Коронавирус баатруудын тухай ойлголтыг өөрчилж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Баатарлаг чанар нь хүний хамгийн эрхэм чанар. Энэ нь ганц агуу үйлээр тодорхойлогдох ёстой юу. Коронавирусний цар тахал бидний баатруудын талаарх ойлголтыг өөрчлөх үү

Дэлхийг байлдан дагуулах титэм вирус гарч ирснээс хойш “баатар” гэх ойлголт дэлхийн хэмжээний сэдэв болоод байна. Их Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб “тэргүүн эгнээний баатарлаг үйлстнүүд” гэж нэгэнтээ ярьж байсан бол радиогоор “эрүүл мэндийн салбарын баатруудаа” дэмжих уриалга явах болжээ. Тайландын одууд “Баатруудаа дэмжье” нэртэй цахим кампанит ажил эхлүүлсэн бол АНУ-ын Ардчилсан нам цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшуулал олгох “Баатрууд” сан байгуулах санаачилга гаргав.

Энэ бүгд АНУ-ын Калифорни дахь Стэнфордын их сургуулийн хүндэт профессор Филип Зимбардод эргэцүүлэх сэдэл өгчээ. Тэрбээр “Стэнфордын шорон” хорон муу чанарын талаарх туршилтаараа алдаршжээ. Харин сүүлийн үед Зимбардо үүний эсрэг туйл болох баатарлаг чанарын талаар “баатар судлал” гэх нэр аваад буй сэтгэл зүйн шинэ тутам нэгэн салбарыг бий болгоод байна. “Энэ сэдэв өмнө нь яагаад гүнзгий судлагдаагүй нь хачин. Хүний хамгийн эрхэм чанар бол баатарлаг чанар. Бид бүгд энэ чанарт тэмүүлдэг. “Баатар” гэсэн томъёо зарим талаараа хэтрүүлэгтэй байдаг” гэж тэрбээр ярьжээ. Өнөөдөр алдар нэртэй хүмүүсийг баатруудтай андуурдаг. Баатар гэх ойлголт бүдгэрч, хөршдөө хэрэгцээт зүйлс худалдан авч өгсөн хүнийг баатраар өргөмжлөх болсон. Энэ үйлдлийг энэрэнгүй үзлийн илэрхийлэл гэж нэрлэвэл илүү зохимжтой. Харин КОВИД-19 хямрал  баатарлаг чанар, баатарлаг үйлсийн талаарх ойлголтыг илүү тодотгож байна гэж тэрбээр үзэж байна.

Хүн чанарын гэрэлт цамхаг

Зимбардо баатарлаг үйлсийг өөрийнхөөрөө тодорхойлжээ. Баатарлаг үйл гэдэг нь өөрийнхөө амь нас, магадгүй гэр бүл, ажил төрөл, нийгмийн байр сууриараа дэнчин тавьж бусдын төлөө хийж буй үйлдэл. Шүгэл үлээгч хүн баатар байх талтай. Гэхдээ мэргэжлийн хүмүүс, сайн дурынхны хооронд хатуу хил зааг бий. Гал сөнөөгч гал дүрэлзэж буй байшингаас хүүхэд аврах нь тэдний ажил. Харин хажуугаар явж буй хүн ийм үйлдэл хийх нь баатарлаг үйл. АНУ-ын тэрбумтан, бизнесмен, сайн үйлстэн Эндрю Карнегийн 1904 онд баатарлаг гавья байгуулсан энгийн иргэнийг алдаршуулах зорилгоор бий болгосон Карнеги медаль баатарлаг үйлс хийх үүрэг хүлээсэн тэр хүмүүсийг үгүйсгэж буй мэт. Тэгвэл өнөөдөр КОВИД-19 халдвартай амь нас, эрүүл мэндээ огоорон тэргүүн эгнээнд тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнууд хэн бэ? Жинхэнэ баатар гэх ойлголтын талаар дахин эргэцүүлэх цаг нь ирснийг илтгэж байна гэж Зимбардо онцолжээ. Бид Мартин Лютер Кинг, Нельсон Мандела шиг нэгэн үйл хэрэгт бүхий л амьдралаа зориулсан хүмүүсийг баатар гэж ойлгож хэвшсэн. Эсвэл ганц удаагийн баатарлаг үйлсийг нэрлэдэг. Харин өнөөдөр хүн төрөлхтөн “агуу их нэр төр” гэх цолыг өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад өгөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үүн шиг эрсдэл тэдний ажлын байрны тодорхойлолтод хэзээ ч бичигдэж байгаагүй. Харин тэд өдөр тутам эрсдэл гаргасаар. Энэ бол том үсгээр бичигдэх баатарлаг үйлс. Баатарлаг үйлсийн үндэс нь юу болох нь өнөө хэр тодорхойгүй. Филаделфиагийн Темпл их сургуулийн сэтгэл судлалын профессор Фрэнк Фарли үүнийг хувь хүний шинж чанартай холбон тайлбарласан байна. Баатарлаг үйл хэрэг нь өөртөө хэт итгэлтэй байх, сэтгэлийн хөөрөл, нэр хүндээ хамгаалах хүсэл зорилгын бүтээгдэхүүн гэж тодорхойлж болно гэж тэрбээр үзэж байна. Бид эмнэлэгт ажилладаг хүмүүс ийм их эрсдэл үүрдэг гэж тэр бүр бодож байгаагүй ч тэдэнд ийм чанар бий. Эрсдэлтэй нүүр тулах дургүй хүн эрчимт эмчилгээний тасагт ажилд орохгүй л болов уу. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хөтөлж, зоригжуулдаг шалтгаан нь үнэхээр тайлагдашгүй. Олон жил баатарлаг чанарын тухай судалгаа хийсэн ч үүнийг ойлгосон гэж одоо ч хэлж чадахгүй гэж Фрэнк Фарли өгүүлжээ.  Түүний хэлснээр, энэ бол гайхалтай чанар, хүн чанарын гэрэлт цамхаг.

Бидний сэтгэл зүйн алсад

Хэдийгээр баатрууд цөөн байдаг ч баатарлаг үйлс хийхэд бэлэн байхад сургаж болдог гэж Зимбардо үзэж байна. Түүний “Баатрлаг дүрслэл” төсөл 12 улс орны  сургуулийн насны хүүхдүүдтэй хамтран ажиллаж байна. Төслийн хүрээнд хүүхдүүдэд өөрсдийнх сэтгэл зүйн талаарх ойлголт өгснөөр тэд яагаад зарим хүн баатарлаг гавьяа байгуулдгийг ойлгуулдаг байна. Хэн нэгэн асуудлыг шийднэ гэх хандлагыг ажиглагчийн нөлөө гэж тайлбарладаг байна. Хүндрэл бэрхшээлтэй тулгарсан нэгэнд өөрийг нь буруутгах чиг хандлага байдаг бол огт таньдаггүй хүмүүст тусламж үзүүлэх сэдэл тэр бүр төрдөггүй нь хүнд байдаг л чанар. Баатарлаг чанарыг зааж сургах санааг “Hero Construction” компанийг үндэслэгч Мэтт Лангдон анх гаргажээ. Тэрбээр энэ санааг захирлуудад болон сурагчдад хүргэдэг. “Ford”, үл хөдлөх хөрөнгийн “Real Estate One” компаниуд болон баатарлаг үйлсийн сэдвээр бага хурал, арга хэмжээ зохион байгуулдаг “Hero Round Table” зэрэг компаниуд түүнийг урин залдаг аж. Баатрын тухай санаа олон мянган жилийн турш соёлын гол жим байсан. Супер баатруудын тухай кинонууд гүн гүнзгий үндэслэсэн энэхүү хэрэгцээний илрэл гэж тэрбээр үзэж байна. Түүний хэлснээр, бидний баатарлаг үйлсийн тухай ойлголт маш адармаатай. Жишээ нь бид баатруудыг төгс гэж төсөөлдөг. Алан хядагчийг устгасан хүн өөрөө шийтгэл авсан алуурчин байвал баатар гэж үзэх үү /Лондонд өнгөрсөн онд гарсан хэрэг/?

Баатарлаг үйлс баатрыг бий болгодог нөхцөл байдлаас улбаатай. Баатар нөхцөл байдлыг бий болгодоггүй. Тиймээс баатарлаг гавьяа байгуулах боломж хүний амьдралд гарахгүй ч байж болно гэж Лангдон тайлбарлажээ. Баатрууд гэж онцгой хүмүүс байдаггүй. Гэхдээ тэд бусад хүмүүст баатарлаг үйл хийхийг нь зогсоосон сэтгэл зүйн тэр саадыг давж чадсан хүмүүс. Өдгөө бидэнд энгийн үйлсийг баатарлаг гэж тодорхойлох боломж гарч ирж байна. Эмч, сувилагчийг үлгэр домгийн баатар гэж хэн ч үздэггүй. Харин цар тахал баатруудыг огт өөр нүдээр харахад хүргэж байна.

Баатруудыг дахин бүтээх нь

Иллиноисийн Баруун хойд их сургуулийн сэтгэл судлалын профессор Элис Игли “харьцангуй” баатарлаг үйл гэсэн санааг дэвшүүлжээ. Үүний жишээ нь түүнийхээр  хэзээ ч хараагүй, танихгүй хүнд бөөрөө хандивладаг тэр хүмүүс. Өөрийнхөө болон гэр бүлийн аюулгүй байдлыг нэгт тавьж болох ч өдөр тутам халдвартай тэмцэж буй тэр хүмүүс. Зарим хүмүүс бага гавьяа хүртдэг нь зайлшгүй зүйл. Учир нь баатарлаг үйлс тэдний ажлын нэгээхэн хэсэг байдаг. Эрсдэл нь тэдний хувьд хэвийн зүйл. Харин шинэ төрлийн коронавирус нь хэвийн зүйлээс ч илүү нөхцөлийг бий болгож байна. Өдгөө “баатар” гэдэг үгийг хэрэглэхдээ бид тэдгээр аюулыг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь бидний сувилахуйн ажил үүрэгт хандах хандлага өөрчлөгдөж буйн илэрхийлэл. Эли Иглийн энэ санааг Филип Зимбардо дэмжжээ. Эл цар тахлын сайн талын нэг нь бидний анхаарлаас гадуур үлдэж байсан жинхэнэ баатарлаг үйлсийг хүлээн зөвшөөрч, үнэлэх болсон явдал юм. “Нөхцөл байдлыг сайн тал руу эргүүлэх боломж бий болсон. Хорин жилийн өмнө тусламж хэрэгтэй нэгэнд хүмүүс тусалж чадах эсэх, тусалж буйн шалтгааныг судалсан. Тухайн үед олон хүн тусламж үзүүлээгүйд гайхах зүйлгүй. Харин өдгөө би энэ судалгааг дахин явуулахыг хүсэж байна. Учир нь одоо тусламж үзүүлэх хүний тоо хавьгүй нэмэгдсэн гэдэгт итгэлтэй байна” гэж Зимбардо өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top