Чөлөөт бөх: Ираны дасгалжуулагч нар Холбоотойгоо муудалцлаа

2020 оны 05 сарын 11

Ираны чөлөөт бөх, сонгомол барилдааны шигшээ багт том маргаан үүссэн нь дасгалжуулагч нарыг халагдахад хүргэж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, дэлхийн дөрвөн медальт Голамреза Мохаммади Ираны бөхийн холбооны хурал дээр шигшээ багийг сонгон шалгаруулах шинэ системийг эрс шүүмжилжээ.

Шинэ системээр ДАШТ, олимпын наадамд оролцох шигшээ багийг сонгон шалгаруулах тэмцээний дүнгээр л сонгодог болсон. Ингэхээр дасгалжуулагч нар шигшээ багийг сонгох үйл явцад оролцож чадахгүй болж байгаа юм. АНУ-д ч мөн адил дасгалжуулагч нар шигшээ багийг сонгоход ямар ч нөлөө байдаггүй. Иранаас ялгаатай нь АНУ-д жин тус бүрд хоёр бөх дэвшиж, халз барилдаанаар шигшээ багт ордог билээ.

Голамреза Мохаммади энэ системийг эсэргүүцэж, хуучин журмаар шигшээг сонгодог хэвээр үлдээхийг шаардсан байна. Мохаммади Холбооны ерөнхийлөгч, олимпын аварга Алиреза Дабир нар хурал дээр маргалдаж, нэг нэгнээ доромжилж, Голамреза Мохаммади хурлыг орхин гарчээ.

Бөхөд дуртай Иран орны хэвлэл одоо энэ асуудлаар шуугьж байна. Бөхийн хорхойтнууд ч хоёр хуваагдан, маргалдаж эхэлжээ.

Удалгүй Голамреза Мохаммади Instagram хуудсандаа шигшээ багаас гарч байгаагаа зарлан, “Унтах болгондоо маргааш ажлаасаа халагдаж магадгүй гэж боддог газар ажиллаж таарахгүй” гэж бичсэн байна. Түүнийг сонгомол барилдааны дасгалжуулагч Мухаммад Бана дэмжин, мөн шигшээ багаас гарч байгаагаа мэдэгджээ.

Одоогийн байдлаар хэн хэн нь ажлаасаа гараагүй байгаа ч тэдэнтэй ойрын үед гэрээгээ цуцална гэж Ираны хэвлэлд бичсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.88.182) 2020 оны 05 сарын 12

манай шигшээ багийн багш нар зүгээр ѳѳрсдѳѳ явааг ѳгѳѳч хѳгѳѳд ч явахгүй юу ч чадахгүй бугууд байх юмдаа

0  |  0
Top