ДЭМБ коронавирусний ХОЁР ДАХЬ ДАВЛАГААНД бэлэн байхыг анхаарууллаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Европ тивд шинэ төрлийн коронавирусний халдварын хоёр дахь давлагаа ирэх намар гарч болзошгүй тул бэлэн байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын товчооны тэргүүн Ханс Клюге анхааруулжээ.

Намрын улиралд томуу эсвэл улаан бурхан өвчний давлагаа үүсэх эрсдэл бий гэж тэрбээр мөн сэрэмжлүүлж байна.

Өдгөө баярлах бус бэлтгэл байдлаа хангах цаг гэж Клюге онцлоод КОВИД-19-тэй холбоотой хязгаарлалтын арга хэмжээ авсан зарим улс орон хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа нь яарсан шийдвэр гэж үзэж байна. Халдвар авсан хүний тоо буурч байгаа нь цар тахлын төгсгөл гэж ойлгож хэрхэвч болохгүй гэж Клюге онцолжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 4409843 хүн халдвар авснаас 301399 хүн нас барж, 1570399  өвчтөн эдгэрээд байна. АНУ-д 1417350 /нас барсан 85884/, ОХУ-д 252245 /нас барсан 2305/, Их Британид 234440 /нас барсан 33693/, Испанид 229540 /нас барсан 27321/, Италид 223096 /нас барсан 31368/, Бразилд 202918 /нас барсан 13993/, Францад 178994 /нас барсан 27428/, Германд 174478 /нас барсан 7884/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top