Бельгийн эмч нар Ерөнхий сайдаа нуруугаа харуулан угтжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Бельгийн шилдэг эмнэлгүүдийн нэг болох Гэгээн Пьерийн эмнэлгийн эмч, ажилтнууд өнгөрсөн ням гарагт тэдэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр ирсэн Ерөнхий сайд Софи Вильмест нуруугаа харуулан угтан авч, дургүйцлээ илэрхийлжээ.

RTBF сувгаар үзүүлсэн дүрс бичлэгт, эмч, сувилагчид эмнэлгийн зам дагуу жагсаж, Ерөнхий сайдын автомашины цуваа дөхөж ирэх үед буруу харж байв. Ингэснээр тэд Бельгийн эрх баригчдын цар тахлын үед эрүүл мэндийн салбарт хандаж буй хандлагат нь эгдүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

Энэ арга хэмжээнд 120 орчим эмч, сувилагч, түргэн тусламжийн албаны ажилтан оролцжээ. Эмч, эмнэлгийн ажилтнууд өнгөрсөн хоёр сарын туршид хүнд нөхцөлд ажилласны санхүүгийн нөхөн төлбөр олгох эсвэл цалинг нь нэмэгдүүлэхийг шаардахаас гадна шаардлагатай тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтнуудыг уртасгасан цагаар ажиллуулахыг үүрэг болгосон Бельгийн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. “Цар тахлын үед эмч, эмнэлгийн ажилтнууд тэртээ тэргүй уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс албадлагын арга хэмжээ авч байгаа нь эгдүүцлийг төрүүлж байна” гэж эмч нарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Дирк Ван Овертвельд онцолжээ.

Бельгийн Ерөнхий сайд Софи Вильмес эрүүл мэндийн салбарт бүтцийн өөрчлөлт, нэмэлт санхүүжилт шаардлагатай байна гэж эмнэлэгт ажиллах үеэр онцолжээ. Тэрбээр 40 минутын турш эмч, эмнэлгийн ажилтнуудтай ярилцан, сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Бельгид эмч нарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудал өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн яригдаж эхэлсэн ч тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр,  тус улсад 55280 хүн халдвар авснаас 9052 хүн нас баржээ. Энд зөвхөн хурц шинж тэмдэгтэй хүмүүст коронавирусний шинжилгээ хийж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top