Ч.Ариунжаргал: Хүний анхдагч хэрэгцээ учраас үл хөдлөхийн зах зээл ирээдүйтэй харагдаж байгаа

2020 оны 05 сарын 11

Сэтгүүлч, хөтлөгч Х.Дорж­паламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн зочноор “RE/MAX COLLECTION Luxury properties” брокерийн оффисын захирал Ч.Ариун­жаргал уригдлаа.


-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Сайн, сайн байна уу. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе.

-Бидний урилгыг хүлээн авч, нэвтрүүлэгт маань оролцож байгаа танд баярлалаа.

-Та бүхэнд мөн намайг урьсан явдалд баярлалаа.

-Таныг нэвтрүүлэгтээ урих гэж их хөөцөлдлөө шүү.

-Танай нэвтрүүлэгт голцуу улстөрчид ороод байдаг болохоор миний сегмент таарах болов уу гэж их бодсон шүү /инээв/.

-“RE/MAX” гэдэг үл хөдлөх хөрөнгийн зуучийн талаар тодорхой мэдээлэл өгөх үүднээс таныг урьсан юм. Юуны өмнө та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Нөхөр, гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдарч байна. Би 30 нас хүрэлгүй гурван хүүхдийн ээж болсон. Өсвөр насны хоёр хүү, нэг охинтой. Манай нөхрийг М.Мандах гэдэг. Бид үл хөдлөхийн салбарт хөтлөлцөн, хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа гэр бүл. Манай нөхөр хамгийн анхны “RE/MAX Partner” оффисын брокер эзэмшигч. Одоо “RE/MAX”-т үл хөдлөхийн арбитрын болон ёс зүйн хорооны даргаар ажилладаг.

-“RE/MAX” гэж чухам хаана, ямар түүхтэйгээр үүссэн байгууллага вэ?

-АНУ-ын Денвер хотод 1973 онд үл хөдлөхийн зуучлагч Дэйв Линигер үүсэн байгуулж байсан. Тухайн үед олсон орлогын дийлэнх хувийг захирал нь аваад байсанд сэтгэл дундуур байж. Тиймээс агентууд дээр суурилсан бизнесийг санаачилж, байгуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар 43 жилийн дотор 120 гаруй улсад салбартай, 8300 оффистой, 120 мянган агенттай олон улсын компани болтлоо хөгжөөд байна. “RE/MAX”-ийг Б.Бүжинлхам, Н.Батбаатар гэдэг хувь хүмүүс Монголд оруулж ирсэн. Бид франчайз эрхийг нь худалдан авч ажиллаж байгаа хэлбэр. Ерөнхийдөө Монгол Улсад 45 брокер оффис ажиллаж байна. Эдгээр нь тус тусдаа бие даасан захирилтай, хөрөнгө оруулалт, дотоодын үйл ажиллагаа, менежментээ өөрсдөө зохион байгуулдаг юм. Манай “RE/MAX COLLECTION Luxury properties” брокерийн оффис бол тэдний нэг нь. Монголдоо цорын ганц зөвхөн тансаг зэрэглэлийн үл хөдлөх, өндөр үнийн дүнтэй орон сууцны борлуулалт дээр ажилладаг тусгай эрхтэй оффис. Бусад салбаруудаасаа арай өөр чиглэлээр ажилладаг гэсэн үг.

-“RE/MAX” Монголд хэдэн онд орж ирсэн бэ?

-2015 онд орж ирсэн. Бид үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани. Харилцагч үйлчлүүлэгчдэдээ хамгийн чанартай үйлчилгээг хүргэхийг хичээдэг. Завгүй хүмүүс үл хөдлөх хөрөнгөө өөрөө зараад, сонирхсон хүмүүст тэр бүр үзүүлээд байж чаддаггүй. Тиймээс бид үйлчлүүлэгчийнхээ хүссэн хамгийн чанартай үйлчилгээг 150 мянган мэдээллийн дата баазаар хангаж, цаг хугацааг нь хэмнэн, зах зээлийн бодит үнэ ханшид тулгуурлан худалдах буюу худалдан авахад нь зуучилж өгдөг юм. Биднээр зуучлуулаад сэтгэл ханамжтай байгаа хүмүүс олон бий. Үүгээрээ улс орныхоо үл хөдлөхийн салбарын хөгжилд шинэ соёл нэвтрүүлж байна гэж үздэг. Бид Америкийн технологийг ашиглаж байгаа. Америкийн үл хөдлөхийн хууль батлагдаад 100 гаруй жил болчихсон. Үл хөдлөхийн реалторуудын эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд байгуулагдаад мөн 100 гаруй жил болсон. Гэтэл манайд үл хөдлөх зуучлалын компани байгуулагдаж эхлээд 15-20 жил л болж байна. Тэгэхээр бид олон улсын ноу-хаугаас суралцах хэрэгтэй. Энэ утгаараа цаг хугацаа хэмнэсэн, хөгжил рүү ойртсон ажлыг “RE/MAX”-ийнхан хийж байгаа юм. Бид үл хөдлөхийн салбарт орлогоо нуухгүй зарладаг ганц компани гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Бид сар, улирал болгон орлогоо зарлаж, хуулийн дагуу татвараа төлөөд явдаг.

-Барилгын компаниуд дэр­гэдээ борлуулалтын алба бай­гуулж борлуулалт хийдэг. Шинэ байр хайж байгаа хүмүүст “RE/MAX” ямар боломж олгодог вэ?

-Улс орон хөгжиж, компаниуд томрохын хэрээр мэргэжлийн хүмүүст үйлчилгээг нь даатгаад явах нь зөв. Хөгжлийн ийм горимд бага багаар шилжиж байна. Өнөөдрийн нөхцөлд барилгын салбарынхан борлуулалтын алба байгуулан ажиллаж байна. Борлуулалтын албаныхан төслийг нь зорьж ирсэн хүмүүст л үйлчлэх үйл ажиллагаа хийдэг. Харин “RE/MAX” дүүрэг болгонд салбар байгуулсан. Бидний 45 компанийн нэгдсэн дата баазад бүх мэдээлэл бий. Хэн ч хаанаас ч хандсан бид худалдан авагчийн хүсэлтийн дагуу нэгдсэн мэдээллийн сангаасаа тохирох байруудыг санал болгодог. Жишээлбэл, ХУД-ийн XI хороонд байр авахыг хүсвэл тухайн хүний амьдралын нөхцөл байдал, өөрийнх нь ажил болон үр хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэгийг судалсны үндсэн дээр хамгийн тохиромжтой буюу насан туршдаа амьдрахдаа өдөр болгон сэтгэл ханамж авах байрыг санал болгодог. Тэгэхээр барилгын компаниуд үл хөдлөх зуучлалын компаниудтай хамтрах нь цаг хугацаа хэмнэх, хөрөнгөө түргэн эргэлтэд оруулах зэрэг асар олон боломжийг олгох болно. Хэдийгээр бид барилгын компаниудын хэрэгжүүлж буй төслүүдэд ажиллаад эхэлсэн ч дийлэнх компани өөрсдөө борлуулж байгаа. Цаг хугацааны явцад зөв голдиролдоо орох нь дамжиггүй.

-“RE/MAX” шинээр баригдаж байгаа хотхонтой гэрээ хийлээ гэж бодъё. Тэр барилгын компани орон сууцныхаа мкв-ийн үнийг 2,000,000 төгрөгөөр зарахыг хүслээ гэхэд та бүхэн дээр нь мөнгө нэмж зардаг уу?

-Дийлэнх иргэд үл хөдлөх зуучлалын компаниар дамжих юм бол үнэтэй тусна гэж айдаг. Харин бидэнд илүү үнэ хэлэх ямар ч шаардлага байдаггүй. Биднийг зориод ирсэн үйлчлүүлэгчид хамгийн боломжит үнэтэй байрыг санал болгодог. “Та яг юу хүсэж байна. Бид таныг төлөөлье” гэсэн зарчмаар ажилладаг. Ямар нэгэн байдлаар үнэ нэмэхгүй. Мэдээж заруулж байгаа талаас шимтгэлээ авдаг. Худалдан авч байгаа талд нэмэлт зардал гарахгүй гэсэн үг. Олон улсын түвшинд худалдан авагч болон худалдаж байгаа талууд хоёулаа 3-5 хувийн шимтгэл төлдөг. Зарим оронд үүнээс ч өндөр хувийн шимтгэл төлнө. Үндсэндээ чадварлаг агентууд хоорондоо хэлэлцээр хийж шимтгэлийг тохирдог юм. Монголын хувьд сүүлийн үеийн санхүүгийн шинэчлэлтэй холбоотой үл хөдлөхийн тусгай зөвшөөрөл олгож эхэлж байгаа. Энэ хүрээнд зайлшгүй үл хөдлөх зуучлалын компаниар үйлчлүүлэх шаардлага үүсэж байна. Мөн худалдан авч байгаа тал энэ систем рүү татагдах эхлэл суурь тавигдсан. Худалдагч тал үл хөдлөх хөрөнгөө өөрөө зарах гэвэл урт хугацаа зарцуулдаг. Бас зах зээлийн ханшаа зөв тогтоож чаддаггүй. Нэг бол хямд үнээр зарна. Үгүй бол өндөр үнэ тавиад худалдан авагчдаа үргээх байдал үүснэ. Эцсийн бүлэгт өөрөө хохирдог. Бид өдөр тутамд шинэчлэгддэг мэдээллийн дата баазад тулгуурлан богино хугацаанд тухайн байрыг зах зээлийн боломжит үнээр, цаг алдалгүй зарах ажлыг хийдэг. Зарж байгаа талаас бид шимтгэлийг шударга тогтолцоогоор авдаг. Хэзээ ч нэмэгдүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Худалдан авагч тал өөрөө хайж байснаас “RE/MAX”-т хандаад нэг агентыг сонгоод ажиллах юм бол илүү үр дүн гарна. Бид дотоодынхоо нэгдсэн сүлжээ мэдээлэлтэй болохоор харилцагчид “RE/MAX”-ийн нэг салбар дээр очсон байхад л хангалттай.

-Би мкв-ийн үнийг нэмээд зардаг юм байх гэж боддог байлаа.

-Ихэнх хүн тийм бодолтой байдаг юм.

-Ер нь өндөр хөгжилтэй орнуудад барилгын компаниуд нь борлуулалтын алба ажиллуулдаг юм болов уу?

-Бараг 80-90 хувь нь үл хөд­лөх хөрөнгийн агентаар дам­жуулж борлуулалтаа хийдэг. Худал­дан авахдаа ч зуучаар дамжуулдаг тогтолцоотой. Хууль нь ч тийм. Агентууд нь өндөр шал­гуураар лицензээ хамгаалдаг. Лицен­зийнхээ эрхийг алдахгүйн тулд өндөр ёс зүйтэй ажилладаг юм.

-“RE/MAX”-ийн салбарыг нээхийн тулд ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой вэ?

-“RE/MAX Mongolia” гээд бидний толгой компани франчайз эрхээ зардаг. Миний хувьд зөвхөн өөрийнхөө салбарыг хариуцаж ажиллаж байгаа. Мэдээж тодорхой хэмжээний мэдлэг, санхүүгийн байдал болон тухайн салбарыг аваад явах чадвартай хүмүүст эрх олгодог гэж бодож байна.

-Та яагаад үл хөдлөхийн бизнес рүү орсон юм бэ?

-Би үл хөдлөх хөрөнгө сонирхож, судалж, хувиараа авдаг байлаа. 2004 онд “Аржмa мөнх” компанийг үүсгэн байгуулаад худалдааны чиглэлээр ажиллаж байсан. Энэ явцдаа 4-5 үл хөдлөх авсан юм. Хотын төвийн өргөтгөлийн байрнууд авч, борлуулна. Тухайн үед алдсан зүйл их бий. Хэдийгээр зуучлалын компаниар дамжуулсан ч гэсэн надад үнэн бодит мэдээлэл өгөхгүй тохиолдол гардаг байсан. Хамгийн анх өргөтгөлтэй байр авсан юм. Гэтэл өвөл нь маш хүйтэн. Дараа нь би ханыг нь нураагаад шинээр дахиж барьсан. 12-ын ханатай байсныг нь 64-ын ханатай болгох зэргээр дахиад үл хөдлөх хөрөнгө авах хэмжээний зардал гаргаж байлаа. Бас Засгийн газрын ордны хойно хоёр давхар үл хөдлөх авсан юм. Энэ удаад хүйтнийг нь шалгах үүднээс өвөл авсан ч зундаа хөгцөрдөг, ус алддаг байж таарсан. Энэ бүхнээс сургамж аваад гурав дахь байраараа хуучин биш герман технологиор барьсан сайхан шинэ байр сонголоо. Тухайн үед зуучлалын компаниар дамжуулсан. Нэг мкв-ийг нь 4000 ам.доллараар бодоход нэг сая 56 мянган ам.доллар болж байсан. Харамсалтай нь дараа нь хэмжүүлээд үзэхэд 50-60 мкв-аар дутаад, их хэмжээний мөнгөний зөрүү гарсан юм. Хүмүүс үргэлж ингэж хохирч байсан. Зуучлалаар хандаад байхад мкв-ийн зөрүү гараад байсан. Тухайн үед манай компани 10-аад жил ажиллачихсан, гар нийлсэн сайхан хамт олон болоод байв. Ингээд шинэ зүйл хийж үзэхээр шийдэж байх үедээ Н.Батбаатар, Б.Бүжинлхам нартай уулзаж, мэдээлэл авсан нь надад таалагдсан. Олон улсын хөгжил, программ, датагаас бид суралцах хэрэгтэй гэж үзээд олон улсын франчайзыг авсан. Франчайзаа аваад эхний жилдээ АНУ-ын Лас-Вегас хот явлаа. Ер нь жил болгон “RE/MAX”-ийнхан Лас-Вегас явдаг юм. Тэнд зөвхөн тусгай эрхтэй, тансаг зэрэглэлийн, өндөр дүнтэй үл хөдлөх дээр ажилладаг оффис байдгийг мэдэж авсан. Ерөнхийдөө энэ чиглэлээрээ ажиллавал боломж байгааг мэдэрсэн. Өмнө нь өндөр дүнтэй буюу дунджаар 800 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орон сууц дээр ажиллаж байхдаа хүмүүс ийм үйлчилгээг хүсэж байгааг олж харсан хэрэг. Ингээд 2019 оны долдугаар сарын 7-нд “RE/MAX COLLECTIO Luxury properties” брокерийн оффисоо “Зайсан скуар”-ын гуравдугаар давхарт нээсэн. Хүмүүс мэдэхгүй зүйлээсээ айдаг. Тансаг зэрэглэлийн орон сууц гэхээр хэтэрхий үнэтэй байх гэж боддог. Аргагүй шинэ үйлчилгээ учраас хүмүүс итгэж үйлчлүүлэхдээ жаахан хойрго байгаа ч байдал өдрөөс өдөрт сайжирч байгаа.

-Монголд өндөр дүнтэй орон сууц борлуулдаг салбар нь ганц танайх. Харин олон улсад ийм салбар хэр түгээмэл байх юм?

-Америкт 100 салбар тутамд нэг байдаг юм билээ. Гэсэн ч дэлхий дахинд нийтдээ 44 “luxury” салбар ажилладаг. Харин “RE/MAX”-ийн энгийн оффис 8300 бий.

-Та хаана сургууль төгссөн бэ?

-2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засгийн бизнесийн менежер мэргэжлээр төгссөн. 2006 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистраар төгссөн.   

-Та хэр стресстдэг вэ?

-Гайгүй дээ. Нийгэм стерсстэй байгаа ч би аль болох стресстэхгүй байхыг хичээдэг.

-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?

-Хүн болгонд гэр бүл хамгийн үнэтэй байх. Миний үр хүүхэд, хань ижил, ээж, аав, ажлын хамт олон бол миний хамгийн үнэт зүйл.

-Хүн энэ яваа насандаа яаж амьдрах нь юунаас шалтгаалдаг гэж боддог вэ?

-Бурхны зурсан зураг байдаг гэдэгт итгэдэг. Мэдээж хувь хүнээс ихээхэн шалтгаална. Тухайн хүн сайн, муу явах нь өөрөөс нь шалтгаална шүү дээ.

-Та олон хүнтэй уулздаг ажилтай. Гэхдээ хүнийг хэр таньдаг вэ?

-Би үнэхээр олон хүнтэй уулздаг. Өдрийн тэн хагаст нь хүнтэй уулздаг ажилтай. Ер нь 2004 оноос хойш долоо хоногт 2-3 хүнтэй уулзсан гэж бодоход өнөөдрийг хүртэл 2300 хүнтэй уулзсан байна. Ажлын шаардлагаар хүнийг таньдаг болчихжээ. Уулзсан хүнээ 60-80 хувьтай танина шүү. Хүнтэй уулзахад эхний 3-5 секундэд анхны сэтгэгдэл үүсдэг. Гадаад төрхийг нь харна. Эрэгтэй хүн бол гутлыг нь харна. Хамгийн гол нь нүд, хандлага нь ямар байгаагаас тухайн хүнийг дүгнэчихнэ шүү.

-Хүмүүсийг “RE/MAX” руугаа татахын тулд та юу хийж байна вэ?

-Уламжлалт компаниуд хөдөлмөрийн гэрээний дагуу өглөөний 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажиллахыг шаарддаг. Харин “RE/MAX” өөр. Агентууд дээр суурилсан бизнес гэж үздэг. Тухайн агентын хувийн бизнес юм. Систем нь олон улсад туршигдаад 47 жилийн турш сайжирсаар ирсэн болохоор “RE/MAX” амжилттай ажилладаг. Мэдээж шинэ зүйл бэрхшээлтэй тулгардаг. Эхлээд ойлгуулахад хүнд байлаа. Агентаар ажиллахаар өдөрт хэдэн зуун хүн анкет өгнө. Тэд олон улсын компани хангамж сайтай байх гээд өндөр цалин хүсдэг. Тэдгээр хүмүүст “Чи бизнес хийхийг хүсдэг үү. Өөрийгөө өөрчлөхийг хүсэж байна уу. Чи суралцмаар байна уу” гээд л тайлбарлана. Мөн “RE/MAX”-д та тохирох уу гэдгийг шинжилж, бидэнтэй нэгдсэнээр ямар эрсдэл, ямар зардлууд гардгийг танилцуулна. Ингээд гэрээ хийнэ. Ер нь “RE/MAX” алтан дүрмээ баримтлахыг шаарддаг. Дүрмээ мөрдөж ажиллахад ямар ч маргаан гардаггүй. Сүүлийн үед залуучууд “RE/MAX”-ийг ойлгодог болсон. Ялангуяа манай “Тансаг” зах зээлд ажиллах залуучууд арай ахисан түвшнийх байдаг. Хэд хэдэн гадаад хэлээр хөрвөж ярьдаг болон маркетингийн чиглэлээр мэдлэгтэй байх шалгуур тавьдаг юм.

-Тэгэхээр агентууд яаж мөнгө олно гэсэн үг вэ?

-Борлуулалтаасаа хувь авна.

-Агент болон реалторын ялгаа нь юу вэ?

-Агентуудаа бид олон улсын сургалтад хамруулдаг юм. Программ хангамжийг хэрхэн ашиглах, ёс зүйн ямар дүрэм баримтлах вэ гэдгийг зааварладаг. Энэ сургалтын дараа шалгалтад тэнцсэн агентууд сертификат авснаар агент болно. АНУ-д төвтэй дэлхий дээр 1.3 сая гишүүнтэй риелторуудын эрхийг хамгаалдаг ТББ байдаг. Үндсэндээ зургаан сар ажилласан агентууд маань реалтор болох эрх нь нээгддэг. Тодорхой хэмжээний хураамж төлөөд олон улсын байгууллагын гишүүнд элсээд явдаг.

-Би ажлынхаа хажуугаар агент болж болох уу?

-Манайх бүтэн цагаар ажиллахыг зөвлөдөг. Ямар ч бизнес нэг зүйл дээр төвлөрч байж амжилтад хүрдэг шүү дээ.

-“RE/MAX”-ийн агентуудынх нь зураг нэр, утастайгаа самбарууд дээр байх юм. Сонгуульд өрсөлдөх гэж байгаа юм шиг ингэж зургаа тавих хэрэгтэй байдаг уу?

-Үл хөдлөх хөрөнгөө борлуулах гэж байгаа хүмүүст итгэлцэл хэрэгтэй. Зүгээр нэг зарлал, утас тавьчих юм бол цаана нь ямар хүн байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол маркетингийн шалгарсан хэлбэр. Франчайзын гол давуу тал нь энэ юм.

-“RE/MAX”-ийн Монгол дахь хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

-Өөдрөгөөр харж байгаа. Бидний тоон үзүүлэлт жилээс жилд өсөж байна. Гэсэн хэдий ч бид зах зээлийн дөнгөж 10 хүрэхгүй хувьд ажиллаж байгаа. Зах зээлээ тэлж байж бидний хамтын ажиллагаа сайжирна. Монголд яг ингэж 45 компани нийлээд бизнес эрхэлж байсан түүх байхгүй. Хоёр, гурван компани нийлж бизнес хийлээ ч засаглалаа буруу тогтоосноос болоод нурдаг. Тиймээс “RE/MAX”-ийн ирээдүй гэгээтэй гэж боддог. Бид өнгөрсөн 2019 онд 320 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ жил бид 400 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн. Бид 2019 оны нэгдүгээр улиралд 49 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бол энэ оны эхний улиралд 80 тэрбум төгрөгийн борлуулалт хийчхээд байна. Энэ хэцүү цаг үед бидний борлуулалт буурах байх гэж бодож байтал бүр 50 хувиар нэмэгдлээ. Үл хөдлөх хөрөнгө хүний анхдагч хэрэгцээ учраас үл хөдлөхийн зах зээл ирээдүйтэй, хөгжил ирэх нь тодорхой харагдаж байгаа юм.

-Жишээ нь, би 11 дүгээр хороололд гурван өрөө байр авмаар байна гэдэг хүсэлтээ танай аль ч салбарт гаргаж болох уу?

-Болно. Та аль ч салбар, ямар ч агентыг сонгож болно. Та хэнд итгэж үйлчлүүлэх юм тэр хүнээ л сонгоно. Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх үл хөдлөрөнгийг хэн ч зарж борлуулах боломжтой. Бид дотоодынхоо программаар таны сонирхож байгаа байрыг хайхад 45 салбар дээр байгаа мэдээлэл гараад ирдэг. Харин манай салбарын хувьд арай өөр зэрэглэлд ажилладаг. “Luxury” салбар нь ашиглах логоноосоо эхлээд өөр байдаг. Мөн тухайн улсынхаа зах зээл дээрх дундаж үнэтэй үл хөдлөх хөрөнгөөс хоёр дахин өндөр үнэтэй дүнгээс эхэлж зардаг. Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ 60-150 сая төгрөг байдаг. Тэгэхээр бид 200 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орон сууц зарна гэсэн үг. АНУ-д бол “luxury” байр нэг сая ам.доллараас эхэлдэг. Тэгэхээр улс улсынхаа онцлогоос шалтгаална.

-Хүн үхэн үхтлээ суралцана гэдэг. Та юунд суралцахыг хүсэж байна вэ?

-Би суралцсаар л байгаа. Өдөр тутамдаа суралцахыг хүсдэг. Ялангуяа хувь хүний хөгжил болон үл хөдлөхийн чиглэлээр олон сургалтад хамрагдсан. Жишээлбэл, АНУ-аас тусгайлан олгодог олон улсад итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдгийг батлах “CIPS” сургалтад хамрагдсан. Мөн Нью-Йоркийн реалторуудын холбооны сургалтыг төгссөн. Миний хувьд хамгийн анхны Монгол Улсын реалторуудын нэг. Хамгийн анхны “CIPS”-чүүдийн нэг. “GRA” гэж магистрын төвшний мэдлэг олгодог сургалтад хамрагдсан. Эдгээр сургалтууд ерөнхийдөө ёс зүй заадаг юм. Олон улсын зах зээл дээр ёс зүйтэй ажиллахыг л шаарддаг. Америкт үл хөдлөх борлуулахдаа “сүнстэй байшин” гээд пайз наачихдаг. Худалдан авагчийг хуурч болохгүй. Ус алддаг бол үнэнээр нь хэлэх ёстой. Манайд бол нууж байгаад зарчихдаг шүү дээ. Харин олон улсын зөвлөхүүд бодит зүйлийг үнэн зөв мэдээлэх үүрэгтэй гэж үздэг. Мэдээж тухайн хүний хараагүй давуу талуудыг хэлэх хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад 50 гаруй үзүүлэлт нөлөөлдөг. Хамгийн түрүүнд үнэ нөлөөлнө. Судалгаатай, шинжилгээтэй, бодит мэдээллийг гаргаж өгдгөөрөө манай үйлчилгээ давуу талтай.

-Тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авахдаа хүмүүс ямар алдаа гаргадаг вэ?

-Тансаг зэрэглэлийн худалдан авагчид зах зээлд 2-3 удаа худалдан авалт хийгээд үзчихсэн хүмүүс байдаг учраас харьцангуй мэдлэгтэй байдаг. Гэхдээ алдаа гаргана. Бидний зүгээс худалдан авагч мэдлэгтэй байх тусам түүнээс илүү мэдээлэл өгч ажиллахыг хичээдэг. Тансаг зэрэглэлийн орон сууц гэж юуг хэлэх вэ. Зөвхөн харагдаж байгаа гоё заслал биш. Хамгийн гол нь суурь хундамент, үндсэн хийцлэлд үнэ шингэсэн байдаг. Тэгэхээр барилгын түүх, ямар материалаар, яаж барьсан болохыг бүгдийг мэдэж, тайлбарлаж өгдөг. Тансаг зэрэглэлийн орон сууц нь биет бус сэтгэл ханамж, үнэ цэнийг өгдөг байх нь чухал. Өөрөөр хэлбэл, крантаа нээгээд ус гоожууллаа гэхэд гарын аясаар зөөлөн, эко, усныхаа 60 хувийг хэмнэж байх нь сайн. 00-ынхоо усыг татахад ус нь үсрээд байхгүй, “торнадо” байдлаар усаа сордог байх хэрэгтэй. Бүх цахилгаан тоног төхөөрөмж нь смарт байх нь зөв. Гарахдаа ганцхан кноп дарахад хөргөгчөөс бусад нь унтраад дохиолол автоматаар асаж байх ёстой. Өдөр тутамдаа сэтгэл хангалуун амьдарч байх үл хөдлөх хөрөнгийг тансаг зэрэглэлийн үл хөдлөх гэнэ. Хүмүүс анхны худалдан авалтдаа гял цял орон сууц сонгодог бол туршлагатай болоод ирэхээрээ илүү тав тухыг хүсдэг. Яг ийм шаардлагыг хангасан томоохон төслүүд хэрэгжүүлэгч олон компани бий. Хийцийг нь харахад андашгүй байдаг юм.

-Тансаг зэрэглэлийн орон сууц худалддаг оффис бас тансаг байдаг байх даа?

-Манай оффис “Зайсан скуар”-ын гуравдугаар давхарт байрладаг. Тансаг зэрэглэлийн тренд марк ашигладаг. Тэр утгаараа манай оффисын тохижилт өөр стандарттай. Уулзалтын дөрвөн өрөө, хурлын өрөөтэй. Өндөр зэрэглэлийн харилцагч хүрээд ирэхэд итгэж үйлчлүүлэх орчинг бүрдүүлж чадсан. Зарим хүн олны нүдэнд ил байх дургүй. Тийм хүмүүстэй тусгайлсан VIP өрөөнд уулздаг. Сүүлийн үед үзэгчдийн дуртай киногоо тодроод байгаа “Бүтэн амьдрал” киноны Ундраагийн оффис бол манай оффис. Хар ногоон өнгийн ханатай гоё оффис гардаг шүү дээ.

-Таныхаар амжилт гэж юу вэ?

-Өөрийнхөө эрхэм зорилгодоо хүрэхийг амжилт гэх болов уу. Ажил хийж дуусаад эргээд хараад сэтгэл ханамжтай байвал тэр амжилт гаргасан гэсэн үг гэж бодож байна.

-Та өөрийгөө хэр амжилттай яваа гэж боддог вэ?

-Би дөнгөж амжилтад хүрэх гэж хичээж яваа хүн.

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?

-Ээжийнхээ ажлыг сайн хийж чаддаг. Даан ч зав гарахгүй юм. Сайн ээж байхыг хичээдэг. Ажлаа бол арван хуруу шигээ сайн мэддэг.

-Амжилттай яваа эрчүүдийн ард мундаг эмэгтэй байдаг гэсэн үг бий. Харин амжилттай яваа бүсгүйн ард бас л мундаг эр хүн байгаа даа?

-Миний ард уул шиг нөмөртэй, маш түшигтэй хань минь байна. Бид нэг салбарт ажилладаг. Хийж байгаа бүхэнд минь нөхрийн маань нөлөө их бий. Ялангуяа шинэ зүйл бий болгох, бүтээхэд хань минь тусладаг. Хүүхдээ зөөх, хоолоо хийх гээд бүхий л ажил орхигдоно. Тэр болгонд нөхрийн маань оролцоо их. Нөхөр маань миний дутууг нөхсөн хүн. Би нарийн деталь зүйлсээ нягталж, дөрөв, таван хүний ажлыг ч өдөрт нь амжуулаад хийчихдэг. Манай нөхөр бол алсуур, урт удаан хугацааны бодлогын чанартай зүйлсийг надад зааж зөвлөдөг. Бид хоёр арга, билэг таарсан хосууд гэж боддог.

-Эмэгтэй хүн амжилттай ява­хад хамгийн гол нөлөөлдөг зүйл нь юу байдаг гэж та боддог вэ?

-Ард талд нь байгаа хань ижлийн нөлөө маш их. Тухайн хүний хүсэл эрмэлзлээс бас шалтгаалах байх.

-Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс давуу байх шинж чанар нь юу вэ?

-Арай илүү нарийн мэдрэмжтэй байдаг юм болов уу.

-Таныг хэн нэгэнд хандан баярлалаа гэж хэлэхийг хүсвэл хэнд хэлэх вэ?

-Ээж, аавдаа л хэлнэ дээ. Намайг эрүүл саруул төрүүлж, өсгөсөнд баярлалаа гэж хэлнэ. “Баярлалаа” гэж хэлье.

-Та бидний амьдарч байгаа нийгэмд болж бүтэхгүй асуудал их бий. Юунаас эхэлж засаж, сайжруулаасай гэж боддог вэ?

-Хамгийн үнэт сууринаасаа эхлээсэй гэж боддог. Сайн суурьтай барилга удаан жилийн насжилттай байдаг. Үүнтэй адил суурь хүмүүжил болох гэр бүлийн хүмүүжлийг анхаараасай гэж хүсдэг. Улс орны хөгжил нийгмээс бүрдэнэ. Нийгэм гэр бүл, хүнээс бүрдэнэ. Би хамгийн сүүлд “Цойлогсод” гээд ном уншсан юм. Еврейчүүдийн тухай гардаг. Дэлхийн хүн амын таван хувийг еврейчүүд эзэлдэг боловч тэрбумтнуудын 20 хувийг эзэлдэг. Еврей үндэстэн яагаад мундаг болсон бэ гэвэл ерөөсөө л гэр бүлийн хүмүүжил. Еврей аавтай хүнийг еврей хүн гэхгүй. Еврей ээжтэй хүнийг еврей хүн гэнэ. Еврей ээжийн хүмүүжлээс эхэлнэ. Хамгийн нэгдүгээрт эрүүл байх нь чухал. 1800-аад оны үед дөнгөж төрсөн нярайн 50 хувь нь энддэг байж. Гэтэл еврейчүүд энддэггүй байсны нууц нь буцалсан усаар гараа угаадаг байсантай холбоотой. Германы халдлагын үеэр еврей айлыг танихдаа гэрт нь ороод тоосыг нь шалгадаг байсан гэдэг. Ямар ч тоосгүй байдаг байж л дээ. Еврей ээжийн гараас амттай хоол гардаггүй. Эрүүл хоол гардаг гэж бичсэн байсан. Хоёрдугаарт, мэдлэг боловсролд нь тогтмол анхаардаг. Хүүхдээ өдөр болгон тогтмол хугацаанд ном унш гэж суулгах нь бичигдээгүй хууль. Бусдыгаа амарч байхад хичээллэдэг амьдралын хэв маяг нь тухайн үндэстнийг чанартай иргэн болоход нь нөлөөлж байгаа юм. Яг үүнтэй адил гэр бүлийн боловсролоос хөгжил эхэлнэ гэж би боддог. Хүүхдээ эрүүл, боловсролтой хүн болгохоос л улс орны хөгжил эхэлнэ. Гэтэл манайхан ямар их өвдөж байна вэ. Хавдрын эмнэлэгт дугаарлаад зогсож байна. Уг нь уламжлалт мал аж ахуй маань биднийг эрүүл хоол хүнсээр хангаж чадна. Хонины шинэ гэдэс идэх хэрэгтэй. Сүүлийн үеийн хүүхэд залуус гэдэс идэхгүй, хамраа чимхээд зугтдаг болж. Манай хүүхдүүд иддэг. Яагаад гэвэл маш их шим тэжээлтэй хүнс. Ийм сайхан хүнс хэрэглэнэ гэдэг их хувь заяа. Шарсан тахианаас хол байх хэрэгтэй л дээ. Эрүүл мэнддээ анхаарахын зэрэгцээ боловсролд нь анхаармаар байна. Хүүхдүүддээ ухаалаг утас бариулчхаад цагийг дэмий өнгөрөөх боломж олгоод байна. Цагийг үр дүнтэй өнгөрөөж сургах, хоббигоо хүртэл өөрийнхөө хөгжилд зориулдаг байх хэрэгтэй. Иргэн болгон эрүүл, иргэн болгон боловсролтой байх юм бол Монгол Улс хүчирхэгжинэ.

-Ковид-19 цар тахлын үед ихэнх аж ахуйн нэгж хүнд байдалд ороод байна. Танай үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Монгол Улс гэлтгүй дэлхий нийтээрээ эдийн засгийн өндөр эрсдэл хүлээж байна. Манай худалдааны компани ихээхэн хүндрэл амсаж байгаа. Борлуулалт дөрөв дахин буурсан. Харин үл хөдлөхийн “Luxury” зах зээлд одоогоор айхтар хямрал харагдахгүй байна. Яагаад гэвэл өндөр дүнтэй үл хөдлөх хөрөнгө зах зээл дээр 6-12 сар байршиж байж зарагддаг онцлогтой. Худалдан авах сонирхолтой хүмүүс маань урт удаан хугацаанд судалж байж авдаг учраас харьцангуй мэдрэгдсэн зүйл алга.

-Таныг хийж байгаа ажилдаа өөрөө дүн тавь гэвэл ямар дүн тавих вэ?

-Хүн өөрийгөө үнэлж чаддаггүй шүү дээ. Олон улсад ч судалгаа байдаг юм билээ. Судалгаагаар “Та өөрийгөө үнэлнэ үү” гэхээр 80-аас дээш хувь тавьчихдаг. Харин “Та бусдыгаа үнэлнэ үү” гэхээр 60-аас доош хувийн үнэлгээ өгдөг. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө үнэлнэ гэвэл худлаа. Намайг хэн үнэлэх вэ гэвэл манай гэр бүл, хамтрагчид, найз нөхөд, ажлын хамт олон маань л үнэлэх байх.

-Мөнгө гэж таныхаар юу вэ?

-Мөнгө бол хэрэглээ. Хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулах юм бол араас нь мөнгө ороод ирнэ. Би агентууддаа хэлдэг юм. “Та нар гүйлгээ гараад бүтэлгүйтчихлээ гээд ороод ирдэг. Мөнгө бодчихсон юм уу. Надад тэдэн төгрөг ороод ирнэ гээд бодчихсон уу” гэж цаашлуулдаг. Мөнгө бодсон ажил хэзээ ч бүтдэггүй. Энэ бол миний 15 жилийн туршлагаас үлдсэн зүйл. “Би энэ хүнд юугаар тусалж чадах вэ” гэсэн бодол дээр төвлөрөх юм бол аяндаа мөнгө ороод ирнэ. Миний мөнгөнд хандах хандлага энэ байна. Мөнгө гэдэг аз л таарахгүй бол зүгээр орж ирдэггүй. Хөдөлмөрлөж, зовж байж, тодорхой хэмжээний золиос гаргаж байж бий болдог зүйл.

-Амьдрал гэж юу вэ?

-Амьдрах сайхан шүү дээ. Хүн нэг л амьдарна. Энэ амьдралдаа чанартай, олон хүний төлөө их зүйл бүтээсэн байхыг хүсдэг. Таны амьдрал “Би олон хүнийг өөрчилж чадсан уу” гэдэг асуултад хариулахаас хэрхэн өнгөрсөн нь шалтгаалдаг. Хүний амьдрал их баялаг даа. Аз жаргал, зовлон гуниг, шантрал бүх зүйл цогцолж байж амьдрал бодог. Амьдралд үргэлж аз жаргалтай байна гэж байхгүй. Үргэлж зовдоггүй. Ямар нэгэн байдлаар эргэж байдаг. Амьдралыг би үйлийн үртэй холбож ойлгодог. Эрт, орой хэзээ нэгэнт цагт үйлийн үрээ төлж байж цааш явдаг.

-Та ер нь юунд зориулагдсан хүн юм бэ?

-Ерөөсөө ингэж бодож байгаагүй юм байна шүү. Ямар ч байсан гурван хүүхдэдээ ээж нь, хань ижилдээ эхнэр нь, аав, ээждээ ачлалтай охин нь, сайн бэр, сайн удирдагч, сайн манлайлагч, сайн чиглүүлэгч байхыг хичээдэг. Өөрт оногдсон бүх зүйлд чин зүрх сэтгэлээсээ хандая гэж боддог. Аливаа зүйлд би маш нухацтай ханддаг.

-Таны тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу вэ?

-Ярьсан тохирсноосоо буцах. Дээрээс нь ёс зүйгүй байдлыг би үнэхээр тэвчиж чаддаггүй. Яг ингэнэ шүү, яг тэгнэ шүү гэсэн алтан дүрмээ тохирчихоод түүнээсээ эргэж буцаад, эсвэл өнөөдөр нэг зүйл ярьчхаад маргааш нь өөр зүйл яриад байхыг тэвчдэггүй.

-Таны сонсохыг ч хүсдэггүй үг юу вэ?

-Миний хамгийн дургүй үг бол “болохгүй, бүтэхгүй”. Аль болох “хичээе, болгоё, бүтээе” гэсэн үгэнд дуртай.

-Таны үг хэр хүчтэй вэ?

-Үг өөрөө их хүчтэй, амьтай гэж боддог. Миний үг хүчтэй байхаас арга байхгүй. Олон хүн надад итгээд хамтраад явж байгаа. Миний хувьд зарим үед сэтгэлзүйчээр ажиллана. Агентуудтайгаа уулзана. “Юун дээр алдаад байна, юу нь болохгүй байна” гэдгийг ярилцаад тэр болгон дээр зөвлөгөө өгдөг. Тэгэхээр миний үг үнэн бөгөөд хүчтэй байж тухайн хүнд нөлөөлнө.

-Та уурлавал яадаг вэ?

-Аль болох уурлахгүйг хичээдэг. Уурлахаар дархлаа унана, үрчлээтнэ, хөгширнө. Ямар л олиг байх вэ дээ. Аль болох уурлахгүйг бодно. Уурлавал уураа гаргахыг хичээнэ. Зарим үед стресстэхээрээ гэрээ цэвэрлэх, ганцаараа байдаг.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Мэдээж хүн болгоны айдаг юм нь үхэл хагацал. Айж явахад аминд өлзийтэй. Бизнес яахав унаж, босоод, алдаж оноод л хийдэг зүйл.

-Бизнесийн ч бай, амьдралын ч бай хэцүү үед та хаанаас хүч авдаг вэ?

-Амралт. 2019 онд миний бие гэнэт өвдсөн юм. Би 2004 оноос хойш янз бүрийн ажил хийсэн. Гэхдээ амралт авч байгаагүй юм билээ. Ажилтнууд маань амраад байдаг. Би амардаггүй. Хагас, бүтэнсайнгүй, зун, өвөлгүй ажиллана. Амарсан ч ажиллаж л байдаг. 4-5 хүний ажлыг амжуулчихдаг гээд л онгироод байдаг. Гэтэл ноднин гэнэт бие маань учир шалтгаангүй өвдлөө. Олон эмнэлэг, рашаан, сувиллаар явсан. Тийм үед хүний амьдралыг харах өнцөг шал өөр болдог юм байна билээ. Хүн чинь амьтай нь яриад ирэхээр “ямар утгагүй амьдарсан юм бэ” гэж боддог юм байна. Тиймээс сүүлийн үед өөрийгөө чөлөөлж, 18:00 цагаас хойш ажиллахгүй, хагас, бүтэнсайн өдөр үр хүүхэдтэйгээ, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийг хичээдэг болсон. Долоо хоног болгон дотныхоо найз нартай уулаар алхдаг. Үнэхээр гоё амралт болдог. Даанч цаг гарахгүй юм даа. Хөдөө явах их дуртай. Машиндаа хүүхдүүдээ суулгаад, хүнс хоолоо ачаад, нөхрийнхөө хажууд суугаад цонхоо онгойлгоод явах үнэхээр аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Утасны сүлжээ барихгүй нэг л амар амгалан болчихдог. Үнэхээр сайхан мэдрэмж шүү.

-Бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцсон танд маш их баярлалаа. Таны санаж сэдэж, бодож төлөвлөж байгаа бүх ажил чинь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж хүсэн ерөөе.

-Тэр ерөөл бат оршиг. Намайг урьж оролцуулсан танай хамт олонд ажилд амжилт хүсье.

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
path(129.205.124.245) 2020 оны 09 сарын 01

Энэ мессежийг уншиж байгаа хүн бүхэн сайн байцгаана уу, намайг Луис гэдэг\nФортис эмнэлэгт бөөрөө зарсны дараа манай баяжсан тухай дэлхийд гэрчлэхэд энэ хэрэгслийг ашиглах,\n Өмнө нь би олон жилийн турш ядуу амьдарч байгаад бөөрөө зарах мисс хайж байсан, намайг Фортис эмнэлэгт танилцуулж өгдөг найзынхаа найзтай уулзах хүртэл бид үнийг нь тохиролцоод тэд миний бөөрийг суманд худалдаж авахаар тохиролцсон. $ 520,000-ийн үнэтэй бөгөөд тэд үйл ажиллагаа эхлэхээс өмнө хагас төлбөрийг надад төлсөн гэдгээ мэдэгдэж, үйлдлээс хойш тэр даруй үлдсэн үлдэгдэл мөнгөө надад өгсөн, маш эрүүл саруул бөгөөд амьд

0  |  0
zochin(192.82.71.102) 2020 оны 05 сарын 11

Heruul bichiheer ustgahgui..uneniig helehr ustgaad bh ym..teneg zalhuu hun uund chin mobgo toldog ni..unen shude..kkk

0  |  0
zochin(192.82.71.102) 2020 оны 05 сарын 11

Heruul bichiheer ustgahgui..uneniig helehr ustgaad bh ym..teneg zalhuu hun uund chin mobgo toldog ni..unen shude..kkk

0  |  0
zochin(192.82.71.102) 2020 оны 05 сарын 11

Heruul bichiheer ustgahgui..uneniig helehr ustgaad bh ym..teneg zalhuu hun uund chin mobgo toldog ni..unen shude..kkk

0  |  0
zochin(192.82.71.102) 2020 оны 05 сарын 11

Heruul bichiheer ustgahgui..uneniig helehr ustgaad bh ym..teneg zalhuu hun uund chin mobgo toldog ni..unen shude..kkk

0  |  0
zochin(192.82.71.102) 2020 оны 05 сарын 11

Heruul bichiheer ustgahgui..uneniig helehr ustgaad bh ym..teneg zalhuu hun uund chin mobgo toldog ni..unen shude..kkk

0  |  0
zochin(192.82.71.102) 2020 оны 05 сарын 11

Heruul bichiheer ustgahgui..uneniig helehr ustgaad bh ym..teneg zalhuu hun uund chin mobgo toldog ni..unen shude..kkk

0  |  0
zochin(192.82.71.102) 2020 оны 05 сарын 11

Heruul bichiheer ustgahgui..uneniig helehr ustgaad bh ym..teneg zalhuu hun uund chin mobgo toldog ni..unen shude..kkk

0  |  0
zochin(192.82.71.102) 2020 оны 05 сарын 11

Zalhuu zavgui bas mongo ni bahdaj tdsan ..tgd bas teneg humuus l...end mongo toloh bh...

0  |  0
Зочин(202.9.46.144) 2020 оны 05 сарын 11

Аль аймгийн хөдөөжав гэдгий нь асуусангүй

0  |  0
Top