Тэвдсэн малчид үхэр малаа АМЬ ТАРИАГААР торгоож байна

2020 оны 05 сарын 12

Булган аймгийн Дашинчилэн сумаас 10 километрийн зайд баруун урагш сунайн лүглийх Лах баян уул хамаг л үзэсгэлэнгээ дэлгэхээр зэхэн буй гэлтэй хурмаст тэнгэрээс чимээ хүлээн дүнсийнэ. Хур бороо нэг л асгарчих юм бол хавцал шугуйгаар нь ургасан модод дэлбээгээ задлан цэцэглэж мэдэхээр харагдана. Лах баян уулыг Монголын нууц товчоонд Чингис хаан Найманы Таян хантай /1204 онд/ байлдаж бут цохисон Наху гүн уул гэж түүхчид тогтоосон байдаг. Лах баян уулын өмнөд хэсэг нь үзэсгэлэнт өндөр шовх улаан хадтай, араараа модтой, рашаан булагтай, аргаль янгир, араатан гөрөөс элбэгтэй,  анхилам үнэрт арц, сонгино, эмийн ургамлаар баялаг хайрхан. Нутгийнхан Бууралхан гэж тахиж шүтдэг энэ их уулын өвөрт М.Ганзолбоогийнх хоёр гэртэй өвөлжөө буй.

Тэднийх гурван хүүтэй бөгөөд хамгийн том нь тав, удаах нь нэгдүгээр ангийн сурагч бол бага нь дөрвөн настай. Нар, салхинд борогшсон жаалууд айлын хүүхдүүдтэй тоглож, хурга ишигтэй наадна. Хөдөөгийн амьдрал нэгэн хэвийн үргэлжлэх авч дахин давтагдашгүй дурдатгалыг хадгалах мэт өнө мөнхөд сэтгэл булаана.
 


ХИЧЭЭЛЭЭ ГАР УТСАН ДЭЭРЭЭ БИЧИЖ АВААД ХОНИНЫ БЭЛЧЭЭРТ ХИЙДЭГ

Хөх торгон дээлээ шар дурдан бүсээр ороосон Гантулга хүү гялалзсан хар нүдээрээ аливааг гярхай ажиглах аж. Тэрбээр хонио эргүүлэх, үхрээ услах, аргал оруулах, хороо цэвэрлэх гээд тун завгүй. Айлын том болохоор аав ээжийнхээ гар хөлийн үзүүрт зарагдалгүй яах вэ.  Хониндоо явахдаа хээр морио унаад, ном өвөртлөөд гарна даа. Ангийнхнаа их санадаг гэлээ. Тэдний анги 20-иод сурагчтай бөгөөд сурлага,  урлагаараа ч сургуульдаа гологдохгүй.  Гантулга гуравдугаар ангидаа аймгийнхаа математикийн олимпиадад оролцож, дэд байрт шалгарч байсан. Ангийн дарга болохоор ч тэр үү санаачилгатай, манлайлагч сурагч. Ангийнхнаасаа хэнийг их санаж байна гэхэд шилэн хүзүүгээ маажиж, доошоо харан ичингүйрэв. 

Түүний өдөр өглөө хонио бэлчээрт гаргахаас эхэлнэ. Өглөөнийхөө ундыг уучихаад малын хороогоо цэвэрлэнэ. Тэгж байтал 11 цагт цахим хичээлийн цаг эхэлнэ дээ. Тэднийх Малчин телевизтэй бөгөөд сувгаа ухрааж, урагшлуулдаг тохиргоо байхгүй.  Заримдаа мал хуй гээд хичээлээ хийж амжихгүй үедээ зурагтаасаа гар утсан дээрээ бичлэг хийгээд авчихдаг аж.  Тэгээд хониныхоо бэлчээр дээр хичээлээ хийх ч энүүхэнд.  Ангийн багшийг нь Энхтуяа гэдэг. Багш нар нь 14 хоногт нэг удаа бөөндөө ирж хичээлийг нь шалгадаг аж. Бас ангийнхаа цахим группээр ойлгоогүй хичээлээ асуудаг гэлээ.  Түүний нэг өдөр адилхан давтагдах хэдий ч өөр өөрийн өнгө араншинтай. Нэг өдөр хонинд явж байгаад хойд уулынхаа Шилүүсний амнаас өнчин хурга олжээ. Магадгүй эх нь хургалаад орхиод явсан байх. Тэр хургандаа жигтэйхэн хайртай бөгөөд Шилүүсхэн гэдэг нэр өгсөн. Өдөр хурга, ишгээ угжина аа. Эх нь жилбэ муутай бол хурга ишиг нь туниа муутай байх нь аргагүй. Хороон дотор нарлаж хэвтсэн хөөрхөн амьтад Гантулга хүүг харуутаа эгээ л ээжийгээ гэж эндүүрэх мэт майлалдан ирж түүний гараас угжуулна даа. Заримдаа зутантай цай, заримдаа үнээний сүүгээр угжина. Түүн дотор Шилүүсхэн цогиж явах. Хүүгийн ээж  Х.Одгэрэл “Хаврын хаварт малчдын ажил ид ундардаг. Одоо болтол мал төллөж дуусаагүй л байна. Хонио байнга л эргэж тойрч байхгүй бол хонь хургалчихаад хаяад явчихдаг гэмтэй. Дөнгөж төрсөн нялх амьтад хээр хоцорвол элээ шувууны хоол болно шүү дээ. Энэ жил манайх 300-гаад төл бойжуулж байна. Нэг ч төлийн хорогдолгүй.  Гэхдээ хаа сайгүй гантай байгаа болохоор малын жилбэ муу л байна” гэлээ. Том хүү нь сурагч болоод хамаатныхаа айлд дөрвөн жил байсан бол удаах хүү нь энэ жил нэгдүгээр ангид орсноор тэднийх төв рүүгээ гэр бараа барьж төвхнөжээ. Гэр бүлийн хоёр нэг нь суманд, нөгөө нь хөдөө мал дээрээ “өрх тусгаарлана”. Залуу гэр бүл тус тусдаа байна гэдэг хэцүү. Хөл хорио тогтоож сургууль, цэцэрлэг “амарснаар” тэднийх элэг бүтэн, тус дэмтэй амар байгаагаа Одгэрэл нуусангүй.
 


 

27 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ АМЬ ТАРИА СУЛЬДСАН ҮХЭРТЭЭ ЗАЛГАЖ БАЙНА

Хүү өдөр цайгаа уучихаад үхэр рүүгээ явна. Өвс ногоо тарчиг байгаа болохоор үхэр нь хоол тэжээлгүйгээс сульдаж тамирдаад хэвтээд өгнө. Босож чадахгүй өдөржин хэвтэх учраас өлсгөж үхүүлэхгүйн тулд аав нь нутгийн ах нартай очиж, үхэр өргөж босгодог ажилтай. Аав нь сумын төв рүү орохоороо малын эмнэлгээс Amitor гэдэг дусал 27 мянгаар худалдан авч, үхэртээ амь тариа залгуулдаг. Тэднийх 30-аад үхэртэй. Хээлтэй хүрэн улаан гунж нь Мялангийн голын ойролцоо хэвтээд өгчээ. Аав нь савтай ус, хувин, олс дээс, дусал тариа аваад машинтайгаа давхилаа. Мялангийн гол ширгэж, хатаад шавар шалбааг болжээ. Бороо орохоор дүүрдэг аж. Том том нулимс унаган хэвтэх хүрэн улаан гунжны гунигт бор нүд хоосон дэрс бутнаас өөр юмгүй эзгүй талаас багсайсан их өвс ногоо эрэх мэт ширтэнэ. Эрчүүдийн хүчээр босоод ирсэн хээлтэй гунж хувинтай уснаас хэд сорсноо газар үнэрлэж эхлэв. Үхэр гэдэг өвс ногоог хэлээрээ ороож иддэг амьтан болохоор дөнгөж соёолж буй нялх ногоо, бут дэрс түүнд хоол болохгүй. Шинэ ногооны үнэр авсан амьтан чинь өвөлжин хивсэн өнжмөл өвс, өгөршсөн хивгээ голоод иднэ ээ гонж.

Хоосон бэлчээрт ходоодоо баясгахыг хүсэмжлэн бэлчээрлэх авч ядарч сульдсандаа ийн гуринхлан хэвтэнэ. Ганзолбоо ”Өвөл цас бага унасан болохоор ногоо ч тарчиг байна. Манайх өнгөрсөн өвөл 40 шуудай хивэг /нэг шуудайндаа 25 килограмм/ 17 мянган төгрөгөөр,  200 боодол өвс (нэг боодол өвс нь 25 килограмм) долоон мянган төгрөгөөр худалдан авсан. Дөрөвдүгээр сар хүртэл хэрэглээд дууссан. Үхрээ харахаар л өр өмрөөд байх юм. Хур бороо орохгүй, үүлшээд л, салхилаад л, шороо май болоод л өнгөрөх юм. Ирэх долоо хоногоос хэдэн айлтай нийлж хойшоо Туул гол руу үхрээ аваад оторлоно. Уг нь өдийд зусландаа буучихдаг. Гэвч бороо орохгүй болохоор нүүж чадахгүй байна. Хаана бороо орж уу тийшээ нүүхэд өнөөдөр ч бэлэн. Тэнгэр хангайгаа горьдоод л, хүлээгээд л байж байна даа” гэж санаашран өгүүлэв. Тэднийх ноолуураа 70 мянгаар авъя гэхэд нь Ч.Улаан сайд 100 мянгаар авна гэсэн гээд хүлээж байгаад сүүлдээ 50 мянгаар тушаасан аж. Малын түүхий эд сүүлийн хоёр, гурван жилд үнэгүйдэж байгаад сэтгэл дундуур явдгаа ч илэрхийлж байлаа. Айлууд зундаа голоо дагаад зусдаг хэдий ч өвөлжөөнөөсөө салаагүй байгаа нь өрөвдөм харагдана. Өдийд хоньдын өнгө сувдраад, тараг өрөм гарчихсан, нялх ногооны униар татаад хүн малгүй нуруу тэнэгэр байдаг сан. Өвөрхангай аймгаас оторлон ирсэн айл олонтаа таарсан бөгөөд дөнгөж цухуйж ядаж буй шинэ ногоог нь талхлаад гарчихаар нутгийнхан дургүйлхэнэ. Чингэлэгтээ хамаг амьдралаа багтаагаад л усны тунгалаг, өвсний сортойг даган оторлох авч нутаг дэвсгэр нийтээрээ хуурай гандуу байгаа болохоор ам өвс, балга усныхаа төлөө наанаа хажиглаж хөөхгүй ч цаанаа халаглан харамлана.

 

ГАН ГАЧИГ ИХДЭХ НЬ ЦАГ ЦӨВТСӨНИЙ ШИНЖ ГЭЖ 94 НАСТАЙ БУУРАЙ ХЭЛЛЭЭ

Үеэс үед өвлөгдөн нутаг усаа сахин хамгаалж ирсэн малчин удамт Ч.Мөнх гуай бол Ганзолбоогийн өвөө бөгөөд өдгөө 94 насыг зооглож байна. Малчин удамт энэ буурай гэрийн баруун орон дээр эрхи эргүүлэн суунгаа бидний яриаг чих дэлдийлгэн сонордоно. Өвөөгөөс цаг агаар, тэнгэрийн байдлыг шинжин асуухад хамгийг таньсан мэт талбиун харцаараа тооно өөд харав. Тэгснээ унинд хавчуулсан судрын баринтгийг дэлгэн “Наймдугаар Богдын лүндэн жам ёсоороо л болж байна даа хүү минь” гэж нухацтайхан хэллээ. Байгаль цаг уур өөрчлөгдөж, олон жил ган, зуд болж байгаа нь цаанаа учир шалтгаантай аж. Цөвүүн цагийг гэтлэх өвгөдийн гэрээслэл буюу Богдын бошгод муу цаг буюу таван цөвүүн дэвэрсэн цагт таван зүйлийн муу зүйл ирнэ гэдгийг зөгнөсөн байдаг. Тэр цагт энэхүү гэрээслэлийг монголчууд  санаж, даган мөрдвөл аврагдана гэжээ. Мөнх гуай энэхүү судраа шинэ үсгээр нямбайлан бичиж хамаг амьтны тусын тулд өдөр бүр маань мэгзэм мэт уншдаг ажээ. “Амьтан цөвтөх, нас цөвтөх, нисванисаар цөвтөх, үзэл цөвтөх, цаг цөвтөх энэ таван шинж нь аль хэдийн бүрдчихээд байгаа бөгөөд хүний чанар, амь нас хэврэгшиж, оюун мунхаг болох, сайн муу солигдох, буян нүгэл солигдох, ноён албат, түшмэл зарц солигдох, дөрвөн цагийн эх адаг солигдоно гэжээ. Хур ус цагтаа орохгүй, салхи хийгээд цас мөндөр хяруу ихдэх, ган турханууд болох,  төрөл бүрийн өвчин зовлонгууд хур мэт буух цагийг цаг цөвтөх гэдэг. Хэрэв ийм хэцүү цаг үе тулбал хар архи бүү уу, муу царайтай дуу бүү дуул, муу билэгтэй үг бүү хэл, бурхныг чулуу мэт бүү сана, эмийг өвс мэт бүү бод, өглөггүй эм бүү уу, тэнгэрээ хургүй гэж бүү хараа, хэрүүл бүү хий ялангуяа гэр орондоо гэж Богд айлдсан юм, хүү минь” гэж тайван хэлээд эрхиэ эргүүлэв.  Гантулга хүү “Тэгвэл, бороо орохгүй нь гэж үглэж болохгүй юм байна, тийм ээ өндөр өвөө?” гэж цовоо дуугаар хэлэхэд ээж нь гаднаас хонь наашилж байна, хургаа гаргаарай гэх дуулдав. Хүү ч годхийн гарлаа. Нар баруун уулнаа таширлахтай зэрэгцэн бэлчээрээс нааш эргэсэн хоньдын түрүүч майлалдан ирж байв. Хурга ишиг ч шингэн дуугаа цангинуулан нэгэн хот айл төл малын дуунд хөвөнхөн торолзоно. Хөх торгон дээлээ шар дурдан бүсээр ороосон гялалзсан хар нүдтэй жаалхүү эхийгээ олохгүй байгаа бяцхан улаан ишгийг тэврэн малын тоосон дунд дэгдэнхэн хоцорлоо.
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Malchin (37.201.171.16) 2020 оны 05 сарын 12

Maliinhaa belcheeriig tur zasgaas anhaaraldaa anhaaraldaa avmaar vm nutag belcheeriig usjuul!!!!!!!!!

0  |  0
Бат(202.9.46.154) 2020 оны 05 сарын 12

Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожно таньд өөр гарц байна уу эсвэл АН-МАН-МАН-АН гэсээр дуусах уу

0  |  0
Zochin(59.153.112.10) 2020 оны 05 сарын 12

Алдаа мадаггүй, хөөрөл хийрхэл багатай, монголоороо, уншууртай бичжээ.

0  |  0
иргэн(202.131.227.82) 2020 оны 05 сарын 12

өвс хадлангаа сайн авч байх хэрэгтэй дээ. гараа тосоод сурчихсан гэдэг нь.Ажилтай хүн ам тосдоно гэдэг.

0  |  0
Монгол зочин(103.23.50.131) 2020 оны 05 сарын 12

Малчид ер нь зун, намартаа малдаа өгөх өвсээ сайн байзааж болдоггүйн байх да. Миний бодлоор өөрснийх нь л буруу юм шиг. Өнгөрсөн зун хаа сайгүй бороо хур ихтэй, өвс ногоо сайн ургасан. Өвс, малын дулаан хашаагаа бэлдсэн бхад алзахгүй л бмаар

1  |  0
Иргэн(202.126.89.148) 2020 оны 05 сарын 12

Булган сайхан хангай нутгаас авс тэжээлээ сайн базаахгүй зуд турхангүй жил малаа хорогдуулвал муу л байна даа

0  |  0
Top