Б.Алтанцэцэг: Засгийн газар ХЭМНЭЛТТЭЙ байх ёстой, ХҮНД ЦАГ ҮЕ ирж байна

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Дэлхий даяар коронавирусний халдвар эрчимтэй тархаж, цар тахлын хэмжээнд хүрч энэ нь эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ. Эдийн засаг, санхүүгийн томоохон байгууллагууд дэлхий дахин дараагийн эдийн засгийн хямралтай нүүр тулах бодит нөхцөл бүрдсэн гэж дүгнээд байна. Коронавирусний үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Дэд профессор, доктор (Ph.D) Б.Алтанцэцэгтэй ярилцлаа


-Дэлхий даяар коронавирус цар тахлын хэмжээнд хүрч халдварын тохиолдол буурахгүй байна. Олон улсын валютын сан үүнийг сүүлийн 100 жилийн турш тохиож байгаагүй их хямрал руу түлхэнэ гэж мэдэгдлээ. Коронавирус эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаагаас яриагаа эхэлье?

-Дэлхийн эдийн засгууд хоёр төрлийн хямралд өртөж байгаа гэж харж байгаа. Эхнийх нь нийтийн эрүүл мэндийн хямрал, дараагийнх нь түүнээс үүдсэн эдийн засгийн хямрал. Аль ч улсын эдийн засаг дээрх давхар хямралд өртөж байна. Энэ удаагийн хямралын онцлох зүйл нь тухайн улсын эдийн засгийн түвшин ямар байгаагаас үл хамаараад бүх улсыг хамарч буй явдал. Нөгөө талаас нь харвал манай үеийнхэнд тохиолдож байгаагүй шинэ хямрал.

Одоогоос 100 жилийн өмнө л ийм хямрал тохиож байлаа. Нийтийн эрүүл мэндийн хямралаас хамгаалах, хүн ардаа эрүүл, аюулгүй байлгах үүднээс хөл хорио тавих, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, бизнесүүдийг хаахад чиглэсэн арга хэмжээнээс шалтгаалж эдийн засгийн хямрал нүүрэлж байгаа юм. Улс бүр л ийм арга хэмжээ авч байгаа. Үүнийгээ дагаад өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн нөхцөл байдал хүнд, ажилгүйдэл нэмэгдэж байна. Одоо бүгдийн өмнө оньсого болоод байгаа асуудал нь чухам ямар арга хэмжээ авах юм бэ гэх шийдэл. Хөл хорио бол мэдээж мөнхийн шийдэл биш шүү дээ. Энэ бол түр зуурын л арга юм. Хөл хориод түр амсхийгээд дараагийн орчноо тодорхойлох, бэлтгэлээ хангах бодлого. Гэхдээ аль ч улсын Засгийн газар шүүмжлэлд өртөөд байна. Тэр нь юу вэ гэхээд хөл хорионы хугацаанд бэлтгэл ажлаа хангаж чадсан уу, эдийн засгаа нээхэд бэлэн үү гэдэг асуудал шүүмжлэл дагуулаад байгаа юм.

-Манай улсын эдийн засагт коронавирус хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Монгол Улсын хувьд бусад улсаас ялгаагүй. Манай эдийн засагт маш том цохилт болж байна. Засгийн газраас өөрсдийнхөө судалгаа, бодлогоор хор хөнөөлийг нь багасгах арга хэмжээ авч байгаа. Ямар ч шийдвэр гарсан эдийн засагт хүнд тусах нөхцөл байдалтай байна. Манайхаас дөнгөж саяхан 2020 оны нэгдүгээр улирлын Хэрэглэгчдийн итгэлийн индексийг үнэлэх судалгаа явуулсан. Энэ судалгааг 2009 оноос жил бүр хийж байгаад 2014 оноос эхлээд улирал тутам хийдэг болсон юм. Судалгаанаас энэ оны эхний улиралд хэрэглэгчдийн итгэлийн индекс 18 пунктээр унасан үзүүлэлт гарсан. Хэрэглэгчдийн итгэл унаад байгаагийн цаад шалтгаан нь ойрын ирээдүйд байдал тааруухан болно гэсэн сөрөг хүлээлт юм. Ялангуяа бизнесийн орчин, ажлын олдоц буурна гэсэн сөрөг хүлээлт иргэдийн дунд их байна.

-Дэлхийн банкнаас хөгжиж буй орнуудад коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн хямрал хүчтэй нөлөөлнө гэсэн байгаа. Гэтэл Монгол Улс аж үйлдвэр сул хөгжсөн, зөвхөн нэг л салбараас хараат улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Аль талаас нь харахаас л шалтгаална. Хөгжиж буй улсуудын хувьд вирус тархаад эхэлбэл маш хүнд нөхцөлд орно гэж таамаглаж байх шиг байна. Ялангуяа эрүүл мэндийн салбар нь хямралд өртөнө. Гэтэл өндөр хөгжилтэй улсуудын эрүүл мэндийн салбарт яг энэ хямрал нөлөөлсөн шүү дээ. Хөгжиж буй улсуудын эрүүл мэндийн салбар өндөр хөгжилтэй орнуудынх шиг олон хүнд хүрэх, ачаалал даах чадвартай юу гэвэл эргэлзээтэй. Эдийн засгийн түвшинд ч мөн ялгаагүй. Ядуурал, ажилгүйдэл ихтэй орнуудад эдийн засаг зогсчихвол эдийн засагт хүчтэй нөлөөлнө. Манай улсад ч мөн адил хөл хорио тогтоосноос болоод олон хүний орлого хумигдаж, зарим талаар зогсож байгаа. Тэр хүмүүсийн хувьд эцэстээ хүнд шийдвэр гаргах шаардлага гарч ирэх болчхоод байна. Ний нуугүй хэлэхэд эрүүл саруул байх уу, өлсөж цангах уу дээрээ л тулах нөхцөл байдалтай нүүр туллаа. Эдийн засгийн орчинд нөлөөлж байгаа нь мэдрэгдээд эхэллээ. Ойрын ирээдүйд байдал тааруу болно гэсэн сөрөг хүлээлт байна гэдэг нь эдийн засгийн хэвийн нөхцөлийг саармагжуулж байгаа хэрэг. Олон улсын байгууллагуудаас хийж байгаа эдийн засгийн таамаг, прогнозиудад ч энэ нь тусгалаа олсон. Зөвхөн манай улс гэлтгүй дэлхий нийтийн эдийн засгийг өснө гэж таамаглаж байсан бол зарим улсын эдийн засгийг бүр 0 хувьтай заагаад заримынх нь өсөлтийг үлэмж хэмжээгээр буурууллаа. Энэ судалгаанууд эдийн засаг аажимдаа хямарна гэдэг сөрөг хүлээлтийг бий болгож байгаа хэрэг.

-Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зөв үү?

-Зарим судлаачдын таамаглаж байгаагаар коронавирусний дараагийн давлагаа намар эхэлнэ. Энэ үед байдал хүндэрнэ гэж таамаглаж байна. Гэтэл манай хэрэгжүүлж буй арга хэмжээ есдүгээр сарыг хүртэл л хэрэгжихээр байгаа. Тэр үед төрөөс яг одоо хэрэгжүүлж байгаа шиг бодлогыг хэрэгжүүлэх чадамж байгаа юу гэвэл би үгүй л гэж хариулна. Яг одоогоос бэлтгэлээ хангах шаардлагатай. Бэлтгэл хангана гэдэг нь аль бизнесээ нээх, ямар нөхцөлд ажиллаж, стандарт дагах, мэдээллийг аль сувгаар яаж хүргэх үү зэрэг олон асуулт бий. Нэг талаас нь харахад Засгийн газрыг шүүмжлэхэд хэцүү. Давагдашгүй хүчин зүйл, тааварлах боломж байхгүй, эмнэл зүйн шинж тэмдэг, хэрхэн эдгээх вэ гэдгийг зөвхөн манайх ч бус дэлхий нийт олж чадаагүй байна шүү дээ. Гэхдээ үүнийг ч бас манай Засгийн газар анхаарах ёстой. Манай бодлого тогтоогчид ойрын үед сонгууль гээд өөр зүйлд л анхаараад байх шиг. Гэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөр эдгээрийг харсан л байх ёстой. Парламентын гишүүн болох гэж байгаа хэн нэгэн хүнд сорилтын цагт төр түшилцэх гэж байна. Хэрэгжүүлэх бодлогодоо коронавирус, түүнээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэлүүдийг тооцоолсон л байх ёстой.

Ойрын хэдэн жилд Засгийн газар хэмнэлттэй л байх ёстой. Маш хүнд цаг үе бидний өмнө ирж байна. Эдийн засгийн орчин сайн байхад хэмнэж чаддаггүй манайх шиг Засгийн газар дандаа л ийм хүнд байдалд ордог

-Эдийн засагчдын зүгээс төсөв тодотгох ёстой гээд байдаг гэтэл Сангийн сайдаас төсөв тодотгохгүй гэх байр суурь дээрээ хатуу зогсож байгаа. Ер нь төсвийг тодотгох ёстой юу?

-Төсвийг тодотгох ёстой үе нь мөн үү гэвэл мөн. Угаасаа хуулиараа ч ийм байгаа. Төсөв тодотгох шалтгаан нь урьдчилж харж чадахгүй, тооцоолох боломж­гүй, давагдашгүй хүчин зүйл тулгарсан тохиолдолд л тодотгох ёстой. Өмнөх Засгийн газрууд шаардлагагүй үед тодотгож байсан үүнийг нь эдийн засагчид шүүмжилж байсан, шаардлагагүй үед тодотголоо гэж. Гэлээ гээд тодотгох ёстой үед нь тодотгохгүй байж болохгүй л дээ. Ийм хэмжээний шокийг урьдчилан харж чадсан гэж би л хувьдаа бодохгүй байна. Ийм зүйл тохиолдоно гэдгийг аль ч улс олж хараагүй, тооцоолоогүй. Тийм ч учраас өндөр хөгжилтэй орнууд төсвийг тодотгож байгаа. Ийм цаг үед төсвийг яасан ч тодотгохгүй гэж байгаа нь өөрөө ямар ч утгагүй хэрэг. Эрүүл мэндийн салбарыг харахад ч тэр шаардлагатай, хэрэгцээтэй эмнэлгийн хэрэгсэл нэмэгдэх төлөв харагдаж байна. Тиймээс даруй тодотгох ёстой.

-Сангийн сайд өмнө нь төсөв тодотгох нь өөрөө эдийн засгийг хумьж байгаа хэрэг. Энэ хэцүү цаг үед агшиж байгаа эдийн засгийг агшаахгүйгээр төсвийн тэлэх бодлого баримтална гэж хэлж байлаа. Үүнийг та эдийн засагчийн хувьд тайлбарлаач?

-Төсвийн бодлого гэдэг хүнд сурталтай. Заавал УИХ-аар хэлэлцэж баталдаг. Олон сая татвар төлөгчдийн мөнгө байдаг учраас нарийн хяналттай байдаг зүйл. Эдийн засгаа тэлэх, төсвөө тодотгохгүй бодлого баримтална гэдэг байж боломгүй зүйл. Эдийн засаг тэлэх нь байтугай улам хумигдаж байгаа энэ цаг үед тэлэх бодлого баримталж таарахгүй. Нэг талаас нь харвал ийм зүйл болно гэдгийг дэлхий дээр ганцаараа олж харсан Монголын Засгийн газарт баяр хүргэмээр байна. Тэгтэл үүнийг нэг ч хүн олж харж, тогтоож чадаагүй шүү дээ. Үгүй гэвэл Засгийн газар хийх ёстой юм аа хийх л ёстой. Нэгэнт л тодотгохгүй гэсэн бол тодотгохгүй гээд зөрүүд хүүхэд асуудалд хандаж болохгүй. Үүнээс өмнөх Засгийн газар жилд гурван ч удаа тодотгож байлаа. Тэр үед бүх эдийн засагчид шүүмжилж байсан. Тухайн цаг үед урьдчилж харах боломжгүй, шок үүсгэх хэмжээний асуудал байгаагүй шүү дээ. Тэр үед урьдчилж харах боломжтой байхад тодотгол хийж л байлаа. Одоо бол байдал арай өөр байна. Засгийн газар гэдэг бол шидтэн биш. Эдийн засагт нөөц хязгаарлагдмал.

-Төсөв тодотгохгүй гэдгийн нөгөө талд парадокс болж байгаа зүйл нь гурван жил дараалж төлөх бондын өр төлбөр. 2021-2024 он хүртэл өр төлбөр төлөх энэ нөхцөлд эдийн засгийн тал дээр Засгийн ямар бодлого баримталбал зохих вэ?

-Ийм үед Засгийн газар ч бай, хувь хүн ч бай ялгаагүй хэмнэлт хийж, бүсээ чангалах л шаардлагатай болно. Хэрэв хуримтлуулж чадаагүй бол шүү дээ. Миний хувьд төсвөө тодотго гээд байгаагийн цаад шалтгаан нь бүтцийг өөрчлөх ёстой гэж бодож байгаатай холбоотой. Яг өнөөдөр зайлшгүй шаардлагатай биш бол зарим зардлаа тана. Хэрэгцээтэй байгаа салбараа тодорхойлоод түүндээ зарцуул гээд байгаа юм. Төсөв тодотго гэдгийг тодотголоороо нэмж зардал тусга гэсэн үг огт биш. Ойрын хэдэн жилд Засгийн газар хэмнэлттэй л байх ёстой. Маш хүнд цаг үе бидний өмнө ирж байна. Эдийн засгийн орчин сайн байхад хэмнэж чаддаггүй манайх шиг Засгийн газар дандаа л ийм хүнд байдалд ордог. Одоо ч гэсэн ийм нөхцөл байдалд орж байх шиг байна.

-Азийн хөгжлийн банк 2021-2024 онд  төлөх бондын өр төлбөр. Дээрээс нь корона­вирусээс шалтгаалсан эдийн засгийн хямрал Монгол Улсын эдийн засаг ойрын дөрвөн жилдээ хүнд байдалд орно гэсэн прогноз гаргасан байсан. Судлаач хүний хувьд үүнийг та хэрхэн харж байгаа вэ?

-Одоо ямар нэгэн тайлбар хэлэхэд эртдэх гээд байна. Жишээ нь дэлхийн эдийн засаг хэрхэх вэ, олон улсын нөхцөл байдал ямар байх вэ, бизнесүүд хэвийн болсны дараа ямар үр дүн хүлээж байгаа вэ гэдгийг бид нар хэлж мэдэхгүй шүү дээ. Манайх шиг гадна талдаа ч эрэлт муутай, дотооддоо ч үйлдвэрлэлгүй, орлого бага байвал маш хүнд л байдалд орж таарах байх. Бондын эхний өр төлбөрийг орлоготой байхад хийхэд бидэнд хүнд л тусаж байсан. Гэтэл байдал ийм байхад өр төлбөр төлнө гэдэг амаргүй.

-Эдийн засгаа сэргээх багц арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлсэн. Гэтэл тэр нь хэлбэрийн шинж чанартай, өөр улсад хэрэгжүүлж буй бодлогыг хуулаад хэрэгжүүлдэг учраас үр дүнгээ өгөхгүй гэж шүүмжлэх судлаачид их байна. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Миний хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хоорондоо авцалдаа, уялдаа муутай байна уу л гэж харж байгаа. Жишээлэхэд, Монгол Улс дотооддоо вирус тархаагүй. Эрүүл мэндийн яам­наас өгч буй мэдээллийг харахад ийм байгаа. Бүх тохиолдол нь зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол. Гаднаас орж ирсэн тохиолдлыг сайн хянаж байгаад эдгэх нь эдгээд гарч байна. Тэгэхээр бид нар дотооддоо вирусээ бүрэн хянаад байгаа юм байна. Хэрэв дотооддоо вирусээ алдаагүй юм бол яагаад эдийн засгаа хаагаад байгаа юм бэ гэх асуудал гарч ирнэ. Яагаад ард иргэд яагаад ажиллаж, орлого олж болохгүй гэж. Нөгөөтээгүүр одоо хэрэгжүүлж байгаа бодлого нэг л зүйл зангидагдах ёстой. Энэ вирус ингэж халддаг учраас ийм онцлогтой бизнесүүдийг ийм хугацаагаар хаалаа, эсвэл ийм шалтгааны улмаас нээлээ гэдэг ч юм уу. Гэтэл одоо хэрэгжүүлж буй арга хэмжээнд ийм тодорхой зүйл алга. Хэрэв үнэхээр дотооддоо алдаагүй бол хүмүүсийн үйл амьдралыг хэвийн болгох ёстой. Бизнесүүдийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор ханга. Харин мэдээллээ тодорхой өг гэж л хэлэх байна.

-Засгийн газраас эдийн засгаа дэмжих багц арга хэмжээ, бодлогоо тодорхойлохдоо эдийн засагчидтай уулзаж, санал солилцсон уу?

-Үгүй.

-....?

-Хэрэв нийтийг хамарсан халдварт өвчний үед Засгийн газар ямар арга хэмжээ авах, яавал хохирол багатай давах, яаж сэргийлэх, ороод ирвэл яах ёстой вэ гэдгээ хагас хугас тодорхойлоод хийгээд байх шиг харагдаж байна. Гэлээ гэхдээ эдийн засгийн талыг тэр чигт нь хаячихсан юм шиг харагдаж байгаа. Энэ олон хүн ийм удаан хугацаанд зүгээр гэртээ суугаад байж болохгүй.  Засгийн газар коронавирусний үед эдийн засагтаа ямар арга хэмжээ авах, алс хэтдээ ямар бодлого баримтлах вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Эхний удаад хөл хорьж, өндөр бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь ойлгомжтой. Бид энэ нөхцөлийг бүрдэнэ гэж таамаглаагүй байсан. Тиймээс болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хамгаалсан. Гэвч энэ байдал удаан үргэлжлэх юм бол эдийн засаг улам хүндэрнэ.

-Муугаар төсөөлье л дөө. Хэрэв Засгийн газар бодлогын алдаа гаргаад Монгол Улс хямралд орчих юм бол хэдий хэр хугацаанд эргэн сэргэх вэ?

-Би сүүлийн хоёр эдийн засгийн уналтыг ажиглаж судалгаа хийж байсан юм. Нэг нь 2009 оны хямрал, нөгөөх нь 2014, 2015 оны эдийн засгийн хямрал. Энэ хоёр эдийн засгийн уналт одоогийнхоос шалтгаан нь өөр. Монгол Улс дотооддоо тэлэх бодлого баримталж байхад гадна талд түүхий эдийн үнэ огцом унасан гол шалтгаантай. Энэ хоёр хямрал хоёулаа харьцангуй хурдан сэргэсэн. 2009 оны эдийн засгийн уналтын үед манай эдийн засаг жил хүрэхгүй хугацааны дотор сэргэсэн. Харин 2014, 2015 оны хямрал 1-2 жил үргэлжилсэн. Одоогийн нөхцөл байдлаас харахад дээрх хоёр хямрал шиг хурдан хугацаанд сэргэнэ гэхэд хэцүү. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон цар тахал, дээрээс нь гурван жил дараалж төлөх өр төлбөр гээд байдал хүнд байгаа. Магадгүй эдийн засгийн бүтэц үндсээрээ өөрчлөгдөж байж бид энэ хямралыг давж гарах байх. Гадаад эдийн засгийн нөхцөл байдал маш бүүдгэр байна. Эдийн засгийн нөхцөл байдал маш бүрхэг байна. Хэвийн байдалд чухам  хэзээ орохыг ямар ч эдийн засагч хэлж мэдэхгүй байна.

-2020-2024 оны сонгуулиар бүрдэх парламент их сорилтын өмнө бүрдэх УИХ болох нь. Сорилттой тулгарч байгаа энэ парламент эдийн засагтаа чухам ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Ер нь цаашид хүндээ суурилсан, хүндээ найдсан бодлого л баримтлах ёстой. Өнөөдөр ч гэсэн та бүхэн харж байгаа шүү дээ. Халдвар дотооддоо тархахгүй байгаагийн гол шалтгаан нь ард иргэдийн ухамсартай холбоотой. Хүмүүс өөртөө анхаарал тавьж байна, гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлыг сахиж байна. Хэрэв олон нийт хайхрамжгүй, Засгийн газрын шийдвэрийг сахихгүй байсан бол мянга хааж боох арга хэмжээ авсан ч үр дүн гарахгүй. Үүнээс Засгийн газар ч, бодлого боловсруулагчид ч, УИХ-ын гишүүд ч нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монгол хүн маш ухамсартай, хариуцлагатай гэдгийг. Ийм хүмүүст итгэж, найдаж болох юм гэдгийг л сурах хэрэгтэй. Тиймээс дараа, дараагийн жилүүдэд эдийн засагт төрийн оролцоог хумих, аль болох иргэд рүү чиглэсэн, иргэндээ эрх чөлөө олгох, иргэдэд чиглэсэн хүнд суртлыг багасгах чиглэлд л анхаарах юм бол амжилтад хүрнэ. Ер нь яг ийм мессежийг коронавирусний халдвар дэлхий дахины Засгийн газруудад өгсөн байх.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрийн эзэгтэй(64.119.23.86) 2020 оны 05 сарын 07

Google translate-ээр орчуулсан юм шиг, утга агуулга нь зөрчилдсөн зүйл их байна. Анхаараарай.

0  |  0
Top