Сэлэнгэд анх удаа төрийн албан хаагчид урьдчилгаа, хүүгүй орон сууцтай болохоор боллоо

Б.Мөнхзаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил "Сэлэнгэ орон сууц" ОНӨААТҮГ-аас хэрэгжүүлж буй "Төрийн албан хаагчдын 120 айл"-ын төслийн гүйцэтгэлтэй танилцлаа
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу төрийн албан хаагчдыг хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын төвлөрөл ихтэй Сүхбаатар суманд эхний ээлжинд 120 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар аймгийн удирдлагын баг ажиллаж байгаа юм. Энэхүү орон сууц нь төрийн албан хаагч банкны урьдчилгаа болон хүү төлөхгүйгээр зөвхөн үндсэн зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлж барагдуулан орон сууцтай болж байгаагаараа онцлогтой.

Тус барилгын гүйцэтгэгчээр “Таван Хан Уул”ХХК ажиллаж байна. 120 айлын орон сууцны 80 айлын 2 блок барилгыг 6 дугаар сард ашиглалтад оруулж, төрийн албан хаагчдад түлхүүрийг нь хүлээлгэн өгөхөөр барилгын ажил явагдаж байна. Харин ирэх 8 дугаар сард үлдсэн 40 айлын 1 блок барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөт ажлаасаа гүйцэтгэгч компани түрүүлж яваа гэдгээ хэлж байсан юм.

Барилгын ажлын явцтай танилцах үеэрээ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Энэ ажил бол зөвхөн эхлэл. Бид цаашдаа яг энэ чиглэлд төрийн албан хаагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүхэл бүтэн хотхоныг байгуулахаар төлөвлөөд байна. Мөн сумдад 2,4,8,16,32 гэх мэтээр судалгаанд үндэслэсэн хэрэгцээт орон сууцуудыг барина. Сумдын Засаг дарга нарт эхний ээлжинд инженерийн шугам сүлжээндээ ойр газраа олж бэлэн байлгах чиглэлийг өгсөн. Бидний эрхэм зорилго бол төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, санхүүгийн хувьд хамгийн хямд төсөр байдлаар орон сууцтай болоход нь дэм болох. Ямар нэг урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр, ямар ч хүү байхгүй зөвхөн үндсэн төлбөрөө богино хугацаанд төлөөд өөрийн гэсэн орон байртай болно гэдэг төрийн албан хаагчдын хувьд том боломж гэж харж байгаа. Төрийн албан хаагчдаас энэ арга замаар байртай болъё гэсэн хүсэлт их ирж байна. Бид судалгаа авч гаргасан. Тиймээс энэ хэсгийг тэр чигт нь төрийн албан хаагчдын хотхон болгохоор төлөвлөөд байгаа” гэлээ.

Тус орон сууцанд орох төрийн албан хаагчдыг байгууллага бүр өөрсдийн дотоод хурлаараа хэлэлцэж шийдсэн бөгөөд аймгийн зүгээс бүх байгууллагууддаа квот өгсөн юм. Аймгийн хэмжээнд орон сууцны хамгийн их эрэлт хэрэгцээ ихтэй байгаа төрийн албан хаагчдын хувьд эмч, багш, онцгой байдал, цагдаагийн албаныхан орж байна.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид Монгол Улсад анх удаа ямар ч урьдчилгаа төлбөргүй, хүүгүйгээр орон сууцтай болох боломжтой боллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амаржаргал(66.181.161.13) 2020 оны 05 сарын 13

Үүнийг л хөрөнгө оруулалт гэж үзэх банк хүү төлөх гэдэг бол гамшиг шүү үүнийг зөв харж шийдсэн Та бүхэнд амжилт хүсье\n

0  |  0
Зочин(66.181.185.108) 2020 оны 05 сарын 12

Гоё юм бэ. Залуучууд бидэнд урьдчилгаа төлбөр гэж том асуулал бдаг. Ингэж байртай болбол үнэхээр сайхан юмаа.

0  |  0
Зочин(59.153.114.76) 2020 оны 05 сарын 12

Маш сэтгэл хангалуун байна. Зөв өөдрөг юмыг дэмжинэ шүү

0  |  0
иргэн(192.82.71.184) 2020 оны 05 сарын 11

ИЙМ УХААЛАГ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Top