Д.Дамдинжав: "Та бол аядуу зөөлөн хүн" гэдэг бол ТӨГС ПАМФЛЕТ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Улстөрчдийн тухай хөрөг памфлетаараа олны анхаарлыг татаж чадсан “Гол тоглогч” цуврал номын зохиогч, сэтгүүлч Д.Дамдинжавтай ярилцлаа.

 

-Танаас нэлээн чөлөөтэй, шулуун асуулт асууя гэж бодож байна. Та хариулахаас бэргэхгүй биз дээ?

-Яасан ноцтой эхэлж байх юм бэ. Чадлаараа л эрэмгий байх гээд хичээе дээ. (инээв)

-Таныг сүүлийн үед памфлет гэх төрлөөр дагнан бичиж, улстөрчдийг хайр гамгүй шүүмжилдэг, нэр хоч зүүлгэдэг гэдгээр сэтгүүл зүйн салбарт таних боллоо.  Энэ төрлийг яагаад сонгон барьж авах болсон бэ?

-Сүүлийн гурван жилд цуврал ном болгон гаргаж байгаа нь л энэ болохоос биш, би бүр 13 жилийн өмнө л памфлет гэх төрлөөр бичдэг байсан юм. Сэтгүүлч мэргэжлээр суралцаж байхаасаа л өдөр тутмын сонинуудад ажилладаг, ер нь сонины сэтгүүлчээр мэргэшсэн л дээ. Бүхнийг барьж аваад хийж чадах юм шиг л бодогддог тийм үе дээрээ би эрэн сурвалжлах чиглэлийн нийтлэл бэлтгэдэг “Нийгмийн толь” сонинд ажиллаж таарсан юм. Тэнд л жинхэнэ дур зоргоороо бичиж эхэлсэн. Бодож санах юмгүй л туудаг байж дээ, одоо бодоход.

-Бодож санах зүйлгүй гэхээр баримтгүй гөвдөг байсан гэж үү?

-Тийм утгаараа биш ээ. Зодгондоо багтахгүй зоригтой байлаа гэдэг утгаараа. Ямар ч бяргүй, мэхгүй, ур чадваргүй хэр нь ямар ч цолтой бөхтэй очоод барилдчихмаар аагаа багтааж ядаж явсан гэсэн үг. Та бод доо, тэр үед Ерөнхий сайдаар М.Энхболд ажиллаж байлаа. Тэгэхэд би ердөө л сургуулиа төгсөөд ганцхан жил болж буй шалдан сэтгүүлч. Тэгсэн хэр нь танхимаар нь амлаж аваад л, өдөрт нэг сайдыг нь памфлет гэх төрлөөрөө “гөвшдөг” байлаа шүү дээ. Тэр үеийн сэтгүүлчид санаж буй бол, М.Энхболдыг “Зааны тугал”, Т.Бадамжунайг “Дон жунай”, Д.Хаянхярвааг “Хулхи зайран”, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг “Хашин бэрс”, Зам тээврийн сайд байсан Ц.Цэнгэлийг “Зөрүүд зүтгүүр” гээд л бүгдийг нь бичиж байсан даа. Тэр үед дөнгөж улс төрд хөл тавьж байсан Н.Номтойбаярыг “Алтан жур” гэх жишээтэй.

-Их эртнээс байх нь ээ. Тэднээс тэгээд сөрөг хандлага ирж байгаагүй юу. Жаахан л юм бичвэл шүүх цагдаад аваачаад өгчихдөг хатуу үе байсан биз дээ?

-Өө, дээгүүрээ бол их юм болдог байсан гэсэн. Би бол учраа мэдэхгүй сурвалжлагч байсан болохоор юугаа мэдэх вэ дээ. Заримдаа чинь намайг яамны сайд нар дуудаж, урьж залаад сүйд болно. Юуг нь мэдэхгүй гүйгээд очдог л байж дээ. Яг намайг бичиж болохгүй гэж шууд хэлэхгүй ч “Дараагийнх нь хэн юм бэ?” гэж их асууна. Гомдол санал, шүүх цагдаагийн тухайд Д.Хаянхярваа гишүүнтэй асуудал үүсэж байсан. Гэхдээ миний бичлэгийн нэг онцлог бий л дээ. Яг нэг нэр хоч өгөөд л, гүтгээд доромжилчихсон юм уу гэхээр барих барьц олддоггүй юм шиг байна лээ. Жишээ нь, “Хулхи зайран” гэж гүтгэж доромжиллоо гэнгүүт би хариуд нь “Хулхи зайран гэдэг чинь хулхиддаг, хуурдаг хүнийг хэлээгүй. Жинхэнэ зайран биш ээ л гэсэн үг шүү дээ” гэх жишээтэй. Энэ мэт хоёр үзүүрээс нь хөвж болдог учраас арай л хүзүү хоолойгоо боолгочих хэмжээнд оосорлуулж баглуулж байгаагүй байх гэж боддог.

-Та улс төрийн памфлет бичлэгийн төрлөөр Монголдоо оройлон бичиж байгаа. Ийм төрөл зүйлээр өмнө нь сэтгүүлчид хэр их бичиж байсан юм бол оо?

-Үүнийг нээлт хийчихсэн юм шигээр ойлгож бас болохгүй л дээ. Тэртэй тэргүй сэтгүүл зүйд бэлэн байж л байсан төрөл зүйл. Гол нь их олон зүйлээс болоод, яг цэвэр памфлет төрлөөрөө хөгжөөгүй, орхигдсон байсан юм байна гэж боддог. Энэ төрлийн элементүүд орсон нийтлэл, нэвтрүүлгүүд бол Монголд зөндөө байсан. “Тоншуул” сонин бол бүтэн агуулгаараа памфлет байлаа. Памфлет бол нэр хоч өгөхдөө чухал биш юм билээ. Цаагуураа төнхөж байгаа, хөндөж байгаа, дон хийтэл онож байгаа нь л хамгийн чухал. Ийм утгаараа бодвол, Монголд памфлет хийж буй сэтгүүлч арав, зуугаар тогтохгүй. Нэг сурвалжлагч очоод л “Та их сайхан тарга тэвээрэг нэмж байна шүү. Төрийн алба танд тун сайхан зохиж байна аа?” гэж асуухад л энэ бол памфлет шүү дээ. “Та бол аядуу зөөлөн хүн” гэдэг бол зүгээр төгс памфлет. Бүтэн сонгууль эргүүлээд хаячихсан биз дээ? Памфлетийн хүч, нөлөө гэдэг үнэхээр том юм шүү.

-Тэгэхээр таны “Гол тоглогч” ном ч тодорхой зорилго агуулдаг гэж ойлгож болох уу?

-Ямар ч зорилгогүй ном бичнэ гэж байхгүй л дээ. Адаглаад л олон хүнд уншуулах сан гэсэн зорилго байна. Доторх агуулгаараа юу хэлэхийг хүсдэг вэ гэвэл өөр. “Гол тоглогч” номын нэг, хоёрдугаар дэвтэр бол ойлгомжтой агуулгатай байсан. Ерөөсөө л өнгөрсөн 30 жилийн турш бидний толгой дээр яг чухамдаа ямар нөхөд зайдалж байсныг л илчлэх зорилго агуулсан. Толгой дараалан шүү. “Гол тоглогч” номыг зарим хүн намтар зохиол, түүх бичлэгтэй андуураад байдаг. Мэдээж тэр хүний л тухай бичиж байгаа учраас намтар түүхээс нь оруулж таарна. Гэхдээ бүгдийг биш, чухлыг. Эсвэл яг түүнийг тодотгож чадах, илэрхийлж чадах баримтыг нь сугалж авдаг. Ер нь бол дүр нь л бодит, яг одоо бидний нүдэн дээр улс төрд тоглолт хийгээд явж байгаа хүмүүс болохоос биш, энэ бол уран зохиолын ном. Дотроо бол тэгж л бодож бичдэг. Улс төрийг уран зохиол шиг харуулна гэдэг мэдээж хэцүү л дээ. Гэхдээ л улс төр сонирхдог хүн уран зохиол уншиг, уран зохиол сонирхдог хүн улс төр уншиг.

-“Гол тоглогч” номын эхний хоёр боть гарснаар уншигчдад хүлээлт үүсгээд байгаа. Гурав дахь боть нь юугаараа онцлог вэ?

-Өмнөх хоёр ном маань өнгөрсөнд чиглэсэн бол энэ удаагийн ном ирээдүйд хандсан. Өөрөөр хэлбэл, ойрын 10 жилийн дотор Монголын улс төр, нийгэм, бизнесийн салбарт гол тоглолт хийх бололцоотой гэж үзсэн 20 хүний тухай хөрөглөж бичсэн. Улс төрд үе солигдож байна. “Уг нь үхээнц улстөрчийг зэвэрсэн хүрз мэт хаяж байх ёстой” гэж До.Цэнджав багш маань бичсэн байдаг. Яг л тэр санааг лоозон болгож бичсэн дээ.

Би мэдээж зөнч биш. Тэрнээс гадна зөвхөн энэ 20 залуу л Монголын ирээдүйн гол хүмүүс гэсэн тулгалт хийж байгаа ч хэрэг биш юм. Монголын улс төр, нийгмийг өөрчлөх шинэ үеийнхний давлагаа ирж байна. Үүнд хуучин, илжирсэн барилга бол урсан одоосой. Хог новш бүхэн ор мөргүй цэвэрлэгдээсэй. Хүрхрээ шиг, цунами шиг ийм хүчтэй үе ирж байгаа гэж олон хүн найдаж байна. Бүхэл бүтэн үе ирж байхад 20-хон хүний тухай ярих нь утгагүй л дээ. Гэхдээ энэ 20 хүн тэр үеийнхэн дундаа ямар ч байсан тод мөртэй, том дуутай байх юм байна аа гэж төлөөлөл болгож сонгож авсан.

 

-Таны бичсэн 20 гол тоглогч залуу үеийн гол төлөөлөгч байж чадах уу?

-Би мэдээж зөнч биш. Тэрнээс гадна зөвхөн энэ 20 залуу л Монголын ирээдүйн гол хүмүүс гэсэн тулгалт хийж байгаа ч хэрэг биш юм. Монголын улс төр, нийгмийг өөрчлөх шинэ үеийнхний давлагаа ирж байна. Үүнд хуучин, илжирсэн барилга бол урсан одоосой. Хог новш бүхэн ор мөргүй цэвэрлэгдээсэй. Хүрхрээ шиг, цунами шиг ийм хүчтэй үе ирж байгаа гэж олон хүн найдаж байна. Бүхэл бүтэн үе ирж байхад 20-хон хүний тухай ярих нь утгагүй л дээ. Гэхдээ энэ 20 хүн тэр үеийнхэн дундаа ямар ч байсан тод мөртэй, том дуутай байх юм байна аа гэж төлөөлөл болгож сонгож авсан. Тэднийг би магтаагүй, муулаагүй. Ирж байгаа хүмүүсийн өөдөөс шороо цацах чинь жудаггүй шүү дээ. Тиймээс салбар салбартаа тодорхой роль, дүр бүтээгээд явж байгаа залуучуудыг ирээдүйд гол тоглогч болж мэднэ гэдгээр танилцуулж байгаа л хэлбэр юм даа.    

-Бичсэн хүмүүсээ яаж сонгосон бэ? Улс орны ирээдүйд гай тарих ч хүмүүс байна, гавьяа байгуулах ч хүмүүс байх шиг?

-Яг наадах чинь шүү дээ. Ирээдүйд гай тарих, гавьяа байгуулахыг нь хэн ч урьдаас тааж мэдэх боломжгүй. Гэхдээ хэн нь хэн бэ гэдгийг одооноос мэддэг байх хэрэгтэй. Ирээдүйг таах боломжгүй ч өнгөрснөөр баримжаалж өнөөдрөө таньж мэдэх боломж бидэнд байна шүү дээ. Монголчууд хэлдэг байх аа. “Танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр” ээ гэж. Бурхан, чөтгөр хоёроо таниагүйгээс болж л бид өнгөрсөн хугацаанд хамраараа газар хатгаж амьдарлаа шүү дээ. Үнэгний сүүлэнд хууртсан ноход л нэг тэгж годройтдог доо. Одоо тэгвэл ядаж 20 хүний талаар ч болтугай, хэн нь хэн юм бэ гэдэг ерөнхий төсөөлөлтэй болохын буруу гэж байхгүй болов уу. Учир нь энэ 20 хүн ойрын найман жилдээ хүссэн ч, эс хүссэн ч улс төр, нийгмийн тайзан дээр дүр бүтээнэ. Тэр тусмаа гол дүр бүтээх хүмүүс гэж таамаглаж байна.

-“Шинэ үеийн гол тоглогч” ном худалдаанд гарчихсан уу?

-Тийм ээ, номын бүх дэлгүүрүүдээр өнөөдрөөс эхлэн худалдаалж байгаа.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С Хүрэлтогоо (139.5.218.209) 2021 оны 02 сарын 21

Дажгүй шүү

0  |  0
ene zaluu(103.229.123.157) 2020 оны 05 сарын 14

ene zaluu er ni l ih chigjuu aihtar yarihiim aa. omnoh yariag ni unshij bsan ym bna\n

0  |  0
Top