Гэрээсээ малаа маллаж, цаг уураа урьдчилан мэддэг БУУРАЛ СУДЛААЧ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Булган аймагт GPS-ээр адуугаа хянаж, унадаг дугуйгаар хонио хариулдаг өндөр настан Ж.Чулуун гуайнд зочиллоо.

Монгол хүн бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлээд явж байхад бие эрүүл, ухаан саруул байдаг гэдгийг өөрийн биеэрээ мэдэрлээ хэмээн ярьж суух малчин Ж.Чулуун гуайнд зочиллоо. 53 жил тасралтгүй мэргэжлийн ажлаа хийж байгаа Ж.Чулуун гуай өдгөө 80 нас хүрч байна. Тэрбээр 1967 онд МУИС-ийг Цаг уурын инженер мэргэжлээр төгсөж, 1968 оноос хойш Булган аймгийн Цаг уурын газрын даргаар 35 жил ажиллажээ.

Түүний эхнэр Д.Сүрэн гуай 30 жил тасралтгүй аймагтаа тоо, физикийн хичээл зааж, тэтгэвэрт гарсан хойноо ч гэр номын сан ажиллуулжээ. Үүнийхээ хажуугаар үйл урлаж, мал маллан, бусдын хүүхдэд монгол ахуй, ёс заншлаа сургаж, үлгэрлэж яваа нэгэн. Биднийг очсон тавдугаар сарын 2-ны өглөө биднийг очиход Булган нутагт шөнөдөө бага зэргийн бороо орж хур тунадас хүлээсэн хүмүүсийн сэтгэлийг сэргээсэн юм. Чийг үнэртэж, хөдөө тал өнгө үзэмж нэмсэн харагдана. Бид товлосон цагтаа Ж.Чулуун гуайн хаваржааны гадаа буув. Д.Сүрэн гуай 80 нас хүрсэн гэхэд хөл хөнгөн, дугуй жийсээр бидэнтэй зэрэгцэн гэртээ ирлээ. Тэрбээр ойр зуурдаа дугуй унаж, малдаа хүртэл дугуйгаар явдаг гэнэ. “Нэг үнээ тугалах гээд хэдэн өдөр дагаж байна” гэсээр биднийг гэртээ урилаа.

АДУУНД БАЙРШИЛ ТОГТООГЧ СУУЛГАХ НЬ МАЛЫН ХУЛГАЙГ БУУРУУЛАХ НЭГ АРГА

Ж.Чулуун гуайнх жилийн дөрвөн улиралд эндээ амьдардаг юм байна. Учир нь тэдний гадна Япон, Монголын Засгийн газрын хамтын ажиллагааны үндсэн дээр байгуулсан Эрдэм шинжилгээний судалгааны багийн төхөөрөмж суурилуулсан байгаа аж. Цаг агаарын өнөөгийн болон ирээдүйн үзэгдлийн талаар тандан мэддэг төхөөрөмжөө харах, судалгаагаа хийх, мэдээлэл өгөх ажлыг Ч.Чулуун гуай өдгөө ч хийсээр байгаа нь энэ. Монгол, Японы эрдэмтэн судлаач нар 20 жил хангайн бүсэд Монгол орны бэлчээрийг судлах, хаана мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой эсэх, хангайн бүсийн өвс ургамлыг судлах гээд эрдэм шинжилгээний томоохон ажлыг хийдэг гэж байлаа. Жил бүр япончууд ирж судалгааны ажлаа хийгээд буцдаг ч өнөө жил дэлхий нийтээрээ хөл хорио тогтоосон учир ирэх хугацаа нь хойшилжээ. Үүний үр дүнд 2002 оны Монгол оронд болсон их зуднаар Японы Засгийн газар тусламж, дэмжлэг үзүүлж байсан гэдгийг Ж.Чулуун гуай онцолж байлаа. Мөн Япончуудтай хамтран хонь, ямаа, үхэр, адуун дээр судалгаа хийсэн байна. Одоо ч гэсэн Булган аймгийн Могод суманд адуу болон айрган дээр судалгаа хийж байгаа аж. Адуунд байршил тогтоогч буюу GPS суулгаж, үхрийн амьдын жин болон сүүний гарц, хэвтэрийн темпаратур зэргийг нарийн тооцон судалжээ.

Ж.Чулуун гуайн хэлснээр адуунд байршил тогтоогч суулгах нь их үр дүнтэй байж. Адуугаа аль зүгт явсныг утаснаасаа хараад мэдчихнэ. Хаашаа явсан бол гэж хаа сайгүй хайхгүй, цаг хугацаа хэмнэж байгаагаа сэтгэл тэнэгэр хэлж байна лээ. “Сүүлийн жилүүдэд малын хулгай их гарч байгаа учраас малчид бод малдаа байршил тогтоогч суурилуулбал алдсан малаа хурдан олох, цаашлаад малын хулгайг бууруулж чадах байх гэж хараад байна. Төр засгаас энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Одоо ажиллаж байгаа Мал хамгаалах нийгэмлэгийнхэн ч энэ асуудлыг судалж нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллах нь зөв байх” гэж өвгөн малчин хэлж байна. Мөн малчид цаг агаарын үзэгдлээ урьдчилан мэддэг ийм төхөөрөмжтэй болвол (өөрийн судалгааны төхөөрөмжөө үзүүлэв) малаа хааш нь гаргах, хэзээ оруулах гэдгээ урьдчилан мэдэж, мал маллахад амар байх болно гэдгийг онцолсон юм.

ЗАЛУУ МАЛЧИД ЦӨӨРЧ БАЙНА

Харин Д.Сүрэн гуай залуу малчдын тоо цөөрөөд байгаа талаар ярилаа. Тэрбээр 2015 онд Улаанбаатар хотод Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд “Монгол айлын эзэгтэйн хийж гүйцэтгэдэг ажил”-ын талаар илтгэл тавьсан байна. Тухайн үед буюу 2010-2015 онд гэр бүл салалт их байсан бөгөөд залуу малчид хүүхдээ сургуульд оруулах гээд эхнэр нь сумын төв дээр, нөхөр нь хөдөө малаа малладаг байж. Энэ нь гэр бүл салалтад хамгийн ихээр нөлөөлдөг гэж байна. Одоо ч ийм тохиолдол гарсаар байгааг хэн хүнгүй мэднэ. Тиймээс төр засгаас энэ тал дээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолж байсан юм.

Д.Сүрэн гуай өөрийн сонирхлоороо зундаа сонин захиалж, саахалтын хүмүүстээ өгөх, хүүхдэд гэрээр нь ном өгч уншуулах, хөдөөний амьдралын талаар зааж сургах гээд мэргэжлийн ажлаа өдгөө ч хийсээр байна. Хүүхдүүддээ таван хошуу мал үзүүлэх, монгол ахуй ёс заншилтай нь танилцуулах гэж хот суурин газраас зориж ирэх хүн олон байдаг аж. Тиймээс “Ирсэн зочид сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ үлдээдэг” гээд гурван зузаан дэвтэр бидэнд үзүүлэв. Тус дэвтэрт УИХ-ын гишүүд, сайд дарга нараас эхлээд Япон, Солонгос, Америк гээд олон орны эрдэмтэн, судлаач, аялагчид, энгийн иргэд сэтгэгдлээ бичиж үлдээжээ.

Өнөө жил хур бороо багатай хуурайшилт ихтэй байгаа учраас малчид, иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж болгоомжтой байхыг Ж.Чулуун гуай анхааруулсан юм. “Хангайн бүсэд өнөө жил газрын гарц уг нь сайн байна. Хур тундас хэрэгтэй байна. Харин говь, талын бүсэд газрын гарц тааруухан байна” гэдгийг хэллээ. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөн учраас бэлчээрийн хомсдолд ороод байна гэлээ. Тиймээс УИХ-аас Бэлчээрийн тухай хуулийг баталж гаргах шаардлагатай байгааг онцолж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top