Ж.Ганбаатар: Улс төрийн сонголт хийхэд зарчмаасаа ухрахгүй байх нь чухал

2020 оны 05 сарын 11

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сайт цувралаар хүргэж байна.

Таныг “Оргил”-ын Ж.Ганбаатар гэдгээр нь манайхан илүүтэй танина. Харин сүүлийн гурван жил гаруйн хугацаанд УИХ-ын гишүүн,  Эдийн засгийн байнгын  хорооны дарга гэдгээр тань ард иргэд хүлээн авдаг болсон байна.  Бизнесийн салбараас улс төрд шилжилт хийсэн хүн гэж олон нийт харж буй бололтой. Улс төрд орох  болсон шалтгаан юу байв. Нэг нь хэсэг бүлэг хүмүүсийн төлөө, нөгөө нь нийт үндэстний эрх ашгийн төлөө ажиллах эсрэг тэсрэг салбар шүү дээ?

Улс төрд гэнэт яваад орчихсон хэрэг биш. Би  улс төрийн үзэл баримтлал, намын сонголтоо эрт хийсэн. 1998 онд МАН-д элсэж байлаа. Миний бие 2004-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд ажилласан. Дүүргээсээ 2008 онд НИТХын сонгуульд  өрсөлдөж  ялалт байгуулан тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. 2012 онд бас  л дүүргээсээ НИТХ-д өрсөлдөөд ялагдал хүлээж байсан. Тиймээс улс төрд орох шийдвэрийг нэг л өдөр гэнэт гаргачихсан гэвэл өргөөсгөл ойлголт болно. УИХ-ын сонгуульд өрсөлдөх шийдвэрийг улс төрд орох гэдэг  утгаар зарим хүн  хардаг байж магадгүй. Миний хувьд тийм биш. Харин төрд зүтгэх цаг болсон гэж ойлгосон тул өөрөөсөө их том зориг гаргаж,  зорьсон үе нь 2016 он гэж хэлж болох байх. Намайг сайн таньдаг, эсвэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын зөвлөлд  ажиллаж байсныг  маань мэддэг  хүмүүс бол 2016 онд бизнесийн хүн улс төрд ороод ирлээ гэдэг өнцгөөс хараагүй л болов уу. Манай Ганбаатар өөрийнхөө зорьсон замаар явж байна даа л гэж харсан байх. Мэдээж намайг танихгүй олон хүн бизнесийн өнцгөөс харж байсан. Өнгөрсөн хугацаанд чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож, өөрийн  бодож зорьсон хуулиудаа  батлуулахын төлөө  хичээж ажиллалаа. Хэрвээ намайг бизнесийн салбараас  улс төрийн салбарт  шилжилт  хийсэн гэж хүмүүс харж  байгаа бол санал нийлнэ.

Ардчилсан нам 1998 онд эрх баригч байсан учраас илүү нөлөөтэй байсан, залуус ч илүү элсэж байсан нь үнэн. Тухайн үед МАН-аар явах залуус багаслаа, бараг эзгүйрэх нь, хэдэн ахмад бууриа сахиад хоцорлоо гэж байсан эгзэгтэй үе. Яагаад тэр үед та заавал МАН-ыг сонгосон юм бэ?

Одоо  эргээд  ярихад  бас их гоё давхцал  байдаг юм. Тухайн үед Чингэлтэй дүүрэгт, Бөмбөгөр худалдааны төвийн урд “Оргил” худалдааны төвөө зургаан ажилчинтайгаар нээсэн. Жижигхэн дэлгүүртэй л байлаа. Тэр үед Чингэлтэй дүүргийн Засаг дарга байсан Амарсанаа одоогийн НАМЗХ шинээр дөнгөж үүсэж байхад Ленин клубийн том зааланд хэдэн залуусыг дагуулаад очиж байсан. Дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй байсан санагдаж байна. Би тэгэхэд 27 настай, залуучууд дундаа ахмаддаа орж байсан. Очиход одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх индэр дээрээс намын залуучуудын холбооныхоо тухай ярьж байсан.  Тэр үед МАН-д элсэх шийдвэр гаргаж, У.Хүрэлсүх даргаас бат илэрхийлэхээ гардаж авч байсандаа одоо ч бэлгэшээдэг. Түүнээс хойш У.Хүрэлсүх даргатай нэг их тааралдалгүй явж байгаад 2005, 2006 оны үеэс л бие биеэ мэддэг болсон. Одоо бодоход өнөөдрийн Ерөнхий сайдаас бат илэрхийлэх авч байсан нь надад сайхан санагддаг.

УИХ-д 72 суудалтай, үнэмлэхүй олонх байсан МАН 2004 оны сонгуулиар суудлын тоо цөөрч, зарим залуус намын цаашдын ирээдүйд эргэлзэж эхэлсэн. Бүр намаасаа явсан нь ч бий?

Миний төрөлх зан  өөрийн  итгэл үнэмшлээрээ  хийсэн сонголтоос ухарч чаддаггүй.  Тухайлбал, 1991 онд бизнест хөл тавихдаа жижиглэн худалдааг сонгож байв. Тэр үеийн залуусын бараг сонсоо ч үгүй байсан дирол, стимирол гээд ногоон, цагаан өнгөтэй бохийг Монголд анх оруулж ирж байлаа. “Алпен голд” шоколад, Юпи, инвайт зэрэг найруулдаг ундаа, сироп авч ирж зах зээлд нийлүүлсэн. Одооны залуус бараг голоод уухгүй байх. Гэхдээ тухайн үед ундаа ховор  учраас маш эрэлттэй бараа байсан. Би зарчмаасаа нэг их ухраад байдаггүй. Нэг ажил эхэлсэн бол  эцсийг нь үздэг зантай хүн. Улс төрийн сонголтод миний энэ зан чанар нөлөөлсөн байх. Түүнээс биш өөрт ашигтай, аль нь тэргүүлж яваа тал руу хазайдаг зан чанар хол явахгүй л дээ. Би Налайхад уурхайчны гэр бүлд төрж, айхтар хүнд хэцүү амьдрал гэхгүй ч гэр хороололд жирийн л амьдрал  дунд өссөн. Худгаас усаа зөөж, түлээгээ  хагална. Намайг бага байхад цас их ордог байлаа. Хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй учраас гэрийн ажилд бага хүүгийн хувьд их оролцоно. Хоёр ах геополитик, стратеги гээд том том юм яриад явчихна. Би цас цэвэрлэнэ, ус авна, хоол хийнэ, хоёр дүүгээ асарна. Сургууль, гэр, хичээл, номын дунд бага  нас өнгөрсөн. Аливаад тууштай байх зан чанар бага насанд минь надад суусан байх. Энэ зан чанар 1991 онд эхэлсэн жижиглэнгийн худалдааны бизнесээ орхилгүй хийгээд явахад өнөөдөр ч нөлөөлж байгаа болов уу. Бизнесийнхээ дундуур Оргил худалдааны төвийнхөө барилгуудыг өөрсдөө барьж, гайгүй туршлага  суусан үедээ барилгын бизнес рүү орсон. Энэ хоёр бизнесээс өөр тийш хальтраагүй. Ашиг орлого өндөртэй гээд банкны бизнес рүү гүйгээд орчихоогүй, мөнгө их олдог юм байна гээд уул уурхай руу орсонгүй. Энэ зан чанар маань улс төрд  явахад их нөлөөлсөн байх. Ер  нь  би  ч  гэлтгүй  улстөрд тууштай зан чанар чухал. Аливаа  улс төрийн шийдвэр гаргах, сонголт хийхдээ  зарчмаасаа  ухрахгүй байх нь  хамгийн чухал.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkkkk(192.82.78.229) 2020 оны 05 сарын 11

Orgil in yavgan hunii zam aa shiidej chadahgui bj hudlaa Huts vaa

0  |  0
Top