Шилдэг татвар төлөгчдөө одоо л дэмж, эсвэл дампуурна 

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Нөгөө хэдэн муу хэлэгддэг компаниуд л энэ улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагш чирч явна. Цаашид ч улсаа улстөрчидтэй нь нуруун дээрээ үүрсээр байх биз. Тэд улстөрчдийн үрэн таран хийдэг төсвийг бүрдүүлж, төрийн албан хаагчдын цалинг тавьдаг. Харин ачааны хүндийг үүрдэг бизнесийнхэнд дарамт бус дэмжлэг хэрэгтэй үе яг өнөөдөр тохиогоод байгаа. Ковид-19 цар тахал компаниудыг  жижиг, том гэж ялгалгүй үүдийг нь тогшсон өнөөгийн нөхцөлд татварын оновчтой шийдэл л бодит дэмжлэг болно.

Тэгвэл азаар, хувь тохиолоор гэдэг ч юм уу Татварын багц хуулийг хэрэгжүүлж эхэлснээр аж ахуйн нэгжүүдэд ирэх хүнд цохилтыг сааруулаад байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Татварын багц хуулийн дагуу жижиг, дунд бизнес эрхлэгчдэд онцгой хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Нийт татвар төлөгчийн 97 хувийг нэг хувийн татвартай болгож, жилдээ нэг удаа татвараа тайлагнах байдлаар хялбаршуулсан юм.

Ганцхан тоо баримт дурдахад, 2019 оны нэгдүгээр улиралд 108 мянган бизнес эрхлэгч татвараа тайлагнадаг байсан бол энэ оны нэгдүгээр улиралд ердөө 106 болж буурчээ. Энэ хэрээрээ бизнесийнхэнд учирдаг чирэгдэл буурсан гэсэн үг. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөх татвар 98.5 тэрбум төгрөгөөр буурч, өөрсдөд нь хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон үлджээ. Албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгч байхаас гадна буцаан олголт, хөнгөлөлт чөлөөлөлт мөн эдэлдэг болсон. Өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүд 92.2 тэрбум төгрөгийн буцаан олголт, 3.3 тэрбумын хөнгөлөлт эдэлжээ. Мөн 648 тэрбум төгрөгийн орлого татвараас чөлөөлөгдсөн байна. Иргэдийн хувьд 145.8 тэрбум төгрөгийн буцаан олголт, 7.2 тэрбумын хөнгөлөлт, 279 тэрбумын орлого татвараас чөлөөлөгдсөн байдаг аж. Ийнхүү бизнес эрхлэгчдэд дэмжлэг болсон бол тэр хэмжээгээрээ төсвийн орлого өссөн нь бас нэг амжилт. Өнгөрсөн 2019 онд төсвийн орлого 10.8 их наяд төгрөгт хүрч, 2016 оныхоос хоёр дахин өссөн. Энэ нь дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг, тэр дундаа татвар төлөгчдийн бизнесийн орлого өссөний илэрхийлэл юм. Улмаар татварын алба 2019 онд улсад 5.8 их наяд төгрөг буюу нийт төсвийн орлогын 54 хувийг бүрдүүлжээ. Татварын орлогын хэмжээ ийн өссөнөөр нийгмийн хөгжилд дутагдаж буй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх санхүүжилтийг шийдэж өгсөн.

Татвар дарамт биш дэмжлэг болох хөшүүргийн үүргээ гүйцэтгэнэ

Хамгийн сонирхолтой нь, шилдэг арван татвар төлөгч нийт татварын орлогын 45.3 хувь болох 2.6 их наяд төгрөгийн орлогыг ерөнхийдөө бүрдүүлжээ. Энэ компаниуд л татварын баазын дөрвөн нэгийг бүрдүүлдэг гэсэн үг. Татварын ерөнхий газраас 21 дэх жилдээ зохион байгуулж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд дээрх шилдэг гучин татвар төлөгчийг гурван ангиллаар шалгаруулан танилцуулсан. Ингэхэд, төсөвт хамгийн их татвар төлсөн арван компанийн долоо нь уул уурхайн салбарынх бол үлдсэн гурав нь арилжааны банк, архи үйлдвэрлэгчдээс бүрдэж байгаа юм. Мөн хамгийн олон ажлын байрыг бий болгосон арван компани нийтдээ 41,597 ажилтантай.  Хамгийн их Аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлсөн арван компани нийт мөнгөний 51.8 хувийг дангаараа бүрдүүлсэн зэрэг тасархай амжилттай явж байна. Монгол Улсын хэмжээнд 205 мянган аж ахуйн нэгж байгууллага, 1.8 иргэн татвар төлж байгаа гэж үзвэл, үүнд шилдэг гучин компанийн эзлэх байр суурь хэтэрхий өндөр байгаа биз. Тэгэхээр төрийн Ковид-19 цар тахлын эсрэг явуулж бодлого байгаа онож байгаа эсэхийг тэднээс л асуух ёстой. Улсын төсөвт төвлөрүүлж мөнгөн дүнгээс нь харахад ч ярих эрхтэй нь тэд болж таарч байна.

Татварын байгууллагын танилцуулснаар төрөөс Ковид-19 цар тахлын үед үзүүлж буй хөнгөлөлт, чөлөөлөлт бага, дунд компаниудыг түлхүү онилоод байх шиг. Засгийн газраас  Ковид-19 цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээ авч буй. Энэ хүрээнд 1.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой 104.4 мянган аж ахуйн нэгж татвараас чөлөөлөгдөж, 25 тэрбум төгрөг бизнес эрхлэгчдэд үлдэж байна.  700 мянган иргэн орлогын албан татвараас чөлөөлөгдөж, 192 тэрбум төгрөгийг нэмэлт орлоготой болжээ. Мөн 1250 аж ахуйн нэгж түрээсийн төлбөрөө бууруулснаар 20 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлнэ, 800 мянган татварын төлөгчид алданги торгууль ногдуулахгүй болж, 15 тэрбум төгрөг иргэдийн гар дээр үлдэж байгаа гэнэ. Эдгээрийн нэгээс бусад нь том татвар төлөгчдийг тойрон гарах бодлогын арга хэмжээнүүд байна.  

Тэгвэл манайх төдийгүй дэлхийн хүчирхэг эдийн засгуудыг хөлдөө чирээд буй Ковид-19 цар тахлын дараах Монголын татварын бааз шилдэг гучин татвар төлөгчгүй ямар байдалтай байхыг хар ухаанаар тоймлоод үзье. Улсын төсөвт орсон 5.8 их наяд төгрөгийн дийлэнх хэсэг үгүй болж, Засгийн газрын нийгмийн халамж, үйлчилгээний бодлого алдагдана. Нөгөө талаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 51.8 хувийн орлогыг бүрдүүлдэг шилдэг татвар төлөгчид хүссэн, эс хүссэн ч улсад өгдгөө өгч дийлэхээ байна. Төр  ч  хүссэн хүсээгүй зардлаа танах үүднээс цомхотгол хийх бөгөөд шилдэг арван ажлын байр бий болгогчдоос цалинжиж байсан 40 гаруй мянган хүн ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөнө. Үр дүнд нь 2016 оноос хойш хоёр дахин өссөн Монгол Улсын төсвийн орлого арван жилийн өмнөх рүүгээ ухарч  мэднэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top