Монгол эмэгтэйг хүчирхийлсэн МАЛАЙЗЫН ЦАГДААГ найман зүйлээр буруутгажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Малайз улсад амьдардаг хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг дөрөвдүгээр сарын 10-нд гарч, Малайзын цагдаа нар хүчирхийлэл үйлдсэн цагдааг баривчилсан талаар өмнө мэдээлж байсан.

Монголын хоёр эмэгтэйг замын шалган нэвтрүүлэх цэг дээр хүчин төгөлдөр баримт бичиггүй гэсэн шалтгаанаар шалган нэвтрүүлэх постын байцаагч саатуулсан бөгөөд тэднийг зочид буудалд аваачиж, хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байдаг. Хэрэг үйлдсэн цагдааг тус улсын шүүхээс найман зүйл ангиар буруутгаж байна.

Тодруулбал, түүнийг хүн худалдсан, хүчирхийлэл үйлдсэн, бэлгийн мөлжлөг явуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр найман зүйл заалтаар буруутган шүүж байгаа аж. Тус улсын хуулийн дагуу хэргийн зүйл анги бүрийг тус тусад нь нотлох баримтаар тогтоож шүүдэг учир хурал ирэх сар хүртэл үргэлжилнэ хэмээн Малайзын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Эхний шүүх хурал дөрөвдүгээр сарын 29-ний өдөр болсон бөгөөд түүнийг шүүхээс хэрэг мөрдөн байцаалтад идэвхтэй оролцсон гэдэг үндэслэлээр 27 мянган ренгетийн барьцаатайгаар батлан даалтад гаргажээ. Малайзын иргэдийн зүгээс хүчирхийллийн хэрэгт холбогдсон цагдааг хуулийнхан хамгаалж байж болзошгүй гэх хардлагатай байгаа талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Харин Дүүргийн Эрүүгийн цагдаагийн газрын дарга "Бид хууль бус үйлдэл гаргасан цагдаагийн алба хаагчийг өмөөрөөгүй" гэж байр сууриа илэрхийлсэн байна. Хэрэв түүнийг буруутай гэж үзвэл тус улсын Эрүүгийн хуулийн 354 дүгээр заалтаар ташуурдах эсвэл 10 хүртэлх жилээр хорих ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.143) 2020 оны 05 сарын 06

Малайзад бие үнэлж байсан биз. Одоо үеийн монгол эмсүүд энгэр хормой султай биз дээ.

0  |  0
Top