Монгол Улс дахин Европын холбооны “Хар жагсаалт”-д орох уу?

2020 оны 05 сарын 06

Европын холбоо мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудын “Хар жагсаалт”-д Монгол, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мьянмар, Никарагуа, Зимбабве улсуудыг оруулснаа энэ долоо хоногийн пүрэв гарагт зарлана гэсэн мэдээллийг Reuters нийтэллээ. 

Эдгээр улс орнууд Европын холбооны санхүүгийн системийн аюулгүй байдалд нөлөөлөх учраас "Хар жагсаалт"-д багтаах шийдвэрийг комисс гаргасан гэжээ. 

Уг нь Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага буюу ФАТФ манай улсад хийх үнэлгээгээ үргэлжлүүлэхээр болсон гэх таатай мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгсөн.

Монгол Улсын Засгийн газар “Саарал жагсаалт”-аас гарахад цөөн ажил үлдсэн тул хоёр дахь үйл явцын үнэлгээг хойшлуулалгүй, цагт нь хийх хүсэлтийг ФАТФ-т тавьж, зөвшөөрсөн хариу аваад байгаа юм.

Хэрэв Европын холбоо Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд өндөр эрсдэлтэй орон гэж албан ёсоор “Хар жагсаалт”-д оруулснаа зарлавал ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарах явцад нөлөөлөх үү гэдэг асуудал дагаж анхаарал татаж байна.

Сануулахад, Монгол Улс 2017 оны эцэст Европын холбооны “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улс орнуудын хар жагсаалт”-д багтаж, 2018 оны нэгдүгээр сард гарч байсан юм.

“Хар жагсаалт”-аас гарахдаа 2020 оноос өмнө дотоодын хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох, холбогдох конвенцуудад нэгдэн орох үүрэг амлалтыг хүлээж байв. Түүнчлэн уг жагсаалтаас гарсантай холбогдуулан татвараас зайлсхийх, татварын суурь багасгаж, ашиг хүртэх явдалтай тэмцэх зорилгоор олон улсад хэрэгждэг нийтлэг дүрмийг хэрэгжүүлэхээр болсон гэж хууль тогтоогчид тайлбарладаг.

Тэгвэл энэ удаад Европын холбоо санхүүгийн системдээ аюул учруулах өндөр эрсдэлтэй улс орнуудын нэгээр Монгол Улсыг нэрлэх үү гэдэг нь анхаарал татаж байна.

Уг нь Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ цаг тухай бүрт тайлагнаж байгаа. Коронавирусний эрсдэлтэй энэ үед ч цаг алдахгүй тайлангаа тавина гэдэг хүсэлтээ тавьж, ФАТФ-аар зөвшөөрүүлснийг эхэнд дурдсан.

Монгол Улсын холбогдох байгууллагын төлөөллүүд Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлгийн хуралдаанд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр эхний тайлангаа хамгаалсан.

Улсын дээд шүүх, Хууль сахиулах байгууллагууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоод зэрэг нийт 18 байгууллагын 31 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод Хамтарсан бүлгийн хуралд оролцож, эхний тайлангаа хамгаалсан. Хамтарсан бүлэг Монгол Улсыг богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, зургаан чиглэлээр өгсөн арга хэмжээний гурвыг нь хэрэгжүүлсэн гэж үзсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм.

ФАТФ-ын процессын дагуу үнэлгээний баг манай улсад ирж, газар дээрх хяналт шалгалтыг хийх дараагийн үе шатны ажил удахгүй явагдана гэсэн хүлээлт байгаа. Үүний дараа үнэлгээний багаас Монгол Улс ФАТФ-тай тохирсон зургаан  ажлыг хэрэгжүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан гэж үзсэн тохиолдолд ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцүүлэх, “Саарал жагсаалт”-аас гарах  нөхцөл бүрдэх юм.

Европын холбооны энэхүү "Хар жагсаалт" Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ажиллах ёстой гэсэн агуулгатай байх бололтой байна. Тиймээс ФАТФ-аас Монгол Улсад өгсөн даалгаварыг зориуд эргэн сануулъя. 


ЗУРГААН даалгавар 

Нэг: Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах;

Хоёр: СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах;

Гурав: мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах;

Дөрөв: хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах;

Тав: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах;

Зургаа: Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах зэрэг ажлууд байна. 

2020 оны нэгдүгээр сард Монгол Улс Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлгийн хуралдаанд эхний тайлангаа хамгаалахад дээрх зургаан даалгаварын ГУРВЫГ нь хэрэгжүүлсэн байна гэж дүгнэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.112.182) 2020 оны 05 сарын 06

манай төрийн дээдсүүд худал ярихаас цаашгүй.

0  |  0
Зочин(192.82.77.171) 2020 оны 05 сарын 06

Сайханбилэг новш гадаадад монголыг муутгах гээд янз бүрийн буруу сөрөг мэдээлэл тараагаад яваа юм биш үү. Бэтэг Элбэгдорж ч гэсэн монголыг хорлох л юм сэднэ үү гэхээс олигтой юм ер хийхгүй.

1  |  0
Top