СУДАЛГАА | Утаа нь буурсан Улаанбаатар бохирдол ихтэй хотоор шалгарав

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Улаанбаатар хот Сүхбаатарын талбай орчмын зураг /2018 оны 11 дүгээр сар/

 

Утаа нь багасч, тэнгэр нь цэлмэсэн Улаанбаатар бол энэ засгийн имиж. Нүдэнд үзэгдэх, хамарт үнэртэх нь илтэд буурсан ч хамгийн их бохирдолтой 10 хотоос мултрахад энэ хангалттай байсангүй. Дэлхий нийт биднийг бохирдолтой хэвээр нь дүгнэжээ. Улс төрийн оноо харсан өнөө цагт энэ мэдээ тийм ч таатай мэдээ бус. Гэхдээ л...

Дэлхий дөрвөн зүг, найман зовхист байгаа 332 газар орон хамрагдсан энэ судалгаанд хамгийн их бохирдолтой 10 улсын зургаадугаарт жагсжээ. Хамгийн их бохирдолтойгоос бохирдолгүй руу чиглэсэн судалгаанд бид эхнээсээ зургаадугаарт жагсаж байгаа гэсэн үг. Амьдралын чанар, хүний хөгжлийн үзүүлэлт, нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлхий даяар судалгаа явуулдаг “Numbeo” хүрээлэнгийнхэн Африк, Хойд болон Өмнөд Америк, Ази, Европ, Номхон далайн орнуудыг хамруулан судалжээ.

Агаарын бохирдол, ундны усны бохирдол, хог хаягдлын менежмент, тоосжилт, дуу чимээ, гэрэл, усны бохирдол, ногоон байгууламж, замын түгжрэл зэргийг үнэлсэн байна.

Дээрх судалгааг 2019 оны 11-12 дугаар сар, 2020 оны нэгдүгээр сар гэсэн гурван сарыг сонгон явуулжээ. Зарим улсад 2019 оны эхний гурван сар болон сүүлийн гурван сарыг ч сонгосон байна. Ингэж ялгамжтай сонгосон нь тухайн хотуудын цаг улирлын байдалтай шууд холбоотой аж.

Улаанбаатар хот агаарын бохирдлын үзүүлэлтээр нийт 93.27 оноо авчээ. Энд нэг зүйлийг сануулахад 1-100 хүртэл онооноос хамгийн бага оноо авахад бохирдол бага байна гэж үзнэ. Тэгэхээр агаарын бохирдлоороо бид МАШ ИХ бохирдолтой орнуудын тоонд багтсан хэвээр байна.

Одоо гол асуудалдаа оръё. Утаа нь буурсан гэж найр тавиад, магтан сайшаагаад байсан Улаанбаатар чухам яагаад бохирдол ихтэй хот болов гэдгийг хамтдаа тольдъё.

Улаанбаатар хот агаарын бохирдлын үзүүлэлтээр нийт 93.27 оноо авчээ. Энд нэг зүйлийг сануулахад 1-100 хүртэл онооноос хамгийн бага оноо авахад бохирдол бага байна гэж үзнэ. Тэгэхээр агаарын бохирдлоороо бид МАШ ИХ бохирдолтой орнуудын тоонд багтаж байгаа аж. Харин усны бохирдлоороо 57.6 оноо авч дундаж түвшинд бичигджээ. Гэхдээ энэ үзүүлэлт дээр нэмээд орчны чимээ, гэрлийн ялгарал гэх хоёр үзүүлэлтээр л дунджийн орчим бичигдэж байгаа юм. Хог хаягдлын менежментээр бид 78.3 оноо авсан бол тоосжилтоор бид 76.6 оноо авч ИХ гэсэн түвшинд байгаа аж. Усны бохирдол, ногоон байгууламж гэсэн хоёр шалгуур үзүүлэлтээр 72.2-74.4 оноо авч ИХ түвшинд байгаа бол замын хөдөлгөөний түгжрэлээр бид 84.6 оноо авч МАШ ИХ түвшинд бичигджээ.

Үүнээс бид усны бохирдол болон хог хаягдлын менежмент гэдэг хоёр ерөнхий үзүүлэлтийг сайтар анзаарч харах ёстой. Усны бохирдол нь хамгийн их бохирдолтой гэгддэг Энэтхэгийн Шинэ Дели хотоос даруй 3.5 оноогоор их байгаа нь яваандаа ундны усны хомсдолд орох эрсдэлийг бий болгож байгаа аж. Хог хаягдлын менежментээрээ бид Африк тивийн Гана улстай ч жишигдэхгүй байна.

Судалгааны “Numbeo” хүрээлэн сүүлийн гурван жилийн хугацаанд явуулж буй дээрх судалгаагаар бид эхний 15 байрнаас бууж байгаагүй. Магадгүй дотоодын шүүмжлэгчдийн үгэнд итгэхгүй байгаа бол үе, үеийн хотын удирдлагууд дээрх жагсаалтыг тогтоож аваад ханандаа өлгөчихөд гэмгүй.

Найман шалгуур үзүүлэлтийг багцлан дүгнэсэн ерөнхий үнэлгээгээр Улаанбаатар хот 93.8 оноо авсан юм. Бусад улстай жишье гэвэл Гана улсын Аккра, Энэтхэгийн Нойда, Мьянмарын Янгон зэрэг бохирдол ихтэйд тооцогддог хотуудаас гурав дахин их бохирдолтой гэсэн үг. Хамгийн бохирдолгүй гэж үнэлэгдсэн Финландын Хельсинки хоттой харьцуулахад 80 дахин их бохирдолтой гэж ойлгож болно.

Бохир заваан, ядуу буурайн “үлгэр” болсон гэж ойлгодог Африк тивийн гурван улс л эхний 30 байрт жагсжээ.

“Агаар болон орчны бохирдол хамгийн их хот бол Улаанбаатар хот. Усыг цэвэршүүлэх тогтолцоо хомс гэдгээс шалтгаалаад хөрсний бохирдол нь гүний усанд нэвчсэн байх өндөр эрсдэлтэй. Эмнэлгийн маш хортой хог хаягдлыг Улаанбаатар хотдоо хаядаг нь хамгийн анхаарууштай зүйл. Агаарын бохирдол, нарийн ширхэглэгт тоосонцор зэргийг нэн даруй бууруулах, ерөөс орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авахгүй бол хүн амын дунд өндөр хор хөнөөлтэй халдварт өвчин тархах магадлал өндөр” гэж “numbeo” хүрээлэнгийн судалгааны дүгнэлтэд дурджээ.

Бид ийнхүү африкийн улс орнуудаас илүү бохирдолтой орчинд амьдарч байна. Эхний зургаан байрт нэг ч африкийн улс байхгүй. Харин наймдугаарт Гана улсын Аккра хот жагссан. Бохир заваан, ядуу буурайн “үлгэр” болсон гэж ойлгодог Африк тивийн гурван улс л эхний 30 байрт жагсжээ. Судалгаанаас харахад төв болон зүүн өмнөд азийн орнууд хамгийн их бохирдолтой гэж дүгнэж болохоор байна.

Эцэст нь “Numbeo” хүрээлэнгийн судалгааг нийтэлсэн цахим хуудасны доор “Кейт” гэж нэрлэсэн нэгэн хэрэглэгчийн сэтгэгдлийг сануулъя. “Улаанбаатарт амьдарна гэдэг амиа хорлож байгаагаас өөрцгүй” гэж...


"Numbeo" судалгааны хамгийн их бохирдолтой 10 хот (Ерөнхий үнэлгээгээр)
 

  1. Тетово /Умард Македон/ - 97.44
     
  2. Кабул /Афганистан/ - 96.53
     
  3. Фаридабад /Энэтхэг/ - 96.31 
     
  4. Катманду /Балба/ - 95.88
     
  5. Газиабад /Энэтхэг/ - 94.51
     
  6. Улаанбаатар /Монгол/ - 93.85
     
  7. Дака /Бангладеш/ - 93.78
     
  8. Аккра /Гана/ - 93.18
     
  9. Бейрут /Ливан/ - 93.17
     
  10. Нойда /Энэтхэг/ - 92.85

Эх сурвалж: Numbeo

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
On(85.218.48.83) 2020 оны 05 сарын 11

Gol bohirdol ni hursnii,usnii bohirdol bolj bn.Mongol humus ger horoololiin OO iig uurchiluugui tsagt Ene baudal uurchilugduhgui

0  |  0
Нэг л биш байсан юм (103.212.117.223) 2020 оны 05 сарын 11

Нүдэнд харагдах утаа нь багассан ч нүдэнд үл үзэгдэх хор нь ихэссэний баталгаа нь хэдэн йаван иргэн нь угаартаж үхсан, мянгаар тоологдох иргэд угаарт хордож эмчлүүлсэн. Хуучнаасаа салж чадахгүй зууралдсандаа бус бодит байдал гэвэл түүхий нүүрс түлж утаандаа хахаж цацаж байсан ч ингэтлээ олон хүн угаартаж үхэж байсангүй . Хаа нэгтэй хүн угаартах ,эндэх явдал байсаан байсан. Гэхдээ өнөөдрийн үхэл,хортолтын тоотой харьцуулавал байхгүйтай адил байлаа. Энгэж харьцуулж үзээд ыйажруулах хор хөнөлийг багас тухай ярьсан ганц ч дарга гарсагүй. утаа арилгасан гэж сонгуулийн ШОУ хийж

0  |  0
Top