[ТОЙРОГ 76] Олон ястныг төлөөлсөн ГУРВАН ӨӨР АРАНШИН

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна

Сэлэнгэ, Архангай гэх мэт хуруу дарам цөөнийг эс тооцвол орон нутгийн сонгогчид МАН-д илүү талтай. Тийм ч болохоор хүн амын тал илүү нь Улаанбаатар хотод амьдарч байгаа боловч орон нутгийн тойргоос сонгогддог гишүүд парламентад олон байгаа юм. Үүнийг өнгөрсөн 30 жилийн ихэнхэд нь төрийн эрх барьсан МАН-тай ч холбож тайлбарлахаас аргагүй. Одоо ч ирэх зуны УИХ-ын ээлжит сонгуулийг зураглахдаа нийслэлийн дүүргийн тойргуудаас нэгийг хасаад ганц тойрогтой байсан аймгуудад нэмчихсэн л байна. Ховд аймгийн хувьд АН ялж байгаагүй. Ганц удаа 2012 онд холимог байдлаар сонгууль явуулахад хоёр хүнийг нэг нэгээр нь сонгож тэнцүүлж байсан юм билээ. Сонирхуулахад, АН-аас тус аймагт Р.Амаржаргал, Д.Батцогт, Б.Пүрэвдорж нар нэг удаа сонгогдож байжээ. Тэгвэл МАН-аас Д.Дэмбэрэл тав, С.Бямбацогт гурав, Ж.Бямбадорж, Ж.Норовсамбуу хоёр, Л.Пүрэвдорж, Б.Батнасан нар нэг удаа сонгогдоод байна


Гучиндөрөвдүгээр тойрог: Б.Пүрэвдорж

Ардчилсан нам 2016 оны сонгуульд оролцох үеэр асар олон лидер гэж харагдахуйц хүмүүстэй болчихсон байлаа. Ер нь төрийн эрх барьсан тал нь тэгж харагдаад байдаг л даа. Одоогийн МАН-д ч олны танил хүнээс их юм алга. Хэрэв ирэх сонгуулиар эд нар нь ялалт байгуулж чадахгүй бол дөрвөн жилийн дараа ихэнх нь мартагдсан байх болно. 2016 оны сонгууль АН-д хатуу туссан юм. “Ахмад дайчид”-ыг нь бараг хуугаар нь явуулсан даа. УИХ-д есхөн суудалтай болж арайхийн бүлэг байгуулах хэмжээтэй болсон тэдэн дунд Завханаас З.Нарантуяа, Баян-Өлгийгөөс Д.Мурат, Баянзүрх дүүргээс Ж.Батзандан, Ховдоос Б.Пүрэвдорж нар орж ирсэн нь хачирхал төрүүлж байлаа. Б.Пүрэвдоржийн хувьд өмнө нь Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга байхдаа “Иргэншлээ солиулж явчихаад эргэж ирж байгаа хүмүүст хүнд сурталтай хандана” гэж хэлээд хэвлэлийн шүүмжлэлийн бай болж байлаа. Онгоцноос хоцорчихоод Буянт-Ухааг бужигнуулсан гэж баахан загнуулж байсан удаатай. Өөрөө болохоор “Төрөлх зангаа ямар даралтай биш дээ” гэж хэлээд бас буруудсан сураг байдаг. Казинод тоглосон тухай яриа ч гарч байсан юм байна. Тэгэхэд “Төрийн албаны хууль, Засгийн газрын тогтоол гарахаас бүр өмнөх асуудал. Ажлаар гадаадад явж байгаад буусан буудлын нэг давхарт казино байсан. Тэнд тоглох эрх буудлаас өгөхөөр нь сонирхож үзсэн юм” гэж байлаа. Нэг ийм хээ шаагүй, үг хэл ихтэй эр Ардчилсан намаас УИХ-д сонгогдоод Ховд аймгийг төлөөлөөд явж байна.

Монгол Улсын их сургуулийг Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Гаалийн ерөнхий газарт байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн хүн. 2009 онд Ховд аймгийн Ардчилсан намын дарга болсон, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байсан намтартай. Одоо бол УИХ-д ганц үймүүлж байгаа хүн гэх юм уу даа. Ер нь АН өрсөлдөгчдөө хэчнээн ялагдсан ч ардаа нэг ийм хүн бол үлдээдэг. Тээр жил Л.Гүндалай АН-ын тугийг ганцаараа өргөөд УИХ-д үг хэлээрээ бужигнуулж байлаа. Өнөөдөр АН-ынхан зарим нь хуучин болохоороо нөгөө хэсэг нь шинэ болохоороо парламентын танхимд туйлын дипломат дүртэй сууж байгаа. Харин Б.Пүрэвдорж гишүүний хувьд сөрөг хүчний төлөөлөл ямар байх ёстой яг л тийм ааш аяг гаргаж байна. Заримдаа хорон, хурц ширүүн үгэнд нь дайрагдсан гишүүд гомдож, туниад сүйд болж байгаа харагддаг. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Х.Нямбаатартай муудалцаж “Харин чамаас болж олон хүн шоронд явахаас аврагдсан шүү. 10 жилийг таван жил болгосон хүнтэй хариуцлага ярьж байна. Энэ асуудлыг хэлэлцэх үед Байнгын хороог удирдах эрх чамд байхгүй. Хурлыг өөр хүнээр удирдуул. Ц.Мөнх-Оргил гишүүнээр удирдуул” гэж агсарч байлаа. “Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улаан сайдыг огцруулна” гээд бичиг өргөн бариад явж байв. Тэгэхдээ “Ч.Улаан сайд малчдаас авлига авдаг. Тодруулбал, малчдын бог мал тутмаас 20 мянга, бод мал тутмаас 200 мянган төгрөгийн авлига Ч.Улаан сайдын халаас руу шууд бусаар орж байна” гээд хаясан. Хариуд нь Ч.Улаан сайд яамныхаа нэр төрийг сэргээхээр Б.Пүрэвдоржийг хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдэгдээд л. Ер нь түүнтэй ам мурийгаагүй МАН-ын УИХ-ын гишүүн гэж байхгүй байх аа. Ямар сайндаа л Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Арай дэндэж байна аа, Пүрэвдоржоо чи. Чам шиг залууг би зөндөө үзсэн, гурав дөрвөн зуугаар нь. Юманд хэмжээ хязгаар, ёс жудаг, нас намба, төрийн хүний суудал гэж байдаг юм. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи жоохон даруухан бай. Хэн болчихоод УИХ-д орж ирээд бүхнийг шийдээд, дүгнээд байгаа юм. Шүүмжилж болно. Гэхдээ үнэн юм ярьж бай” гэж байх вэ дээ. Гэхдээ дарга нарынхаа амыг хараад зүгээр сууж байдаг зарим гишүүнийг бодвол боломжийн нөхөр шүү. НӨАТ-ыг таван хувь болгох, хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг барааны гаалийн татварыг нэмэх гээд аваад хэрэгжүүлчихмээр хуулийн төсөл санаачлаад танилцуулж байсныг лав санаж байна. Харин эрх баригчид нь хэлэлцэлгүй дарчихаад байдаг бололтой юм билээ.

Гучинтавдугаар тойрог: С.Бямбацогт

Ардчилсан нам анхнаасаа таван намын нэгдэл гэдгээсээ болдог уу гаднаас нь харахад нэлээд замбараагүй. Мөнгөтэй төгрөгтэй хүмүүс нь гэнэт дараалал дайраад ороод ирдэг нь гэм биш зан л даа. Харин МАН-д бол эрэмбэ, шат дараалал гэж бий. Яг л ийм шатаар Намбарын Энхбаяр, Миеэгомбын Энхболд, Ухнаагийн Хүрэлсүх гээд бүгд өгссөн юм. Тэдний араас алхаж яваа залуусын тоонд С.Бямбацогт гарцаагүй орно. УИХ-д Ховд аймгаас тасралтгүй гурав сонгогдчихоод байгааг нь ч бодсон, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан, одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байгааг нь ч харахад шүү дээ. Ер нь бол Ардчилсан нам сонгуульд яллаа гээд амар тайван засаглаж үзээгүй юм. Эсрэг талд нь МАН дандаа томоохон сөрөг хүчин байж, Засгийн газрыг нь огцруулж тоглолт хийж ирсэн. Тухайлбал, 2012-2016 онд МАН УИХ-д 26 суудалтай байлаа. Тэгэхэд С.Бямбацогтоор даргалуулсан сөрөг хүчин эрх баригчдынхаа алдаа өөнтөгийг алдалгүй бараг өдөр бүр бут ниргэдэг байв. Тэр нь ч 2016 оны сонгуульд нөлөөлсөн. Сонгуулийн дараа С.Бямбацогтыг Ерөнхий сайд биш юм гэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болно гэсэн таамаг гарч байсныг санаж байна. Гэвч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болж, Ж.Мөнхбат Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдов. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогт очлоо. Зарим хүн Ж.Мөнхбаттай яг л ийм шалтгааны улмаас гар зөрүүлсэн гэх нь бий. Нэг тиймэрхүү цуурхал гарсныг бүгдээрээ санаж байгаа байх. Бас тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан болохоор С.Бямбацогтыг Ерөнхий сайд болговол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван хүний хоёр нь Ховдынх болчих гээд байсан ч гэж цуурдаг хүн байдаг л юм. Энэ бүх элдэв яриа бол миний эхэнд бичсэн зүйлийг тодотгосон нэг ёсны хүлээлт байгаагийн шинж тэмдэг.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тун дориун ажилласан гэж салбарынхан нь ам сайтай байдаг. Гэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар жил хоёр сарын настай байлаа. Тухайн үед Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэг нь танхимынх нь сайд нар компанидаа концесс авсан гэх асуудал байсан. Тодруулбал, Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум,  С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум, Ж.Мөнхбат “Засагт чандмань майнз” компанид 163 тэрбум төгрөгийн концессын эрхийг авсан тухай дуулиан юм. Энэ талаар С.Бямбацогт нэгэнтээ “ЖДҮ-гийн булхай луйвраа далдлах зорилгоор концeссыг дахин улстөржүүлэн харлуулах, түүгээр далимдуулан гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ. Миний хувьд уг асуудал дээр албан тушаалаа ашигласан зүйл огт гараагүй. Бүхнийг харлуулагчид, захиалгатайгаар хөлсөөр гүтгэгчдийн даварсан үйлдэлд няцаалт хийх нь зүйтэй гэж үзэж мэдээллийг та бүхэнд хүргэж байна" гэж байжээ. Тэдгээр концессын асуудлыг АН-ын үед шийдсэн байсан ба санхүүжилтийг нь гэрээний үүргийнхээ дагуу Ж.Эрдэнэбатын Засгийн газар хийсэн гэдэг тайлбарыг Ж.Мөнхбат өгч байсан санагдаж байна. С.Бямбацогт гишүүний тухайд жил гаруйн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд хийсэн. Үргэлжлүүлээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон даргаар ажилласан болохоор өнгөрсөн дөрвөн жил өргөн барьж батлуулсан хуулийг нь жагсаавал нэлээд урт болно. Наад зах нь Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг нэрлэж болж байна. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тогтоолын төсөл дээр ажлын хэсгийн ахлагчаар ажилласан тухайг нь дурдах болно. Хамгийн гол нь түүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллах хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орлоо шүү дээ.

Гучинзургаадугаар тойрог: О.Батнасан

2016 онд таамаг эвдэж гарч ирсэн гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн О.Батнасан. Өнгөрсөн дөрвөн жилийн дотор МАН хоёр ч Засгийн газар байгуулснаар “давхар дээл” нөмөрсөн, нөмрөөд тайлсан гишүүд олон. Үүний дээр УИХ-ын Байнгын хороодын даргаар ээлжилж эсвэл улирч ажилласан гишүүдийг нэмбэл өнгөрсөн дөрвөн жилд МАН-аас УИХ-д сонгогдсон хүмүүсийн олонх нь албан тушаал хашиж үзсэн байна. Харин ямар нэгэн албан тушаалд очоогүй цөөхөн гишүүдийн нэг бол О.Батнасан. Багшилж явсан, чихрийн бизнестэй гэх товчхон намтар л дуулддаг. Аливаа нам үнэмлэхүй олонх болж ялалт байгуулахад нэг зовлон бий. Тэр бол зарим нь олон нийтэд төдийлөн танигдаж амжилгүй өнгөрөх юм. УИХ-д МАН 72 суудалтай болж байсан цагт “бор халзан хонь” гэх нэршил гарч байлаа. Өнөөгийн парламентад ч тодорч, товойж чадалгүй бүрэн эрхийн хугацаагаа дөхүүлчихсэн гишүүд байж л байна. Энд сонирхуулахад, гишүүний хувьд 2016 оны сонгуулиар Ховд аймгийн баруун талын сумдаас ялалт байгуулсан. Гэхдээ хамгийн олон хүн амтай гэж болох Булган суманд ялагдсан юм билээ. 2017 онд дуучин П.Жимсээ, гавьяат С.Ганзориг нарын хамт тойргоо эргэж явахад нь Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах иргэд рүүгээ чиглэсэн амьжиргааны түвшин дээшлүүлэх төслийн ажилд нэмэр хандив болохыг гуйхад “Булган суманд би ялагдсан учраас туслахгүй. Бусдад нь бол болно” гэсэн тухай хэрмэл үг байдаг. Хэрэв энэ үнэн бол тэрбээр ялихгүй ялагдалдаа гомдол тээсэн болж таарна. Тэгэхээр жаахан эмзэг хүн юм болов уу даа. Харин 2018 онд очихдоо тэрбээр газар тариалан голлон эрхэлдэг Булган сумын тариаланчдад дэмждэг үзүүлж, алдаагаа зассан гэнэ билээ. Энэ бол нүдээ олсон зүйл гэж нутгийн ногоочид нь ярьж байсан. Ямар ч байсан хамгийн олон хүн амтай Булган сумтайгаа эвлэрчээ.

Ерөнхийд нь дүгнэхэд тойргийнхон нь мань эрд их сайн. Малчид, ногоочдынхоо амьдралыг мэддэг гээд магтдаг. Тухайлбал, Ховдод үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхай гэж байдаг. Хууль ёсоор бол орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ажилчдынхаа тодорхой хувийг нутгийн иргэдээс бүрдүүлэх ёстой. Тиймээс О.Батнасан энэ тал дээр УИХ-ын гишүүний хувиар Хөшөөтийн уурхайд санал тавих, үүрэгдэх хоёрын дундуур нутгийн олон иргэдийг ажлын байртай болгосон гэдэг. Мөн тойргийнхоо малчдад өглөгийн гараа сунгаж, асуудлыг нь газар дээр нь шийдсэн хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Галсандондогт уламжлан амьжиргааны түвшин доогуур иргэдэд тусламж үзүүлэх, зарим тал дээр хамтрах замаар асуудал шийдвэрлэсэн гэдэг юм билээ.

Түүнчлэн “Уулсын өндөрт, хатуу ширүүн уур амьсгалтай нутагт мал өсгөж үржүүлнэ гэдэг амаргүй. Тиймээс хэдэн малчдаа юуны өмнө харж үзэх нь чухал” гэж байнга ярьж, малчдад санаа тавьж байдаг гэж ойрынх нь хүмүүс ярьдаг. Чуулганы хуралдаанд мал, малчидтай холбоотой хуулийн төсөл орж ирэхэд нэлээд идэвх гаргаж байдгийг нь харахад тэр яриа үнэний ортой биз. Үүний дээр нутгийнхаа иргэдэд өвөл нь нүүрс, зун нь бедон тараадаг тухай яриа ч гардаг. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг их даруухан. 2015, 2016 онуудад жилийн 130 сая төгрөгийн орлоготой хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаж байж. Харин 2018 оны Хөрөнгө орлогынх нь мэдүүлгийг харахад жилийн орлого нь эрс буурч 22 сая төгрөг болсон байх юм. Мөн хоёр орон сууцаа 740 сая төгрөгөөр, хоёр машинаа 89 сая төгрөгөөр үнэлсэн байна лээ. 80 сая төгрөгийн мал, 70 сая төгрөгийн газар, 85 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй гэсэн байн

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
зочин(103.229.121.159) 2020 оны 05 сарын 15

БЯМБАЦОГТ ГЭЖ ӨӨЛД ЯСТНЫ НЭРИЙГ ГУТААСАН ЗАЛУУГААРАА АЛСЫН ШУНАЛ ШИНГЭСЭН КОНЦЕССЫН ХУЛГАЙЧЫГ СОНГОХГҮЙ .

2  |  0
ИРГЭН(202.179.25.108) 2020 оны 05 сарын 15

ХУЛГАЙЧУУДЫГ ДАХИН СОНГОХ ХЭРЭГ ЮУ БИЛЭЭ

2  |  0
kkk(202.131.246.180) 2020 оны 05 сарын 15

МАН- д олны танил хүн олон гэдэг нь үнэн. 60 тэрбумын Сандуй, бандааш Гантулга, ЖДҮчид алуурчид луйварчид гээд л хөвөрнө. Дарга нь хүртэл олигтой нэр байхгүй. Дандаа муу нэртэй. Муугаар танигдаж байснаас олны танил бус байсан нь дээр.й

2  |  0
Top