ДОРНОГОВЬ: Бүтээн байгуулалт өрнөсөн нутгаар

2020 оны 05 сарын 05

Хутагтын өлгий нутаг Дорноговь аймаг бол эртнээсээ зам харилцаа хөгжсөн, дэд бүтэц өргөжин тэлэх хамгийн боломжтой аймгуудийн нэг. Гэвч сүүлийн арав гаруй жил бүтээн байгуулалтын чиглэлд олон ажил төлөвлөгдсөн ч тодорхой  асуудлаас үүдэн чимээ тасарсан. Тухайлбал, Сайншандын Хүнд аж үйлдвэрийн парк байгуулна хэмээн улстөрчид нэг хэсэг индэр дээрээс хашхирсан ч энэ бүтэлгүйтсэн. Мөнхүү Нефть нэрэх үйлдвэрийн шав тавьж, үнэгүй шахам шатахуун түлш хэрэглэх тухай ярьсан ч сураг тасарсан. 

Харин сүүлийн жилүүдэд, тэр тусмаа 2016 оноос хойш Дорноговь аймгийн хэмжээнд чамгүй олон бүтээн байгуулалт өрнөж эхэлжээ. Өнгөрөгч 2018 онд Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох Газрын тос нэрэх үйлдвэрийн шав тавилаа. Сүүлийн 20 гаруй жил хаа сайгүй шав тавьсан ч Газрын тос боловсруулах үйлдвэр баригдсан нь үгүй. Тэгвэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Нефть боловсруулах үйлдвэрийн шав тавьж, дэд бүтцийн асуудлыг шийдлээ. Тодотговол, Сайншандаас Газрын тосны үйлдвэр хүртэлх 27 километр төмөр зам, өртөөний барилга байгууламжийг монголчууд өөрсдийн хүчээр барьж дуусгалаа. Айсуй 2023 онд ашиглалтанд өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажил тун урамтай явж байгааг мэргэжлийнхэн дуулгаж байна. Монгол Улсын түүхэндээ барьж байгуулж буй томоохон бүтээн байгуулалтаас гадна Дорноговь аймгийн дэд бүтэц, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүйл гэдгийг надаар хэлүүлэх юун. Энэ бол Дорноговь аймгийн маргааш, гэрэлт ирээдүйн нэгээхэн хэсэг.

Орон нутгийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйд ихээхэн дэмжлэг болох үйлдвэр баригдаж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр ч цөөнгүй бий. Тухайлбал, Өргөн сумын нутагт “Мон полимет” компанийн, Даланжаргалан сумын нутагт “МАК”-ийн шохойны үйлдвэр түшиглэсэн цементны үйлдвэрүүд бий. Засгийн газар шийдвэр гаргаж, хайгуулын төлбөрийн 50, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн таван хувийг орон нутагт үлдээдэг болсон нь аймгийн төсөвт ихээхэн нэмэр болдог аж.

Ерөөсөө аймгийн хэмжээнд байгаа хоёр цементны үйлдвэр, 13 нүүрс угаах үйлдвэр орон нутагт үйл ажиллагаа явуулсныхаа татвар төлбөрийг аймагт өгч байгаа гэхээр тэр хэрээр хөрөнгө тэлж байгаа хэрэг. Аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл явуулж байгаа эдгээр компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн иргэдийг ажиллуулж байгаа зэрэг нь иргэдийн амьдрал ахуйд ихээхэн тустай зүйл. Энэ нь аймгийн удирдлагууд үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ ойлголцон ажиллаж байгааг харуулсан хэрэг.

Дэлхийн энергийн төв, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрханыг зоригсод жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Гадна дотны жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаа нь орон нутагт бүхий л өртөг шингэн үлдэж байгаа хэрэг. Тиймээс аймгийн удирдлагууд жуулчдын ая тухыг хангах, тэднийг татах зорилгоор зам харгуйгаа сайжруулж, Хамарын хийд болон хан Баянзүрх хайрхан руу хатуу хучилттай зам барьчихлаа. “Зам дагаж хөгжил” гэдэг дээ, жуулчдын тоо өсч таарна. Хамарын хийд орчимд олборлолт явуулахаар бууриа засаад байсан компанийг нутгаасаа гаргаж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авлаа. Энэ мэтээр Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс болох Хамарын хийд, Энергийн төвд орон нутгаас ихээхэн анхаарал хандуулж байна.

Дорноговь аймаг өөрөө байгалийн баялаг ихтэй нутаг учраас 2016 онд уул уурхайн 561 лицензтэй байсан нь байгаль экологийн тэнцвэр алдагдахад хүргэсэн юм. Тиймээс аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, сумдын Засаг дарга, ИТХ-тай нийлж 195 лицензийг цуцалжээ. Ингэснээр тусгай зөвшөөрлийн тоог 200 орчмоор бууруулж чадсан анхны аймаг болсон. Гэхдээ тэд зөв зохистой ажиллаж байгаа уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж чаддаг. Хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймагт ажиллаж байгаа А лицензтэй 20-иод компани нийлээд “Их Дорноговь хөгжил сан”-г байгуулсан аж. Аймаг, сумын Засаг дарга нар төслөө нэгтгээд, тус санд хүргүүлэхээр компаниуд сангийнхаа ТУЗ-ийг хуралдуулаад, дэмжих боломжтой төслөө дэмжээд, бүтээн байгуулалт хийдэг ийм жишиг тогтжээ. Сангийн ТУЗ-д аймаг, сумын Засаг дарга болоод төрийн байгууллагаас ганц ч хүн байхгүй нь онцлогтой. Энэхүү сан байгуулагдаад гурван жил болж байгаа ч олон ажил амжуулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, зарим суманд спорт заал, 75 хүүхдийн цэцэрлэг, наадмын талбай, хогийн цэгийг шинээр байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэсэн бол зарим сумдын эмнэлэг, сургууль зэрэг олон байгууллагад тоног төхөөрөмж бэлэглэсэн. Энэ бол аймгийн удирдлагууд зөв зүйтэй чиглүүлж, зөв зохистой уул уурхай эрхлэгчидтэй хамтран ажиллаж чадаж байгаагийн нэгээхэн жишээ юм. Дорноговь аймгийнхан хариуцлагатай уул уурхай хэрэгжүүлж байгаа гээд зөв зохистой үйл ажиллагаа явуулж байгаа, нийгэм эдийн засагт үр өгөөжтэй ажил явуулж байгаа компаниудыг хөөж туугаад байдаггүй. Харин аль болох ашигтай талд нь эргүүлж, нөхөн сэргээлт хийх зэргээр хамтран ажилладаг аж. Тийм дээ ч хариуцлагатай уул уурхай явуулж байгаа, сум орон нутагт дэмжлэг үзүүлдэг, иргэдийг ажлын байраар хангадаг компаниудыг дэмждэг, тэдэнтэй нийгмийн олон салбарт хамтран ажилладаг жишээ олон бий. Нийгэмд эерэг нөлөө үзүүлж байгаа бүхий л ажиллагаа нь аймгийн удирдлагуудын идэвх санаачилгаас гадна тойргоос сонгогдсон гишүүдийн зүтгэл ч бас багагүй байдаг бололтой.

Сүүлийн жилүүдэд Дорноговь аймгийн орлого байнга хориос дээш хувиар нэмэгдэж ирсэн нь үйл ажиллагаа ямар хэмжээнд явааг илтгэж байна. Хамгийн наад зах нь Дорноговь аймагт ажиллахаар ирсэн аж ахуйн нэгжүүдийг аймагтаа бүртгүүлэх шаардлага тавьдаг. Үүгээр ч зогсохгүй тээврийн хэрэгслийг ч аймгийн сери бүхий дугаар авахыг шаарддаг юм. Одоо нийт 50 гаруй аж ахуйн нэгж аймгийн нэр дээр, тэдний ашиглаж байгаа автомашин бусад тээврийн хэрэгсэл Дорноговь аймгийн дугаар ашигладаг. Тиймээс авто тээврийн хэрэгслийн албан татвар орон нутагт шингэж үлддэг байна. Энэхүү татвараас ахиухан мөнгө орж ирвэл замаа засч, тэмдэг тэмдэглэгээ хийхээс эхлээд олон ажил амжуулдаг аж. Аливаа улс орон төдийгүй аймаг сум, айл өрхөд ч гадаад харилцаа хамгийн чухал. Тиймээс аймгийн удирдлагууд гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгоор Япон, Герман, Франц улстай хамтран ажиллаж, энэ талаас ирэх хөрөнгө оруулалт нэмэгдүүлжээ. Мөн Европын холбооны улсуудын хөрөнгө оруулалт ч бас нэмэгдэж байгааг Засаг дарга Т.Энхтүвшин нэгэнтээ дуулгаж байсан. Энэ бүх ажил нь Дорноговь аймагт өнөөдөр өрнөж буй том үйл хэрэг бөгөөд маргааш гэрэлтэн үргэлжлэх томоохон бүтээн байгуулалт юм. Аливаа зүйлд суурь чухал учраас тэд ямартай ч өсөн дэвжих сууриа бат бөх тавьсан нь бүхий л зүйлээс харагдана.

Тиймдээ ч “Монгол Улсын Шилдэг Аймаг”-аар шалгарсан биз ээ. Энэ тухай тодотгох нь зүйн хэрэг байх. Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэн аймгуудыг Засгийн газраас жил бүр шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэ хүрээнд  Дорноговь аймаг өрсөлдөх чадвараа ахиулан, эдийн засгаа 9.1 хувьд хүргэн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 320 тэрбум төгрөгт хүргэж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, 2600 гаруй иргэн ажлын байртай болж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц томоохон төслүүдийг амжилттай эхлүүлсэн төдийгүй хүн ам нь 70 мянга давсан гэх олон олон эерэг амжилтаар “Монгол Улсын Шилдэг аймаг” болсон. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн салбар, иргэдийн ахуй амьдралд ийм гал өрдөж чадсан аймгийн маргааш нь гэрэл гэгээтэй байж таарна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гармаа(202.21.124.132) 2020 оны 05 сарын 05

Хүний хөгжил

0  |  0
ХҮНИЙ ХӨГЖИЛ(202.21.124.132) 2020 оны 05 сарын 05

СОЁЛТОЙ.АЖИЛСАГ.ХӨГЖИЛТЭЙ ЗӨВ.ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ.ЭРҮҮЛ ИРГЭД..БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ ГОВИЙН.ХӨГЖИЛ..ӨНЛӨР БАЙШИН..ИХ УУРХАЙ..УУРТАЙ ДАРГА НАР БИШ...ХӨГЖСӨН.ИРГЭДЭЭ СОНСДОГ.ЭГЭЛ ДАРУУ.ТҮВШИН.ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ..БИЗНЕСИЙГ ДЭМЖДЭГ..МАЯГ.ЯМБАГҮЙ..ИТЙ ДАРГА НАР БАЙЖ.САЙНШАНД ХӨГЖИНӨ!!!!!!!!

0  |  0
ХҮНИЙ ХӨГЖИЛ..(202.21.124.132) 2020 оны 05 сарын 05

АЙМГИЙН ДАРГА..ЯМАР ХҮН БАЙХ ВЭ...БАРИЛГА...УУРХАЙ..ХӨГЖИЛ БИШ...ИРГЭД.БИЗНКС..ЭГЭЛ. АРДИЙН..ХӨГЖИЛ..СОЁЛ..МЭДЛЭГ..БОЛ. ХӨГЖИЛ....АЙМГИЙН ДАРГА..МЭДЛЭГ. БОЛОВСРОЛ ӨНДӨР..ТӨВШИН.ДАРУУ..ИРГЭДЭЭ СОНСДОГ..БИЗНЕСИЙГ ДЭМЖДЭГ. ЭГЭЛ .ЭНГИЙН..СОЁЛТОЙ..ИМИДЖТЭЙ ..НАМААС ХОЛ.....ХҮН. БАЙХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Top