Дэлхийн банк: Монголын 120 мянган иргэнийг НДШ-ээс таван сарын хугацаанд чөлөөлөх санхүүжилт олгоно

2020 оны 05 сарын 18

 

Дэлхийн банкнаас  Монгол улсад одоо хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 15 сая ам.долларын санхүүжилтийг зориулахаар боллоо. Коронавирус цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тодорхой хэсгийг дэмжих зорилгоор энэхүү санхүүжилтийг зориулна гэдгээ Дэлхийн банк мэдээлэлдээ онцолжээ.

Уг санхүүжилт нь хувиараа  хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсад зэрэг 120,000 орчим иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс таван сарын хугацаанд чөлөөлөх эх үүсвэр болно.

Ингэснээр сайн дурын нийгмийн даатгалд даатгагдсан иргэд хямралын энэ хэцүү цаг үед шимтгэл төлөх байсан мөнгөө хэмнэж, өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулах боломж бий болно. Мөн эдгээр хүмүүсийн ирээдүйд тэтгэвэр тогтоолгох, ажилгүйдлийн болон  хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны болон бусад тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь тасалдахгүй байхад чухал ач хобогдолтой юм. Засгийн газрын шийдвэрийн дагуу сайн дурын даатгалд хамрагдсан иргэдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох дүнгээр тооцогдоно.

Монгол Улс нь БНХАУ-ын эдийн засаг, ялангуяа худалдаа, аялал жуулчлал, гадаадын хөрөнгө оруулалттай илүү ойр, уялдаатай орны хувьд  цар тахал эдийн засагт нь хамгийн түрүүнд нөлөөлж буй орнуудын нэг билээ. 2020 оны нэгдүгээр сарын сүүл үеэс  эхлэн засгийн газрын зүгээс  коронавирус цар тахлаас  урьдчилан сэргийлэхэд шаардлагатай хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд эдийн засаг зогсонги байдалтай байна. 

Эдийн засгийн нөхцөл байдал сулрахын хэрээр хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал дордож, улмаар ажлын байр цөөрөх, олон ажилчид цомхотголд орох, цалин буурах зэрэг үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Нөгөө талаас хувиараа хөдөлмөр эрхлэгчид, түр гэрээт ажилчид болон албан бусаар хөдөлмөр эрхлэгчид эдийн засгийн энэхүү цочролыг даван туулах арга хэрэгсэл, боломж багатайн улмаас цочрол тэдэнд хамгийн хүндээр тусах магадлалтай. Эрүүл мэндийн эрсдэл багасч, бизнес болон хөл хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээ суларсны дараа ч цар тахлын нөлөөнд өртсөн ажилчид, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сэргээж, хэвийн байдалдаа эргэж ороход илүү урт хугацаа шаардагдана гэж мэдээлэлд дурджээ.

Дэлхийн Банкны Монгол Улсыг  хариуцсан менежер Андрей Михнев “COVID-19" цар тахлын улмаас үүссэн хямрал нь хувиараа  хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсдад илүү хүндээр тусах магадлалтай. Тиймээс эдгээр иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс түр хугацаанд чөлөөлөх, хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх засгийн газрын хүчин чармайлтыг Дэлхийн Банк дэмжиж байгаа юм” гэв.

Өмнө нь цар тахлын  үед Монгол Улсад нэн даруй шаардлагатай  тусламж үзүүлэх, эрүүл мэндийн нь болзошгүй хямралд салбарын  бэлэн байдлыг хангахад  туслах зорилгоор 26.9 сая ам.долларын санхүүжилт бүхий төслийг Дэлхийн банкны Захирлуудын Зөвлөл  баталсан билээ. Мөн одоо хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд 2.2 сая ам.долларын санхүүжилтийг  шаардлагатай эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар дахин хуваарилалт хийсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top