээ гал голомтыг бадрааж явахын учир”, “Аав таньдаа барих сэтгэлийн өргөл” номоо 2013 онд, 2015 онд аавынхаа төрсөн сумын түүхийг судлан ойн ном болгон хэвлүүлсэн.

-Сумын түүхэн судалгааны ном сонирхол татаж байна. Яагаад аавынхаа төрсөн сумын түүхийг онцлон судлах болов оо?

-2012 онд сумын 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд сумынхаа түүхийг судлаж хэвлүүлж өгөхийг хүссэн, сумынхаа удирдлагын хүсэлтийг миний аав Лхамжав гуай насан өндөр болсон ч баяртайгаар хүлээн авч судласан юм. Гэвч архивын материал, түүхийг судлахад төрсөн сум 1932 онд бус 1925 онд Дарьгангын зургаан сумын нэг болж, үүсгэн байгуулагдсаныг олж мэдсэн боловч, нэгэнт ой тэмдэглэх шийдвэр гарсан, 1932 онд үүсгэн байгуулагдсан хэмээн тэмдэглэж ирсэн уламжлалыг өөрчлүүлэх чадал тэтгэврийн өвгөнд байгаагүй юм. Тиймээс би  2014 онд нутгаараа явах үед сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нар хүлээн авч уулзан сумын одоогийн түүх, гэрэлт хөшөөний бичиг, анхны даргын хөшөөний бичиг нь зөрүүтэй байгаа тухай ярьж, түүхийн үнэнийг албан баримтаар нотлож, нэг мөр болгох талаар судлаж өгөхийг надаас хүссэн.

-Сумын түүхийг засаж залруулах бодит үнэн баримтыг нь яаж олов?

-Үндэсний төв архиваас Түвшинширээ сум үүсгэн байгуу­лагдсан тухай баримтуудыг бүрэн эхээр нь авч үзээд хуулбарлан авч, сумын болон аймгийн удирдлагад танилцуулсны үндсэн дээр сумын түүхийг залруулах шийдвэр гаргасан. Ингээд аавынхаа бичсэн ном, сумын удирдлагаас өгсөн материалуудыг эмхтгэн "Түвшинширээ нутаг-3" номыг гаргасан  юм. Сумынхаа түүхийг бодит үнэнээр нь засаж залруулах гэсэн аавын маань хүсэл 13 жилийн дараа биелэж, төрөлх сум нь 80 жилийн ойгоо тэмдэглэснээс хойш гурван жилийн дараа 90 жилийн ойгоо тэмдэглэж байсан түүхтэй юм.

-Аав, ээжийнхээ тухай танилцуулаач?

-Аав минь намайг төрөхөд Хэнтий аймгийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Аавынхаа хашиж байсан албан тушаалыг нь сонсохоор нэг хүнд ахадмаар олон мэргэжил эзэмшсэн хүн байсан. Тэрээр сумынхаа бага сургуулийг 1944 онд төгсөөд сургуульдаа багшилж ажил хөдөлмөрийн гараагаа эхлээд хугацаат цэргийн албаа бага дарга цолтой хашсан армийн офицер хүн байлаа даа. Дараа нь Дорнод аймгийн үйлдвэр хоршооллын артельд туслах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор 1956 он хүртэл ажиллаж байгаад аймгийн АДХГЗ-ны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн төлөвлөгч цаашлаад тус албаны орлогч даргаар дэвшсэн. Ингээд Хэнтий аймагт шилжин ирж 1975-1979 онд тус аймгийн АДХГЗ-ны Аж ахуйн хэлтсийн дарга, Гэр бүл, нотариатын товчооны дарга, 1979-1985 онд аймгийн АДХГЗ-ны Хуулийн хэлтсийн даргаар ажилласан гээд тоочоод байвал их зүйл бий. Хамгийн сүүлд аав маань Монголын зурхай судлалын шинжлэх ухаанд шимтэж  Монголын зурхай судлалын академийн академич, профессор цолыг хүртсэн байдаг. Харин миний буянтай ээж Өлзийхутаг 1937 онд Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул гэдэг газар төрсөн. ЗХУ-д гурилын үйлдвэрийн лаборант мэргэжил эзэмшиж, улмаар хууль цаазын дунд сургуульд суралцан төгсөж мэргэжлийнхээ чиглэлээр улсдаа 32 жил хөдөлмөрлөсөн хүн. Одоо ч биднийхээ дэргэд энх тунх амьдарч байгаад нь л үр хүүхдүүд бид их баярлаж явдаг даа.

-Та аавынхаа биет хөшөөг сууж байгаагаар урлуулж гэртээ залсан байсан. Энэ талаараа яриач?

-Би аавыгаа 48 настай байхад нь төрсөн болохоор “хэнз хүү” гээд надад өөрөөсөө ч илүү хайртай байсан. Гэхдээ хэнз хүүгээ “Эрхийн тэнэг” өсөхөөс их болгоомжилж, хайрлахын хажуугаар мэдлэг боловсролтой, хатуу үг сонсох хаттай, амьдралын ачааг үүрэх чадвартай болгохын тулд өөрийгөө тэр чигт нь надад зориулж зүтгэсээн аав минь. Хүүгээ сургуульд орохыг үзэх юмсан, хүүгээ 10 дугаар ангиа төгсөхийг харах юмсан, хүүгээ дээд сургууль төгсөхийг харчих юмсан, ач хүү охиноо харах юмсан гэх чин хүсэл аав бүрт байдаг байх. Миний аавд ч байсан. Энэ бүхний ард “Хэнз үр”-ээ амьдралд яаж хөл тавихыг харах гэсэн, хальтирвал түших гэсэн эцэг хүний холын бодол байсан нь мэдээж. Аав маань энэ бүхнээ үзэж харсан. Хүүгээ бүх шатны сургуулиа онц дүнтэй төгсөхийг, академич, доктор, профессор, хурандаа болохыг үзсэн. Миний залуу насандаа алгуурлалгүй зүтгэж эрдэм ном сурсан, эрч хүчтэй ажилласан минь аавтай салшгүй холбоотой. Сүүлд аав минь хүнд өвчин тусч би ааваасаа нуугдан эмнэлгийн хонгилдуйлаад сууж байхдаа “Аавыгаа алдчих вий” л гэж их айж, яаж ийгээд эмчлүүлэхийг, эрүүл болгохын төлөө зүтгэж аавыгаа үүрээд их л явсан даа. Гэвч хорвоогийн жамаар аав минь бурхан болоход бүх юм нураад уначих шиг, амьдрал хөмөрсөн тогоо шиг л харанхуй давчуу санагдаж, ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хүнд цаг үетэй нүүр тулсан. Аавыгаа тэвэрмээр, ярилцмаар, асуумаар санагдах үе зөндөө. Гэсэн ч босоод ирэхгүйгээс цааш яалтай билээ. Бодож байгаад аавыгаа байнга харж явъя, амьд юм шиг гэгээн дүрийг нь нүдээр харж хүсэл сэтгэлээрээ холбоотой байя гэж шийдээд Тоорой бандийн хөшөөнөөс санаа авч аавынхаа хүрэл хөшөөг хийлгэж амьдарч байсан өрөөнд нь залсан. Жаргасан, ядарсан ямар ч үед аавын минь нөмөр нөөлөг надад үгүйлэгддэг учраас мөн үр хүүхдүүддээ өвөг дээдсээ хүндлэх үзэл бий болгох зорил­гоор хийлгэсэн. Миний бага хүү өвөөгийнхөө хөшөөнд мөргөөд адис авч, аягатай ааруул­наас нь авч амсахыг хараад “Би зөв юм хийжээ” гэж бодсон доо.

-Зарим хүн таатай бишээр хүлээж авах шиг болсон?

-Би ийм ёс байдаг гэж хэлээгүй, бүгдээрээ хий гэж хүмүүст шахаагүй. Хэрхэн хүлээж авах нь тухайн хүний ухамсарын асуудал.

-Ярианы сэдвээ өөрчлөе. Яагаад 2020 оны сонгууль дэвшихээр болов. Нэр дэвшихэд тань ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?

-Хэдэн жилийн өмнөөс найз нөхөд, нутгийн зон олон маань Хэнтий нутгаа төлөөлөн УИХ-д нэр дэвшээч гэсэн санал тавьж байлаа.Тухайн үед хувийн ажил байдлын шалтгаанаас үүдэн хүлээж авах боломжгүй байгаагаа тайлбарлаад л явсан. Харин энэ удаа сонгуульд нам бус, нэр цэвэр хүн дэвших шаардлагатай байна. Та Төрийн захиргааны албанд олон жил ажиллалаа, мөн хууль боловсруулах албанд ч өчнөөн жил зүтгэлээ. Ойрын 28 жил Хэнтий нутгийг төлөөлсөн хуульч төлөөлөл УИХ-д суусангүй. Хуульч хүнийхээ хувьд нутгаа төлөөлөөч гэсэн хүсэлт надад их ирсэн. Хувь хүн л хамт олон найз нөхдөөр дутдаг болохоос биш хамт олон, нутаг орон нэг хүнээр дутахгүй шүү дээ. Тиймээс энэ удаа хамт олон, нутаг усныхан маань санал тавиад байхад татгалзалгүй хүлээж авсан.

-Төрийн хүн ямар байх ёстой гэж та боддог вэ. Одоогийн түшээд таны шалгуурт хэр нийцэж байна?

-Би хэн нэгнийг тийм байна, ийм байна гэж хэлмээргүй байна. Харин төрийн хүний шалгуурыг хэлье. Юуны өмнө төрийн хүн өндөр боловсролтой байх ёстой. Хувийн болон ахуйн асуудлаа шийдсэн байх ёстой. Үнэнч шударга байх гол зарчмыг барьж үүнийгээ үзэл бодолдоо ч  үйл хэрэгтээ ч шингээсэн байх ёстой. Хийсэн үйлдэл хэлсэн үг нь зөрөхгүй байх ёстой. Улс орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй байх ёстой. Тэрний төлөө амь амьдрал бусад зүйлээ зориулж чаддаг, зольж чаддаг байх ёстой гэж үздэг дээ.

-Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавих боллоо гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хүн болгонд ашиг сонирхол байдаг. Энэхүү ашиг сонирхлоо тухайн хүн хэрхэн хамгаалахаас, түүнд хэрхэн хандахаас ашиг сонирхлын зөрчил хамаарна. Тухайлбал, ашиг сонирхолын зөрчлийг зохих төвшинд нь бариад, зохицуулаад байвал ажил, амьдрал нь хэвийн хэмжээнд жигд урагшлаад, сайжраад байх болно. Харин ашиг сонирхолын зөрчлөө дэвэргээд эхэлбэл эд хөрөнгө нь огцом өсөж арвижаад, шунал нь улам ахиад байх болно. Ер нь ашиг сонирхлын зөрчлийг үрслүүлж, ургуулж, цэцэглүүлж, эцэс сүүлдээ авлига болгон гүн бат үндэслүүлж орхидог гол эзэд нь хувь хүн, төрийн албан хаагч юм. Эндээс ашиг сонирхлын зөрчил гэдэг нь ажил, амьдралаа хэний ч дор орохгүй нэр төртэй, өнгөтэй өөдтэй аваад явах гэсэн хэн нэгний хүсэл тэмүүлэл үү, аль эсвэл яавал хурдан, илүү их хөрөнгөтэй болох вэ гэсэн атгаг сэтгэлтний шунал уу гэсэн асуулт гарч ирнэ.

-Авилгатай холбоотой сэд­вийг та судлаж докторын зэрэг хамгаалсан юм билээ. Яа­гаад энэ сэдвийг сонгосон бэ?

-Авилга хээл хахууль гэдэг чинь нийгмийн хорт хавдар, идээ буглаа. Хүн төрөлхтөний түүхэнд байж ирсэн, одоо ч байгаа үзэгдэл. Гагцхүү түүнийг ямар хэмжээнд барих вэ гэдэг тухайн төрийн бодлого, нийгмийн хөгжлөөс хамаардаг ажил юм. Үүнийг аль болох бага байлгаж гэмээнэ улс орон хөгжинө. Ийм учраас энэ сэдвийг хуульчийнхаа хувьд барьж судалгааны ажил хийж хамгаалсан.

-Одоогийн мөрдөгдөж байгаа Авилгатай тэмцэх хууль хийгээд АТГ-ын ажиллаж байгаа арга барил нь хэр алдаа, оноотой байна гэж хуульч хүнийхээ хувьд харж байна вэ?

-Авилгын эсрэг конвенц батлагдахад би ажлын хэсэгт нь орж ажиллаж байлаа. 1999 оноос эхлээд 2006 он хүртэл Засгийн газар, Улсын их хурал,  яам гэсэн гурван субъектын долоон ажлын хэсэгт судлаачийнхаа хувьд ажилласан. Өнөөдөр авилгын асуудал хангалттай түвшинд хүрч шалгагдахгүй, хол явахгүй байгаа  хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, хууль тогтоочид өөрсдөө авилгатай тэмцэхийг хүсэхгүй байна. Хоёрдугаарт, Авилгын эсрэг хууль маань өөрөө шүдгүй арслан гэдэг шиг тунхагийн шинж чанартай олон заалтуудтай. Монголд АТГ байна уу, байна. Авилгатай тэмцэх хууль байна уу, байна. Яг яс юман дээр хүн хүч, хөл толгой гээд бодоод үзэхээр иж бүрэн ч тэмцэх хүсэл зориг байгаагүй учраас л энэ ажил цаашаа яваагүй. Эрх зүйн орчин дутуу гэж би хэлэх гээд байгаа юм. Нөгөө талаас хууль хэрэгжүүлж байгаа байгууллагад улс төрийн захиалгатай томилгоо хийгддэг, айлган сүрдүүлдэг арга хэрэгсэл болгон ашиглаж байгаа давамгайлчихсан. Энэ байгууллагын хийх ажлын дийлэнх нь соён гэгээрүүлэх ажил. Үндсэн дөрвөн чиг үүрэгтэй. Нэг хэсэг нь мөрдөн шалгах. Үлдсэн нь соён гэгээрүүлэх, ухуулах гэх мэт. Энэ бусад чиг үүрэг нь их сайн ажиллах ёстой байгаа юм. Харамсалтай нь АТГ зөвхөн мөрдөн шалгадаг, айлган сүрдүүлдэг ажилтай болчихлоо. Зүйрлэвэл, замын голд цагдаа байхад ямар ч жолооч дүрмээ барьдаг. Цагдаа байхгүй бол ямар нэгэн байдлаар дүрэм зөрчих асуудал гардаг. Үүнтэй нэгэн адил АТГ соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийх юм бол авилга тодорхой хэмжээнд буурах ёстой.

-Таныг авилгатай тэмцэх юм байна гэж ойлголоо.

-Тэмцэнэ. Дээр дурьдсан алдаа оноог нь өөрчлөхийн төлөө явна. Би хуультай Монголын төлөө зүтгэнэ.

-Хүмүүс хуулийн цоорхой их байна. Түүнээс болж хохир­сон гэх асуудлыг тавь­даг. Үнэхээр хууль боловсруу­лах­даа цоорхойтой батлаад иргэдээ хохироогоод байна уу?

-Ер нь бол хуулийн гарц гаргалгааг хэрхэн гаргаж ирснээр л тэр хэрэг шийдэгддэг. Өнөөдөр монголд мөрдөгдөж байгаа тав, зургаан зуу гаруй хууль, түүнийг дагалдаж гарсан журам, Олон улсын гэрээ гээд найм, есөн зуун эрх зүйн акт дундаас өөрт холбоотой заалтыг олж, өмгөөлөгч хүн хэрэг дээрээ ашиглах ёстой. Хамгийн гол нь өмгөөлсөн хэрэгтээ ялах л хэрэгтэй гэж би боддо

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.181) 2020 оны 05 сарын 19

Хээээ яасан сайхан үг вэээ? Ховордсон үг байнадаа үнэн үг сонсоход нэн сайхан

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 19

ene hyniig bid tanih bish harin yarilzlagaas harahad tord baih estoi l hynii neg baina

0  |  0
Гүнж(119.40.98.177) 2020 оны 05 сарын 19

Худлаа худлаа

0  |  0
Top